Мянганы сорилтын сангаас төмөр замд 188,38 сая ам.доллар зарцуулна

Улсын Засгийн газартай байгуулах 285 сая орчим ам.долларын ерөнхий гэрээний саналыг батлаад байгаа билээ. Уг ерөнхий гэрээнд төмөр зам, өмчлөх эрх, мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн гол салбарт анхаарлаа хандуулж, үүн дотроо Монголын эдийн засгийн гол тулгуур болох төмөр замын сүлжээний үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай тусгасан байна. Мянганы сорилтын сан нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдан Удирдах зөвлөлөө сонгоод саяхнаас ажлынхаа бэлтгэлд оржээ. Тус сан нь таван жилийн хугацаанд дээрх төслүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явуулах юм. Одоогоор төсөл хэрэгжүүлэх таван нэгж байгуулагдаж захирлууд нь томилогдон, ажиллах багаа бүрдүүлэх юм байна. Энэ сараас эхлэн төслийн тендерээ зарласан бөгөөд ирэх долдугаар сард бэлтгэл ажил нь дуусч үндсэн ажилдаа орохоор төлөвлөөд байгаа аж.
Төсөлд зарцуулагдах 285 сая ам.долларын дийлэнх хувь нь 188,38 сая ам.доллар нь төмөр замын төсөлд зарцуулахаар тусгагдаад байгаа. Монголын эдийн засгийн хувьд ачаа тээвэрлэлтийн хамгийн гол хэрэгсэл нь төмөр зам. Хуучирсан дэд бүтэц, тоног төхөөрөмж, арга барилтай өнөөгийн систем нь төмөр замын үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Энэ нь инфляцид нэрмээс болж, дотоод болон гадаад худалдааны өсөлтийг хязгаарлах болсон нь улсын эдийн засагт ноцтой саад учруулдаг. Энэ байдлыг өөрчилж, удирдлагын арга барилыг шинэчлэх, санхүүгийн ил тод байдал тогтоох, төмөр замын системийн арилжааны харилцаанд оруулахад дээрх төсвийг зарцуулах юм байна. Харин өмчлөх эрхийн төсөлд 23,06 сая ам.доллар зарцуулахаар болж үүгээрээ газар өмчлөх эрхийг олж авах, хот орчмын бэлчээрийн газрыг удаан хугацаагаар түрээслэх тогтолцоог бий болгож, бэлчээр болон мал сүргийн менежментийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа явуулах зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ мэтчилэн мэргэжлийн боловсролын төсөлд 25,51 сая ам.доллар, эрүүл мэндийн төсөлд 17,03 сая ам.доллар тусгагджээ.
дугаар 096/116/