Мэдрэмж буюу эмгэнэл

Харин манай орны хамаг л хүн өмнөд хөршөөдөө зорчиж, бэлтэй хөрөнгөтэй нь аялж жуулчилж, тэрнээс наагуурх нь хилийн боомтоос нь хүнсний бараа зөөж байхад бид энэ талаар ямар мэдрэмжтэй байна вэ. БНХАУ-д Энтеровирус-71 гэдэг өвчин гарлаа, арав гаруй хүүхэд өвчиллөө гэсэн мэдээлэл интернэтэд анх гараад ирэхэд манай зарим хэвлэлүүд шууд аваад тавьж байсан. Энэ бол тавдугаарсарын 6-н байлаа.
Маргааш нөгөөдөр нь энэ өвчний халдвар газар аваад, БНХАУ-тай хил залгадаг ОХУ-ын ЭМЯ түргэн авч, Хятадтай хил залгадаг орон нутагтаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад, БНХАУ-ын ЭМЯ-тай холбогдоод өвчний гарал үүсэл, тархалт, эмчилгээ, эдгэрэлтийн байдал зэргийн талаар байнгын холбоо тогтоогоод ажиллаж эхэлсэн. Гэтэл манай Засгийн газар, ЭМЯ таг чиг л сууж байлаа. Яг энэ өвчин гарлаа гээд интернэтэд мэдээлсний маргааш өглөө Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ хатаггайтай утсаар холбогдох гэхэд таг чиг байсан.
ЭМЯ-ны газрын дарга, бусад албатууд нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Гурав хоног өнгөрсний дараа арай гэж сайд Б.Батсэрээдэнэтэй холбоо барихад Бид сэрэмжлүүлэг гаргаад байгаа гэж хариулаад утасаа тасалсан юм. Яг тэр үед байдал ямар байсан бэ гэвэл өвчний тархалт Хятад улсын хувьд хяналтаас гарчихаад нийслэл Бээжин хотод нь орж ирээд байсан.
Хятадын эрх баригчид энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрчимтэй эмчилгээний ямар ч эм тариа, вакцин нээж олоогүй байгаагаа илэрхийлж, ДЭМБ-аас тусламж хүсч байлаа. Энэ үед Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ ямарч мэдээлэлгүй сууж, дэд сайд Ж.Цолмон нь Хөвсгөл аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийгээд явж байсан. Өвчний талаар хэвлэл мэдэллийн хэрэгслүүд шуугиад бусад орнууд ч яриад эхлэхээр манай ЭМЯ-ныхан сая сэхээ авч ярьсан.
Тэгээд л бараг маргаашаас нь манайд тэр өвчин гарч эхэлсэн. Гэтэл манай ЭМЯ-ныхан энэ мөчөөс л мэдээлэл цацаж эхэлсэн. Улаанбаатар хотын ЭМГ-ын дарга Ганхүү хатагтай Энэ өвчин тав хоноод л эдгэрдэг өвчин. Хүмүүс айж сандрах хэрэггүй. Манай эмч нар бүрэн эдгэрүүлж чадна гэж телевиз бүхнээр ярьж байлаа. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ өвчлөгсдийн тоог ямагт дарж цөөн болгон хэлж байлаа. Доод ажилтнууд нь манайд энэ өвчнөөр 451 хүүхэд өвчлөөд байна гэж байхад сайд хатагтай 350 хүн өвчилсөн гэж хэлж байсан. Үнэхээр манай эрх баригчид, сайд дарга нарын тархи оюун ухаан зөвхөн УИХ-ын сонгуульд ялахад чиглээд өөр зүйлийг, өөрөөр хэлбэл үндсэн үүргээ бодох сөхөөгүй болжээ.
Дахиад нэг жишээ.
Саяхан Оросын бараг бүхий л хэвлэлүүд Монголын нутгаас 30 мянга, цаашдаа 100 орчим мянган цагаан зээр өвс тэжээл, ус ундгүй болсноос Оросын хилд орох гээд байна, яг хил дээр тулчихаад байна, ОХУ-ын Холбооны аюулгүйн алба хилээ нээх үү яах вэ гэдгээ хэлэлцэх гэж байна гээд шуугив. ОХУ-ын БОЯ, Байгаль орчны хяналтын газар нь аль хэдийнэ арга хэмжээ аваад Чита орчмын байгаль орчны хяналтын газар, Даура орчмын дархан цаазтай газрын удирдлагууддаа үүрэг өгөөд тэд нь тэр олон мянган зээрийг нутагтаа оруулах, ороод ирэхээр нь хаана нутагшуулах, эмчлэх тэжээх тэнхрүүлэх арга хэмжээ авахаар зохион байгуулалтын арга хэмжээ аваад эхэлчихэж.
Улаан номд орчихсон энэ амьтан иймдээ тулж байгаа юм бол манайхан яаж байгаа бол гээд Хил хамгаалах ерөнхий газар, БОЯ гээд холбогдох газруудтай нь холбоо барьсан чинь мэдэх хүн нэг ч олдсонгүй. Бүгд эзгүй. Дэд сайдтай нь холбоо барихаар өөдөөс Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна аа гээд утсаа салгаж байна. Яг энэ асуудлыг хариуцдаг албаны хүн гэх Энхбат гээч нь бас л бид ямар ч мэдээлэлгүй байна. Асуугаад тодруулъя гэж сууна. Чухам л нөгөө Ардын элч кинон дээр Тайван амгалан байцгаа. Үүнийг магадалъя гэдэг шиг.
Үнэхээр манай, одоо энэ С.Баярын, МАХН-ын Засгийн газар энэ Монгол Улсын аж амьдрал, эдийн засгийг хяналтаасаа алдчихжээ. Тэдний хувьд ирэх зургадугаар сарын сүүлчээр болох УИХ-ын сонгуулиас өөр бодох зүйлгүй болж. Сайд нэр зүүсэн хэдэн авлигач нь сонгуулийн сурталчилгаа хийгээд тал тал тийшээ алга болсон. Нэг хэсэгтээ ганцаараа зүтгэж байсан Ерөнхий сайд С.Баяр нь өнөөдөр Намаа сонгуульд ялуулах ганц зорилгоо биелүүлэх гээд бараа бүтээгдэхүүний үнэ, ард түмний амьдрал бүхнийг тавиад туучихсан сууж байдаг.
Одоо энэ төр, Засгийн газрын хувьд хамгийн гол зүйл бол яаж ийж байгаад сонгуулийг л нэг их хэл амгүй угтах, Эрх баригчид МАХН-ын гишүүд, коммунистуудын хувьд УИХ нь хаврын чуулганаараа их л олон хууль баталсан болж харагдах, хамгийн гол нь хуралдахдаа ч биш телевиз сонинд зураг хөргөө гаргах чухал байгаа. Засгийн газар нь сонгууль өнгөртөл ямар ч үнээр хамаагүй гурил талхны үнийг хамгийн доод төвшинд барих л чухал байна.
МАХН сонгуульд ялчихвал сонгуулийн маргааш нь юу ч болсон хамаагүй бололтой. Өнөөгийн энэ, С.Баярын Засгийн газар бол сонгуульд ялах, зөөлөн суудалд дахин суухаа л бодохоос биш энэ улс орон, ард түмний төлөө юу ч бодохоо больж хамаг мэдрэмж, эрх үүргээ алдчихаад байгаа юм байна.
Х.Өлзий
Дугаар 98/417/