Оросын шинэ Ерөнхийлөгч Монголд айлчлахаа амлалаа

Уулзалтын эхэнд орос хэл, утга зохиолыг Монголд дэлгэрүүлэх, хоёр орны найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулж хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг А.С.Пушкиний нэрэмжит медалиар шагнасныг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев гардуулсан юм.
Тэрбээр Орос хэл, оросын утга зохиолыг нэвтэрхий мэддэг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд нэр хүндтэй шагнал гардуулсандаа баяртай байна гээд хоёр орны нийгэм эдийн засгийн харилцаа эрчимжин, ирэх жил гэхэд худалдааны эргэлт нэг тэрбум долларт хүрнэ гэдэгт итгэж байна гэсэн юм. Шагнал гардуулах ёслолын дараа хоёр талын уулзалт болсон байна. Уулзалт ярианы эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны харилцаа түүхэн уламжлалтай бөгөөд стратегийн түншлэлийн төвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ба дээд хэмжээний айлчлал, хэлэлцээ тогтмолжин идэвхжих нь хамтын ажиллагааны хөгжилд чухал хүчин зүйл болно гэв. Хил орчмын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн, Наушки, Хиагтад чөлөөт бүсийг байгуулснаар одоо байгаа 750 сая долларын худалдааны эргэлтийн хэмжээг энэ оны сүүлч гэхэд нэг тэрбум долларт хүргэх боломжтой болохыг ярилаа.
Түүнчлэн хоёр улс Монгол төмөр зам болон Эрдэнэт зэрэг хамтарсан үйлдвэрүүдээр дамжуулан, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, энэ чиглэлийн эрхзүйн орчныг цаг үе, хөгжлийн өнөөгийн төвшинд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгааг ярив. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн ивээл дор Монгол-Оросын бизнес форумыг зохион байгуулснаа тэмдэглээд уул уурхай, ашигт малтмалын салбарт харилцан ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эрхзүйн орчныг бүрдүүлэх, улаан буудай, бензин зэрэг бүтээгдэхүүний үнийг оросын дотоодын зах зээлийн хэмжээнд үргэлжлүүлэн барих, эдийн засаг, худалдааны харилцаагаа бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх, тэр дундаа БНКазУ-тай хамтран дэд бүтцийн салбарт хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн Монгол, Орос Улс нь Евро-Азийн орнууд болохын хувьд цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас үүдэн гарч байгаа байгаль экологийн тэнцвэрийн алдагдал, усны хомсдол болон гамшгийн эсрэг хамтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг болоод байна гэв. Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халх голын дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Ерөнхийлөгч Д.А.Медведев хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх туршлага, боломж бидэнд хангалттай байна гээд усны хомсдол, байгаль экологийн тэнцвэрийн алдагдлын эсрэг хамтран ажиллах, энэ чиглэлээр бүс нутгийн дээд хэмжэний уулзалт зохион байгуулахыг дэмжихээ илэрхийлэв. Тэрбээр Халх голын ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол Улсад айлчлах саналыг дэмжлээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Дугаар 111/2398/