Амь үрэгдэгсэд 50 мянгаас давж мэднэ

Синьхуа агентлаг байгалийн гамшгийн уршгийг арилгах штабынхны хэлснийг эш татан өчигдөр энэ урьдчилсан тоо баримтыг дурьджээ.
Одоогийн байдлаар 19,5 мянга гаруй хүн амь үрэгдсэнийг албан ёсоор нотлоод байгаа юм. Нурсан байшин барилгын нуранги дор 25 мянга гаруй хүн байгааг мэдээлж, бас 14 мянган хүн сураггүйд тооцогдож байна. Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн голомтод байсан уулын хүрч очиход хэцүү Вэньчуань гацаанд амь үрэгдсэн хүмүүс энэ тоонд ороогүй байгаа юм. 105 мянган хүн аж төрдөг энэ нутгийн суурингууд хэрэг дээрээ бүрэн нурсан бөгөөд тэнд цөөхөн тооны аврагчид очиж, нурангийг ухах ажилд дөнгөж орж, олон зуун хүн амь үрэгдсэнийг нотолсон байна.
600 ХҮНИЙГ АМЬДААР НЬ ГАРГАЖ АВЧЭЭ
Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид болсон сүйтгэлт газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн хотуудын нэг болох Бэйчуань хотод байшин барилгын нуранги дороос наад зах нь 600 хүнийг амьдаар нь гаргаж авчээ. Бэйчуанийн өөртөө засах гацаанд үндэсний цөөнхүүдийн төлөөлөгчид болох цянчууд голдуу суудаг юм. Газар хөдлөлтөөс өмнө гацааны ижил нэртэй төвд 30 мянга орчим хүн сууж байжээ. Одоо хуучин хорооллуудын байшин барилгын 80 хүртэл хувь нь эвдэрч, орчин үеийн барилгуудаас 40 орчим хувь нь бүтэн үлдсэн байна. Бусад нь бүрэн нурсан гэж Синьхуа агентлаг уламжилжээ. Урьдчилан тооцоолсноор, Бэйчуань хотод 5000 орчим хүн амь үрэгдэж, бас 10 мянган оршин суугч янз бүрийн байдлаар бэртэж гэмтсэн байна.
НУРАНГИ ДОР БАЙХДАА ДУУЛЖ БАЙЖЭЭ
Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн дараа нурангид даруулсан охин ангийн хүүхдийн хамт дуу дуулж байжээ. Сычуань мужийн Мяньян хотын Беичуан нэгдүгээр дунд сургуулийн барилгын нуранги дороос баасан гарагийн байдлаар 360 хүүхдийг эсэн мэнд гарган авчээ. Эдгээр хүүхдүүдийн дунд 16 настай Ли Аннинг охин байсан аж. Нуранги дор 700 гаруй хүүхэд одоог хүртэл гацсан байгаа гэнэ. Зургаан давхар сургуулийн барилгын нуранги дороос аврах багийн цэргүүд Ли охиныг бараг 40 цагийн дараа гаргаж авчээ. Сурагчид газарзүйн хичээлд сууж байх үеэр газар хөдлөлт болсон. Дөрөвдүгээр давхарт байдаг манай анги гэнэт чичирхийлж эхэлсэн. Үүний дараа бүх давхрууд нурсан. Бүдэг гэрэлд цагаан цамцтай манай ангийн хөвгүүн Ли Юанфен ойролцоо хэвтэж байгааг харан гараас нь татан түүнийг дуудсан боловч тэр надад хариу өгөөгүй. Би түүний гарыг барихад эхэндээ дулаан байгааг мэдэрч байсан ч дараа нь гар нь хүйтэн болсон гэж охин хэлжээ. Ли охин хөдлөх боломжгүй байсан тул ангийнхаа хүүхдүүдийн нэрийг нэг нэгээр нь дуудсан аж. Түүний ойролцоо гурван найз охин нь байсан ч тэдэнд хүрэх боломжгүй байжээ. 10 цаг гаруйн дараа өөр нэг сурагч чимээ өгөн тэд хоорондоо ярилцаж эхэлжээ. Нурангид гацсан хүүхдүүд тэднийг аврах хүртэл орчин үеийн поп дуу дуулжээ. Хэн эхэлж дуулсныг би санахгүй байна гэж Ли охин ярьжээ. Өнгөрсөн даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас нурсан сургуулийн барилгын нуранги дор 1000 гаруй багш, сурагчид дарагдсан гэж аврах ажиллагааны багийнхан мэдэгджээ. БНХАУ-ын эрх баригчид Сычуань мужид хүчтэй газар хөдлөлтөөс болоод маш олон сургуулийн байшин нурсан шалтгааныг мөрдөн шалгаж эхлэхээр шийдвэрлэжээ. Хэрвээ эдгээр сургуулийн байшин бүтцэд алдаа гарснаас болсон бол, хариуцах хүмүүсийг хуулийн дагуу ямарваа өршөөлгүйгээр шийтгэнэ гэж БНХАУ-ын Боловсролын яамны төлөөлөгч мэдэгджээ. Газар хөдлөлийн уршгийг арилгахаар Сычуань мужид ирсэн аврагчид одоо олон сурагч нуранги дор нь байгаа нурсан сургуулиудад голлон ажиллаж байна.
ГАДААДЫН ЖУУЛЧИД ГАРЧЭЭ
Хүчтэй газар хөдлөлт болсон Хятадын нутгаас гадаадын 33 жуулчин эсэн мэнд гарлаа гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн дараа гадаад орчинтой холбоо тасарсан жуулчдын дотор британичууд, мөн АНУ, Францын иргэд байв. Тэд Хятадад томоохонд орох хулсны баавгайн үржүүлгийн газар байдаг Улуны байгалийн дархан цаазат нутгийг үзэж байжээ. Жуулчдыг Сычуань мужийн захиргааны төв Чэндуд цэргийн нисдэг тэргээр хүргэв.
АВРАХ АЖИЛД 90 НИСДЭГ ТЭРЭГ НЭМЖ ДАЙЧИЛНА
Хятадын баруун өмнөд нутагт хөнөөлт газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутагт хэдийнэ ажиллаж байгаа 20 нисдэг тэрэг, 150 нисэх онгоц дээр бас 90 нисдэг тэрэг нэмж дайчилна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао ийм захирамж гаргасныг Синьхуа агентлаг мэдээллээ. Аврах ажлын явцыг удирлаж байгаа Ерөнхий сайдын захирамжаар, 60 нисдэг тэргийг цэргийнхэн, үлдсэнийг нь БНХАУ-ын иргэний агаарын тээврийнхэн олгох ажээ. Байгалийн гамшигт нийтдээ Сычуань мужийн 40 хошуу, район нэрвэгджээ. Мужийн 20 сая хүний тэн хагас орчим нь нэрвэгдсэн байна. Газар хөдлөлтөд Сычуань төдийгүй, бас Ганьсу, Шэньси муж, төвд харьяалагддаг Чунцин хот нэрвэгджээ.
СИНГАПУРЫН АВРАГЧИД ТУСАЛЖ ЭХЭЛЛЭЭ
Газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн байж болзошгүй Хятадын Сычуань муж руу Сингапур улсаас 55 хүний бүрэлдэхүүнтэй газар хөдлөлтөд өртөгсдийг аврах багаа илгээжээ. Сингапурын ГХЯ-наас мэдээлснээр, Сингапур Хятадад туслахыг хүсэн аврах багаа өчигдөр Сычуанийн Ченду руу илгээжээ. Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, даваа гарагийн 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтөөс хойш одоогийн байдлаар ойролцоогоор 20 мянган хүн амь үрэгдсэн нь тогтоогдсон, амь үрэгдэгсдийн тоо 50 мянгаас ч давж мэднэ. Учир нь аврагчдын очоогүй газарт 25 мянган хүн барилгын нурангид дараатай байгаа гэж таамаглаж байгаа аж.
Дугаар 111/2398/