С.Баяр, Ц.Элбэгдорж нар сонгуулийн штабаа даргална

БАГА ХУРЛЫН ТОВ ТОДОРЧЭЭ
МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж аль нэгэн хүчинтэй эвсэж, нэгдэхгүй дангаараа оролцохоор болж СЕХ-д хүсэлтээ хүргүүлсэн байна. Харин нэр дэвшигчдээ энэ сарын 30-нд хуралдах намын Бага хурлаар хэлэлцэн батламжлах гэнэ.
Түүнээс өмнө Удирдах зөвлөлийн хурлаар судлагаагаар хэн хамгийн өндөр үнэлгээ авсныг нь нягталж үзэхийн зэрэгцээ ялалт байгуулах магадлалтай гэсэн гишүүдийнхээ нэрсийг Бага хуралд өргөн барихаар болсон байна. Сонгуулийн комиссын даргаар Ерөнхий сайд С.Баяр, ерөнхий менежерээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Отгонбаяр ажиллах ажээ.
АН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭЦЭСЛЭН БАТЛАВ
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болж сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Тус хороо нь 230 гишүүнтэй ч ирц 80 орчим хувьтай байв. УИХ-ын сонгуульд АН бие даан оролцохыг гишүүдийн олонхи дэмжиж өнөөдөр СЕХ-д албан ёсоор мэдэгдэхээр болсон аж.
Сонгуулийн штабыг намын дарга Ц.Элбэгдорж толгойлж, нарийн бичгийн даргаар Улс төрийн боловсролын академийн захирал Д.Ганбатыг ажиллах болсон байна. Мөн хурлаар ҮЗХ-нд шинээр элсч байгаа 13 гишүүний бүрэн эрхийг баталжилж, Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн баталж, удахгүй олон нийтэд дэлгэх гэнэ. Энэ хөтөлбөртөө эртнээс сурталчилж эхэлсэн АН-аас ойрын 10 жилд баримтлах арван зөв бодлогоо тусгасан аж. Нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх ёстой учир улс төрийн хүчнүүд ийнхүү яаравчлан чуулж, шийдвэрээ эцэслэн гаргаж байна. Харин намууд ямар морьдоо сойхоо энэ сард багтаан тодруулж зарлах юм.
Дугаар 096 /469/
Д.Ану