А.Энхбат 30 мянган цагаан зээрийг Оросын тал бэлчээр, устай газар руу оруулна гэсэн

БОЯ-ны тогтвортой хөгжил стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Энхбатаас энэ талаар тодрууллаа.
-Цагаан зээртэй холбоотой мэдээлэл хэдийд ирсэн бэ?
-ОХУ-ын хилээр их хэмжээний цагаан зээр дамжиж орсон тухай мэдээллийг энэ сарын 15-ны өглөө авсан. Гэхдээ энэ мэдээлэл үндсэндээ гадаад эх үүсвэрээс буюу Оросын талын веб хуудсанд гарснаас мэдсэн.
-Тэгээд ямар арга хэмжээ авч учраас байна вэ?
-Ингээд бид орон нутгийн удирдлагатай холбоо барьсан. Дорнодод манай байгаль орчин хамгаалах алба байна. Мөн Дорнодын зарим газарт манай тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ч гэж бий. Бас Даурын дархан цаазат газар Чойбалсанд байдаг л даа.
-Та нар ийм мэдээлэл аваад шуурхай арга хэмжээ авсан юм уу?
-Дэлхийн байгаль хамгаалах сан, БОЯ хамтраад ШУ-ны академич, судлаач газар дээр нь ажиллуулахаар явууллаа.
-Судлаачид юуг анхаарч ажиллах вэ?
-Цагаан зээрийн байршил, тархалт хөдөлгөөн ямар байгаад тандалт судалгааны ажил хийнэ. Мөн аймгийн төвөөс байгаль хамгаалагчдыг тийш очиж байдалтай танилц гэсэн. Хариу аваагүй л байна. Аймгаас байгаль орчны мэргэжилтнүүд ч явуулсан.
-Яг аль газарт тэр олон зээр бөөгнөрсөн байсан юм бол?
-ОХУ-ын хил дээр буюу Эрээнцав, Чулуунхороот сумаас баруун тийш Даурын дархан цаазат эх газрын хилийн гадна талд гээд байгаа юм. Харин Бидний авсан мэдээллээр тусгай хамгаалалттай газрын захиргаа хилийн цаадах Даурын тусгай хамгаалалттай газраас И-мейл ирсэн. Тэд И-мэйлдээ Энэ сарын 15-ны өдөр Чулуунхороотын орчим улсын хилээр 30 орчим мянган цагаан зээр орсон. Орсон шалтгаан нь Монголын тал нутаг өвс ургамал багатай, хавар нь гандуу тарчиг усгүй байгаа. Тиймээс Оросын тал бэлчээр сайтай задгай ус ихтэй учраас хил дээр тулж очсон гэсэн. Ер нь, нүүдлийн амьтны шилжилт хөдөлгөөнд ямар нэгэн саад тотгор гэж байх ёсгүй. Гэтэл хойд хил маань хаалттай учраас тулаад ирсэн байж. Тэгээд Оросын тал холбогдох дээд байгууллагатай яриад эдгээр амьтныг бололцоотой, бэлчээртэй газар оруулъя гээд хилээ онгойлгож оруулсан.
-Хил онгойлгоод оруулсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Монгол, Оросын хилийн дундах зааг гэж бий. Манай хилийн хашаа аль нэг газраараа цоорхой байсан байх нь. Манай хилийн цэргийн байгууллагаас энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Энэ нь Монголын хилтэй харилцсан асуудал биш учраас манай талаас зөвшөөрөл авах юм уу, манайд мэдээлэхийг хүсээгүй юм шиг байна.
-Тэгээд хэнээс зөвшөөрөл авна гэж?
-Үүнийг тусгай хамгаалалттай газрын амьтныг хамгаалдаг, сүрэгжүүлдэг, TOO толгойг тогтвортой байлгах хүлээсэн үүргийнхээ дагуу эдгээр амьтныг чөлөөтэй орж ирж, ус бэлчээрээр хангая гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр бид нарийвчилсан мэдээллийг удахгүй авах байх. Ямар газраар орсон, хилийн мэдээг судлаач, мэргэжилтнүүд мэдээлэх болно. Мөн цаад орны бэлчээрийн байдлыг тандан судалж, манайх хэдийд өвс ургамал боломжийн хэмжээнд ургах вэ, эргээд энэ амьтдыг нутагшаад оруулаад ирэх бололцоог судална. Мөн тэр хавьд өөр цагаан зээрийн ямар бөөгнөрөл болон их хэмжээний сүрэг хаагуур байна вэ гэдэгт тандалт хийх болж байгаа юм.
-Эндээс хэдэн хүн судалгаа хийхээр явсан юм бэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сан, Шинжлэх ухааны академи зэргээс тус тус нэг хүн явсан.
-Манай улсын аль нутгаар цагаан зээр элбэг байдаг вэ?
-Цагаан зээрийн гол нутаг бол Дорнод, Сүхбаатар, Хэнтийн урд тал, Дорноговийн зүүн тал буюу төмөр замаас зүүн тийш гэсэн үг. Энэ нь манай улсын цагаан зээрийн байршилтай нутаг. Манайд гурван сая орчим цагаан зээр бий гэсэн тооцоог гурван жилийн өмнө гаргасан.
-Ер нь, жил ирэх тусам зээр цөөрч байна уу. Эсвэл саяын болсон явдал шиг нутгаа орхин бэлчээр устай газар хайх болов уу?
-Цагаан зээрийг 2001 он хүртэл үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж ирсэн. Тодруулбал, цэргийн хоолонд хэрэглэдэг байлаа. Тэгээд ч тоо толгой нь цөөрсөн, хээрийн түймэрт ихээр өртөх болсон. Ингээд үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон л доо.
-Тэгвэл ямар зөвшөөрлөөр агнахыг хориглодоггүй хэрэг вэ?
-Орон нутгийн удирдлагуудад өөрсдийнх нь хүнсэнд зориулж 500 толгой цагаан зээр ашиглахыг зөвшөөрсөн. Нэг жилд 500 толгой гэдэг чинь бага тоо биш. Зээрийн тоо толгой сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байгаа.
-Гэхдээ зөвшөөрлөөр агнадаг байж болох л доо. Гэвч хулгайгаар агнах нь хэрээс хэтэрч байгаа шүү дээ?
-Хулгайн ангийн асуудлыг хязгаарлаж байгаа. Өнгөрсөн жилийн аравдугаар сард гарсан Засгийн газрын шийдвэрээр цагаан зээрийн ясан эврийг гадаадад гаргахыг хориглосон. Түүхий эдийн захуудад хятадууд цагаан зээрийн ясан эвэр авна гэж зарлуулдаг байлаа. Ингээд зөвшөөрөл өгөөгүй байхад л зах дээр зээрийн эвэр цуглаад байсан юм. Тиймээс бугын, зээрийн ясан эврийг гадаадад гаргахыг хориглосон. Ингэснээр хулгайгаар агнахыг ч цэгцэлсэн дээ. Иймэрхүү байдлаар цагаан зээрийг хамгаалах талаар төрийн бодлогын зохицуулалт хийж байгаа.
Х.Солонго
Дугаар 98/417/