Очирваань-ийг Гандантэгчэнлинд зална

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж өндөрлөх үйл ажиллагааг Монголын буддын шашны төв, Монголын буддын шашны их сургууль хамтран зохион байгуулж байна. Харин хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Их хөлгөний уламжлалыг хадгалах Махаяана төв зэрэг нийт 10 байгууллага оролцож байгаа ажээ. Эдгээр өдрүүдийн томоохон үйл ажиллагааны нэг нь буддын шашинт 12 орны 50 орчим төлөөлөгч оролцсон Өнөөгийн Монголын буддын шашны хөгжил ба ирээдүй сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байгаа юм. Тус хуралд олон улс төдийгүй хөдөө орон нутгийн ловон лам нар оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хурлын үйл ажиллагааг нээж үг хэлэх юм байна. Уг хурлын нээлт нь соёлын төв өргөөнд нээлтээ хийгээд дараа нь Чингис зочид буудалд үргэлжлэн явагдах юм байна. Орон орноос ирсэн эрдэмтэд өөр, өөрийн санал бодлыг солилцох бөгөөд тэнд тавьсан илтгэлүүдээр ном бүтээх гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарилгаар Очирваань шүтээнийг бүтээж, түүнийг залах ёслолыг Гандантэгчэнлин хийдэд үйлдэнэ. Харин ёслолын үйл ажиллагааг Монгол бөхийн өргөөнд үйлдэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийтдээ 200 лам оролцох юм байна. Энэхүү ёслолын үеэр Бакула Ринбүчигийн залбирлын шүлгийг гандан хийдийн лам нар сүсэгтэн олонд уншиж хүргэх гэнэ.
Мөн үеэр Бакула багш Монголд гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдэх юм байна. Бурхан багшийн их дүйчин өдөр Бакула Ринбүчийн төрсөн өдөр хоёр давхацдаг бөгөөд энэ жилийн хувьд манай бурхан шашны төвийн тэргүүн ихээхэн ач холбогдол өгнө гэдгээ мэдэгдлээ. Бакула ньтэдний бурхан номын багш төдийгүй Монгол Улсад бурхан шашныг дэлгэрүүлэхэд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулсан хүн хэмээн тэд хэллээ. Бакула нь Монгол Улсад 10 жилийн туршид Элчин сайдын албыг нугалахдаа Монгол-Энэтхэгийн найрамдалт харилцааг хөгжүүлэх, Монголын уламжлалт үндэсний харилцааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн гэнэ.
Мөн Монголд амьдрах үеэрээ 21 аймгаар аялан сүсэгтэн олонтой уулзаж, сүм хийдийг сэргээх үйлсэд гар бие оролцож явжээ. Түүнийг бурхан болсны дараа чандраас нь Монголд залж авчран суварга босгосон байна. Энэ хүний дурсгалыг мөнхжүүлэх ажлыг амжилттай өрнүүлж, түүний тухай кино, дуу зэргийг нийтэд үзүүлэх гэнэ. Эдгээр зүйлстэй зэрэгцэн Гандантэгчэнлин хийдийн залуу хуваргууд болон Шашны сургуулийн төлөөллүүд бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бакулагийн сүүдэр тохиосны өдөрт зориулан ариун сэтгэл, буяны үйлийг бүтээхээр зорьжээ. Тус арга хэмжээнд Туул голын сав газрыг цэвэрлэх, Монголын буддын шашинт оюутны холбооны зүгээс нийслэлд хоггүй нэг өдрийн аяныг зохион байгуулах, танин мэдэхүйн чиглэлээр арга хэмжээ зэргийг зохион байгуулах гэнэ.
С.Ууган
Дугаар 111/2398/