Жижиг, дунд үйлдвэр, хоршоод цэцэглэжээ

Бүс нутгийн эдийн засгийн хөгжил хөтөлбөр нь 2006 онд эхэлсэн ба 2014 он хүртэл үргэлжлэх юм байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Дархан-Уул,Орхон, Завхан аймгуудад чиглэсэн ба бүс нутгуудад үйлдвэрлэл эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжих, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн байна. Манай орны хувьд зөвхөн дээрх гурван аймгийг Герман, Монгол Улсын Засгийн газрын хүрээнд нэлээд эртнээс ярилцсаны үр дүнд сонгож төслөө хэрэгжүүлж буй гэнэ.
Төсөл хэрэгжсэнээр орон нутагт ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэж орон нутгаас ирсэн төлөөлөгчид сэтгэл хангалуунаар хэлж байсан. Бүс нутгийн эдийн засгийн хөгжил хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Иоханнес Вон хөтөлбөрөө танилцуулахдаа, нэмүү өртгийн сүлжээнд хамрагдаж буй жижиг дунд үйлдвэр, хоршоо ба мэргэжлийн бизнес үйлчилгээний байгууллагуудад бизнес хөгжлийн үйлчилгээний зах зээлийг бий болгоход чиглэгдэж байгааг хэлсэн. Манай оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин нөлөөлөл их байгаа. Шударга цэвэр өрсөлдөөний тухай хууль үгүйлэгдэж байна. Энэ бүхнээс гадна хамгийн гол нь төрийн үйлчилгээ, тэр дундаа эрх мэдэлтнүүдийн хүнд суртал маш их дарамт болж байгаа гэж үзэж буйгаа хэлсэн. Төсөл хэрэгжиж буй Дархан-Уул аймагт эмийн ургамал боловсруулалт, мод боловсруулалт ба оёдлын үйлдвэр, Завхан аймагт жимс жимсгэнэ, тэр дундаа чацаргана боловсруулалт, эмийн ургамал, ноос боловсруулалт, мод боловсруулалт, савхин эдлэл, боловсруулалт зэргээр ажиллаж байгаа.
Эрдэнэт мөн ялгаагүй бөгөөд онцлог нь модон, вакум цонх хийж эхлээд байгаа гэнэ. Мөн модны үртсээр шахмал түлш хийхээр зэхээд байгаа юм байна. Дээрх аймгуудад төслийг үр дүнтэй болгохын тулд сургагч нарыг бэлтгэх, нарийвчилсан тодорхой сэдвүүдээр сургалт семинар зохиох, зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэх менежментийн чанарыг сайжруулах зэрэг хөтөлбөрийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг 2008 он гарсаар бизнес хөгжлийн үйлчилгээний байгууллагуудтай хамтарч Дархан, Эрдэнэт, Завханд нийтдээ 26 удаа сургалт семинар явуулжээ. Уг сургалт семинарт 200 гаруй жижиг, дунд үйлдвэр хоршоодыг төлөөлж 640-өөд хүн хамрагдсан байна. Сургалт явуулсан мэргэжилтнүүдийн оролцооны үр дүнд шинээр аж ахуйн нэгжүүд үүсэн бий болохоос гадна хуучин явуулж байсан үйлдвэрлэл нь эрс сайжирсан үзүүлэлт гарчээ.
Үүнд үйлчилгээний байгууллагуудын гишүүнчлэл болон орлого эрс нэмэгдсэн төдийгүй шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Баруун бүсийн Завхан аймгийн төлөөлөгч хэлэхдээ, мод бэлтгэж банз болгоод баруун аймаг болох Увс, Ховд, Говь-Алтай аймгуудад борлуулдаг байна. Хаа сайгүй эмзэглэлд хүргээд байгаа элсний нүүдэлтэй тэмцэхийн тулд хүн бүр чацарганы мод тариад байгаа. Үүний үр дүнд дөрвөн жилийн дотор нэг модноос дундчаар 16-30 кг чацаргана хурааж авах боломжтой гэж байсан. Энэ маягаар чацаргана төдийгүй нэрс, аньс ихээр хурааж авах боломжтой тул хагас боловсруулалт хийж савлаад экспортлох тухай ярьж байлаа.
Б.Баясах
Дугаар 111/2398/