Эрдэнэсийн сан

Францын Лувр, Оросын Эрмитажаас эхлээд лааны баримал бүхий Madame Tussaunds-ын музей гээд манай ертөнцийн гайхамшиг болсон олон музейг нэрлэж болно.
Энд би зөвхөн Эрмитажийн тухай цөөн хэдэн үг хэлье. Эрмитаж гэдэг нь францаар аглаг газар гэсэн үг юм билээ. Санктпетербургт байдаг дэлхийд томоохонд тооцогдох энэ музей нь урлаг, соёл, түүхийн томоохон музей юм. Хоёрдугаар Екатеринагийн санаачилгаар энэ музейг байгуулсан бөгөөд эрмитаж нь хоорондоо холбоотой таван барилгын гайхамшигт цогцолбороос бүрддэг юм билээ. Ростреллийн төслөөр 1754-1762 онуудад баригдсан өвлийн ордон, Ж.Баллен Деланотын төслөөр 1764-1767 онуудад баригдсан бага эрмитаж, Л.Фон Кленецегийн төслөөр 1838- 1852 онуудад баригдсан шинэ эрмитаж, Ж.Кваренгийн төслөөр баригдсан эрмитажийн театр гэсэн таван хэсгээс бүрддэг байна. Эрмитажид хүй нэгдлийн үеийн дурсгалууд, эртний грек, ромын, дорно дахины, миссир, дундад зууны соёл, өрнөд, дорнод Европын урлаг, Азийн архелогийн болон уран сайхны дурсгалууд мөн түүнчлэн 13-19 дүгээр зууны үеийн Оросын соёлын арвин баялаг дурсгал цуглуулгууд хадгалагдаж байдаг байна. Эрмитажийг огт тасалдуулалгүй үзнэ гэх юм бол багаар бодоход 14 хоног зарцуулдаг гэнэ. Улс орон бүр л өөр өөрийн онцлог бүхий хачин чамин музейнүүдтэй байдаг. Хүний санаа гэж хэнд ч хоригдохгүй хязгааргүй юм болохоор хэдэн жилийн өмнө АНУ-ын нийслэл Вашингтон хотын захад нэгэн сонирхолтой музей нээгдэж олныг алмайруулсан байна.
Энэ музейн бүхий л үзмэр нь бүсгүйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой байдгаараа бусад музейнүүдээс ихээхэн онцлог гэнэ. Энд сарын тэмдэгтэй холбоотой ёс заншлын гаралтай зүйлс болон хэрэгслэлүүд их байдаг ажээ. Тэндээс бүсгүйчүүдийн ариун цэврийн хэрэгслэлээс эхлээд зөвхөн сарын тэмдгийн үед өмсөх зориулалт бүхий дотоож гээд олон сонин зүйлийг үзэж болох ажээ. Энэ музейн тайлбарлагч Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх үед бие эрхтэнд ямар өөрчлөлт гардгийг эндээс хараад мэдэж болно. Тэгээд ч шинжлэх ухааны талаасаа ч ийм музей хэрэгтэй. Манайх олон орноос авчирсан мянга гаруй үзмэртэй болоод байгаа гэжээ. 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан Монголын нийгэмд түрэн орж ирсэн нэгэн шинэ үзэгдэл бол музей байгуулах явдал байжээ. Энэ онд шинэ байгуулагдсан Судар-бичгийн хүрээлэнгээс улс орон даяар аймаг хошуудад зарлан гаргасан бичигтээ Монголын ард түмний эрт ба эдүгээ үеийн түүх соёл, хэв заншилтай холбогдох түүх дурсгалыг олж цуглуулан, эвдэж устгахгүй байх талаар ухуулан таниулах ажлыг зохион байгуулахыг уриалсан байна. Ингэж Монгол оронд музей байгуулах эх суурь тавигдсан байна. Манай орны хувьд аймаг, орон нутгийн музейтэйгээ нийлээд 40 гаруй музейтэй юм билээ. Тэдгээрийг жилдээ 30 гаруй мянган хүн үздэг гэсэн тоо байдаг юм байна. Эдгээр музейнүүд нь 300-гаад мянган үзмэртэй бөгөөд зах зээлийн шилжилтийн үед нэг хэсэг музейнүүд бараг л үзэгчгүй болж байсан бол одоо харин үзэгчдийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа юм байна. Зөвхөн нийслэл хотод гэхэд Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн, театрын, дүрслэх урлагийн, Богд хааны ордон, Чойжин ламын, Г.К.Жуковын, Хэлмэгдэгсдийн, Хилийн цэргийн гэх мэтчилэн 10 гаруй музей тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс заримынх нь тухай сонирхуулъя.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Нийслэлийн маань урд хэсэгт Хан-Уул дүүргийн нутагт Туул голын хөвөөнд Богд хааны ордон музей байдаг. Дэчингалбын хашаанд байсан Богд хааны ордон шатахад 1893 онд энэ ордонг барьжээ. Халхавч хаалга, ямба ёслолын нээлттэй гурван хаалга, амгалан эрдэнийн хаалга, хоёр тугны мод, билгийг хөгжүүлэн бадруулагч махаранзын сүм, хэнгэрэг, хонхны саравч буюу равса зэргээс бүрдэх ба энэ ордон музейд уран зураг, зээгт наамал, гоёл чимэглэл бүхий ургуудын хоёр сүм, Богд хааны эргэл мөргөл хийдэг шүтээний хоёр сүм, Эрдэм итгэмжит сүм, лаврин сүм, өвлийн ордон, хувцасны сангийн сүм, жижиг асар, хэрмэн хашаа, хаалга зэрэг 20 гаруй сүм дуганаас бүрдсэн чуулга юм. Монголын уран барилгын эртний уламжлалаар тэгш хэмийн байгуулалтаар баригдсан барилгууд нь ур хийц зохиомж, төлөвлөлт, гоёл чимэглэлээрээ уран барилгын нэгэн гайхамшиг бөгөөд нэн ялангуяа Амгалан эрдэнийн хаалга нь ганц ч хадаас ороогүй 108 оньс, сүлжээ углуургаар хийсэн хосгүй үнэт дурсгал юм. Уран барилгын эл чуулган бүх сүм дуганы гадна, дотор тал, дээврийн амьтан,уран зураг, гоёл чимэглэлийг шашны зан үйлийг тодорхойлсон үлгэрийн сэдвээр хийж бүтээсэн байна. Энэхүү Богд хааны ордонг 1926 онд түүх дурсгалын музей болгосон байна.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
Богд хааны дүү Лувсанхайдавт зориулан 1904-1908 онд энэхүү сүм дуганыг барьжээ. Энэ сүм музей нь нийслэлийн төв хэсэгт Хуримын ордны хажууд байдаг. Гол сүм, зуугийн сүм, Ядмын сүм, Өндөр гэгээний сүм, Махранзын сүм, баруун зүүн том хаалга, модон гэр зэргээс бүрддэг байна. Гадуураа хэрэмтэй, урд талдаа гоёмсог хийцтэй халхавч хаалгатай. Чойжин ламын сүм музейг 19 дүгээр зууны эцэс 20 дугаар зууны эхэн үед нийслэл хүрээнд амьдарч байсан ордны уран барималч Омбо зураг төслийг нь гаргаж удирдан бариулжээ. Монголын сүм хийдийн дотор ур хийц, уран баримал, гоёл чимэглэлээрээ онцгой Чойжин ламын сүмийг 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалд авч 1942 онд музей болгосон байна. Энэ нь анх 19 сүм дугантай байснаас одоо 10 сүм дуган л үлджээ.
ЗАВХАН АЙМГИЙН МУЗЕЙ
Манай улсын аймаг бүхэн магадгүй сүүлийн жилүүдэд сумдууд бараг бүгд шахуу өөрийн гэсэн өнгө төрхтэй музейтэй болсон. Тэдгээрийн нэгэн болох Завхан аймгийн музейн тухай танилцуулахад таатай байна. Энэ тавдугаар сарын эхээр би Завхан аймгаар явахдаа аймгийн музейгээр аялсан минь энэ музейн тухай бусдад заавал дуулгах ёстой гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлсэн. Хантайшир уулын аймгийн Улиастай хотноо 1924 оны 12 дугаар сарын 11-ний өдөр музей хэмээх үзэсгэлэнгийн хороог нээснээр Завханы музейн түүх эхэлдэг юм билээ. Аймгийн музей 1938 онд орон нутгийг судлах булан, 1947 онд орон нутгийг судлах кабинет, 1967 онд орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна. Завханы музейн хувьд орон нутгийн буюу алдартны гэсэн хоёр хэсгээс бүрддэг юм билээ. Орон нутгийн музей нь байгаль, түүх, угсаатан, шашин ба орчин үеийн танхимуудаас бүрддэг бөгөөд алдартны музей нь өөрийн аймгаас төрсөн арван хутагтуудын танхим, МУГЗ, төрийн шагналт, зохиолч, найруулагч Л.Ванган, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, МУ-ын анхны болон удаахь Ерөнхийлөгч нарын танхимуудтайгаас гадна МУ-ын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн ч танхимтай юм билээ.
Тус музей нь долоон мянга гаруй үзмэртэй бөгөөд тэдгээрийн дотор 10-15 мянган жилийн тэртээх арслан зааны дунд чөмөгний яс, сүүн шүд, 80 сая жилийн тэртээх чулуужсан мод, эмийн ховор ургамал болох вансэмбэрүү, түүхийн ховор бичиг дурсгалууд болох Манжийн үеийн өртөөний схем зураг, 1923 оныг хүртэлх Улиастай хотын план зураг байх юм билээ. Мөн түүнчлэн шашны танхимд нь улаан шүрээр хийсэн Жамсран бурхны баг, есөн эрдэнийн өнгө оруулж бичсэн Жадамба судар, 300 литрийн багтаамжтай хүрэл тогоо байдаг. Энд байгаа бүхий л үзвэрүүд ямар нэгэн түүх өгүүлж үзсэн хэнийг ч гэлээ тэртээх цаг хугацаанд аваачих шиг санагдана. Дилав хутагт Б.Жамсранжавын барьж байсан арслан бариултай зэс тамга, угсардаг сангийн бойлор, ёслолын малгай, МУ-ын ерөнхий сайд асан Жалханз хутагт Ц.Дамдинбазарын гар буу, түүний сийлсэн модон арслан Хатанбаатар Магсаржавын ясан сийлбэртэй хаш чулуун бэхийн сав, Алдарт Явуу, Ванган нарын бичгийн ширээ, цүнх, бичгийн машин зэрэг сонирхолтой, баялаг үзмэрүүдтэй юм билээ.
Ц.Энхтүвшин
Дугаар 111/2398/