Азын, аргын, амжилтын сайд

Улсын сан хөмрөгийн нэгэнтээ атгаж явсан тэрбээр яагаад юм энэ суудалд суудгийг журмын нөхөд, Лүндээгийн ангийнхан нь олон талаас тайлбарладаг. Зарим нь тэрхүү азыг нь шаггүй сайн эдийн засагч учир Түүн шиг хүн л Сангийн сайд хийж чадна гэж магтдаг бол Ерөнхий сайд нь нэгэнтээ Туршлагатай хүнээр Сангийн сайд хийлгэх нь зөв гэж бодсон гэж байсан.
ЗХУ-ын Эрхүү хотын улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер-эдийн засагч мэргэжил, ОХУ-ын Москва хотын Удирдлагын академид Улс төрийн дээд боловсрол эзэмшсэн нь түүнийг эдүгээ ийнхүү улсын сангийн эзнээр дахин дахин залах аж. Тэгвэл түүнийг азаар, туршлагаараа ч биш, ердөө л арга саам хайж, хор найруулсныхаа ачаар Сангийн сайдын суудлыг олж авдаг. Эл суудлыг авахын төлөө ч өмнөх Засгийн газрыг огцруулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэх хэсэг ч бас байдаг бололтой. Тиймээс ч энэ Засгийн үед эл салбарыг толгойлоход иймэрхүү дэл сул яриа гараад амжсан.
Ямар ч байсан азынх, аргынх, амжилтынх гээд аварга болох зам мөр харилцан адилгүй. Түүхэнд аварга гэдэг нь л үлддэг гэж спортын бичигдээгүй хуулийг сануулах мэт. Энэ удаагийн сайдаар ажиллах хугацаа бага болоод ч тэр үү салбарынхаа түшмэдүүдийнхээ сандал ширээний байрлалыг бараг өөрчлөөгүй гэсэн.
Гагцхүү монголын нэрт зохиолчийг зөвлөхөөрөө авсан тухай мэдээлэл тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа. Үүгээрээ үе үеийн Сангийн сайдуудаас ялгарах өвөрмөц онцлог нь ч байж болох юм. Үгүй бол тэрбээр сүүлийн үед морь сонирхоод байгаа шиг ээ уран зохиолд шимтэн дурласан ч байж болох юм.
Тэгэхдээ ангиасаа, бусдаас ялгарах нэгэн онцлог түүнд бий. Түүнийг бараан хүрээтэй. нүдний шил, хуучин маягийн засалттай халимаггүйгээр нь төсөөлөхөд бэрх болжээ. Зарим имижмейкрүүд түүний эл имижийг зохиосон гэж хэлдэг. Мань түшээ энэ бүхнээ хэзээ ч өөрчилж байгаагүй. Магадгүй өөрчлөхгүй ч биз. Үүнийг нь аливаа тогтсон зүйлээ өөрчлөх дургүй, хуучинсаг үзэлтэй хүн гэж хэлж болохгүй байх.
Учир нь тэрбээр морио сэлгэхдээ хурдан. Бүр гарман дээр хүртэл морио юүлэхээс буцдаггүй гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олзлогдоод өнгөрсөн. Тухайлбал, гаалийн Х.Баатарын холбогдох хэргээс дурдаж болох юм. Түүнийг Ч.Улааны хүн гэж хэвлэлүүд цоллоод удсан. Гэвч найз нь 100 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдох үед мань хүн нүүр буруулсан ч гэх яриа хаврын түймэр шиг асаад унтарсан.
Харин энэ тухайд эрхэм сайд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Би Баатарыг мэдна Гэхдээ тийм дотны найзууд биш гэж хэлсэн нь тухайн үед хүн чанарыг эрхэмлэдэг монголчуудын зэвүү, дургүйг нь зэрэгцүүлээд хүргэсэн гэдэг. Магадгүй хүн чанар эзнээ л золиослодог гэдгийг тэрбээр тооцсон ч байж болох. Харин үүний хариу болгосон ч юм уу найз нь түүнийг ингэж хэлсэнд гомдсон гэх мэдээллэл ч цацагдаж байсан, өнгөрсөнд.
Өөрийнх нь тухай таагүй, худал мэдээлэл цацдаг гэж үздэг болохоор эрхэм сайд хэвлэлийнхэнтэй өстөн дайсан мэт тулалддаг. Тиймээс ч улс төрийн тогоонд хөл тавьснаас хойш сэтгүүлчийг хэвлэлийн салбараас нэг худаг руу шилжүүлэн шахахыг хүсэгч, хэвлэл мэдээллийнхэнд харш хүнээр тодроод байгаа. Ямар ч байсан Цайрт минерал-ын лицензтэй холбоотой гэж бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгөөд санаагаа амраахыг хичээсэн. Гэвч Ч.Улаан сайдын Цайрт минериал-ын лицензтэй холбоотой гэх яриа цайраагүй. Өнөөдрийг хүртэл ам дамжин яригдсаар л байгаа.
Хэвлэлийнхэнтэй байлдах түүний дайн ингээд зогссонгүй. Ямар ч байсан Лүндээгийн ангид данслагдсан дөрвөн жилийн хугацаанд гэхэд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Дэмбэрэлтэй тэрбээр тэрсэлдэж байсан. Санаанд нь таараагүйн улмаас түүнийг зайлуулахад оролцсон гэх мэдээлэл ч тэр үед багагүй цацагдсаныг хүмүүс мартаж амжаагүй л байна. Тэгээд ч зогсохгүй төрийн албаны гэх 9200… утсыг оруулж ирж мөнгө цохисон гэх мэдээлэл ч нэгэнтээ хэвлэлийн хуудсыг чимсэн удаатай. Энэ мэтчилэн эрхэм сайдын нэр төр идсэн уусан. гэх цол, чимгээр гангаран гялалзсаар байгаа. Бас өөрийнх нь нэр төрд халдсан хэн ч байсан хариуг нь өгч чаддаг гэх. Ямар ч байсан Сангийн сайд өнгөрсөнд нэрийг сэвтүүлсэн хар толбо бүхнийг эрс няцаадаг.
Тэр ч бүү хэл, нэр холбогдсон хэрэг бүрт тэрбээр Би буруугүй гэдгээ албан ёсоор мэдэгддэг. Харин хэвлэлийнхэн түүний энэ онцлогийг мэдэх хойно нь улайдаггүй Улаан гэх хоч хайрлаж амжсан. Танхимдаа ч, намдаа ч тэрбээр нөлөө ихтэй гэдэг. Энэ нь МАХН-ын Онц их хурлын үеэр илэрч байлаа. Учир нь намын даргад нэрээ дэвшүүлэх лидерүүдийн тоонд түүний нэр явж байсан. Бас Ч.Улааны фракц хүчтэй тул намын даргын суудал түүн рүү эргэж магадгүй гэх яриа ч гарч амжсан нь түүний хэр нөлөөтэй гэдгийг хэлээд өгөх биз.
Улс төр, төрийн алба гэдэг толгой өвтгөсөн ажлынхаа стрессийг тэрбээр морь малаа эргүүлсхийж тайлдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр ангидаа сайн эдийн засагчдын тоонд багтаад зогсохгүй шаггүй. уяачдын хүрээг үүсгээд байгаа. Түүнийг дагаад олон түшээ морь уях эрдэм мэдлэгт шамдсан ч байж мэднэ. Өлзийт хороололд байх морины жүчээ рүүгээ тэрбээр зав гарвал ухасхийдэг ба энэ хоббийгоо Аав маань 50 нас хүрэхээрээ морь уяарай гэж захисан юм гэж хэлэх дуртай. Ямар ч байсан аавынхаа захиасыг биелүүлсэн сайн хүү. Үүн шигээ тойргийнхныхоо захиасыг биелүүлэхдээ хойш суудаггүй гэж сүхбаатарчууд нь хэлдэг юм билээ.
Ц.Оюун
Дугаар 096 /469/