Амьдрал ямар байна, Монголчуудаа

Амтат бурам шиг, аагтай цай шиг байж чадаж байна уу таны амьдрал. Авч байгаа цалин, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу. Аль эсвэл сэтгэл гундуухан, итгэл алдарчихсан алхаж явна уу.
…Авгайгаасаа салчихлаа, ажлаасаа гарчихлаа, амьдрал ч уг нь цэгцэрч байна даа гэсэн нэг онигоо байдаг шүү дээ. Гэхдээ би энд онигоо яриад марзагнахыг хүсээгүй. Зүгээр л гудамжинд алхаж яваа залуугаас, гоолиг охидоос, гутал тосолж суух хүүгээс, гуйлга гуйх эмгэнээс амьдрал ямар байна даа гэж асуухыг л хүссэн юм, уг нь.
Амьдрал ямар байна даа, хүмүүсээ. Асуух юун, амьдрал тун барзгар байна даа гэх хүн тун л олон байгаа гэдгийг мэдэж байна. Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөг нь үнийн шуурганд хийсч, худал хуурмаг амлалтаар дүүрэн төр засагтаа итгэл алдарсан их олон хүн амьдрал тааруухан байна гэх биз. Үнэхээр өнөөдөр амьдрал сайхан байна хэмээн өөдрөгөөр хариулчих хүн хэд байгаа бол. Албан тасалгааны цонхоор бол амьдрал сайхан харагдаж байгаа. Цэлийсэн цонхны араас харж буй цэвэрхэн хувцастай эрхэмийн хувьд амьдрал дэндүү тансаг, алт мөнгөөр хахаж байгаа юм шиг санагдаж буйг ч үгүйсгэх аргагүй ээ.
Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хувьд амьдрал сайхан, дэндүү сайхан байгаа нь үнэн. Үгүйсгэх аргагүй үнэн бол энэ. Зөөлөн буйдан шиг нь аятайхан, чихэртэй кофе шиг нь амттайхан, шимэх дарс шиг нь нялуухан санагдаж буй биз, амьдрал тэдэнд. Тэгээд л Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана хэмээн амандаа аяланхан, сонин гарчиглан, телевиз үзсэн шигээ ард түмнийг өрөвдөж суугаа ч байж болох л доо. Ард түмний амьдралд гэрэл гэгээ авчрах аз жаргалын элч юм шиг тэд аашилж суугаа.
Харин ард түмний хувьд амьдрал ямар санагдаж байгаа болоо. Гутал тосолдог хүүгийн өдөртөө олдог мөнгө өмх талхаа хүчирхээ байж, гуйлга гуйсан эмгэний уутанд зоос хаях хүн ховордож, гудамжаар алхах залуус амьдралд итгэх итгэлээ алджээ. Авдаг хэд нь хүрэлцэхгүй, автобус унааны хөлс нь нэмэгдээд, идэж уухаа дийлэхгүй гээд их олон зовлонг дурьдах байх. Аргагүй биз дээ амьдрал нь арзгар, барзгар байгаа хойно. Талх тариа, мах сүү гээд бүх юмны үнэ өдрөөс өдөрт өсч, өнөө хэдэн бор юм нь хаана ч хүрэхгүй болохоор ард түмний амьдрал туйлдаж байгаа нь үнэн. Байрны үнэ нэмэгдэж, түлээний үнэ өсч түмэн олон маань үнийн галзууралд өвдөг сөгдөх болсон.
Өдрөөс өдөрт давалгаалах үнийн хөөрөгдөл, үй олон асуудлаас өлсч, цангаж, уурлаж, ундууцаж яваа ч биз. Гэхдээ алийн болган зовлон тоочих билээ. Амны билгээс ашдын билэг гэж нэг мэргэн үг байдаг шүү дээ. Амьдрал арзгар байна гэж арчаагүй хариулт өгөхөөсөө илүү ашдын бэлгээ бодоод амьдрал сайхан байна хэмээн хариулаад үз л дээ. Амьдрал дандаа муухай байна гэж байхгүй, аз жаргал таны гарт байгаа гэдгийг л ойлго. Аз жаргалыг хэн нэгнээс гуйж амьдралаа харанхуй муухайгаар төсөөлөөд хэрэггүй ээ. Айлаас гуйхаар авдраа уудал гэж нэг сайхан мэргэн үг бий. Хэн нэгэн таны гарт аз жаргалыг атгуулна гэхээсээ илүү өөртөө бас дахин өөртөө итгэ. Ингээд зүтгэх юм бол амьдрал сайхан гэж сэтгэл дүүрэн, итгэл өөдрөг хэлэх болов уу.
Амьдралыг хэн нэгэн маань гэрэл гэгээтэй болгано гэж итгэж, мөрөөдөж суухаас илүү энэ амьдралаа өөрөө л босго. Аавыгаа асар, ээжийгээ хайрла. Анд нөхдөө хүндэтгэ, архи, тамхиа багасгачих. Тэгээд л амьдралыг арай өөр, арай гэгээнээр хараад үз. Амьдрал дандаа арзгар байна гэж байхгүй шүү дээ. Аз жаргал бидний гарт байгаа болохоор амьдралыг бүгдээрээ арай өөрөөр харцгаая. Үүнийг л танд санал болгох байна.
дугаар 096/116