Шоовдор оюутнууд

Харин энэхүү олон их, дээд сургуулиуд нь оюутнуудынхаа тоог нэмэх асуудал дээр л анхаарлаа тавьж ажиллахаа л мэддэг, харин оюутны дотуур байрны асуудлыг тэр бүр шийддэггүй. Манай улс залуучуудын төлөө их юм хийж байна, их мөнгө зариуулж байна л гээд л яриад байдаг. Бодит байдал дээр залуучуудын төлөө хийж байгаа ганц зүйл нь гэр бүл болж байгаа залууст 500 мянган төгрөг өгөх, түүнчлэн төрсөн эхэд халамж өгөх гэсэн л ажлыг хийж байна. Гадаад, дотоодоос ирж байгаа тусламж тэтгэмжийн мөнгийг залууст огт зарцуулахгүй байгаа нь их гайхалтай. Энэ талаар Соёлын дээд сургуулийн оюутны дотуур байрны багш Н.Нэргүйтэй ярилцлаа.
-Оюутны байрны хүрэлцээ хэр зэрэг байдаг вэ?
-Сүүлийн хэдэн жил их, дээд сургуульд суралцах оюутны тоо харьцангуй ихэссэн. Манай улс оюутан, залуучуудынхаа төлөө нэг ч зүйл хийхгүй байна. Их, дээд сургуулиуд оюутан суралцагчдынхаа тоог л нэмээд байхаас биш, тухайн оюутныг дотуур байраар хангах ямар ч бодлого явуулахгүй байна.
-Энэ асуудал дээр төрөөс ямар арга хэмжээ авбал зүгээр гэж бодож байна вэ?
-Хамгийн гол нь төрийн сургуулиуд нь оюутнуудаа байраар бүрэн хангах асуудлыг шийдэхгүй байгаа болохоор хувийн сургуулиуд энэ асуудлыг бүрмөсөн орхигдуулж байна шүү дээ. Төр, засгаас оюутан залуусын талаар их юм хийж байна гэж ярихаас цааш, бодит байдал дээр юу ч хийхгүй байна.
-Сүүлийн үед оюутан залуучууд гэмт хэрэгт их холбогдох болж, энэ талаар?
-Хөдөө, орон нутгаас их, дээд сургуульд суралцах гэж ирж байгаа залуучууд байр орон сууцаар хангагдаж чадахгүйгээс болж хажуу өрөө хөлслөх, түүнчлэн ах дүүгийндээ байх зэрэг асуудлаас болж тайван орчинд суралцах боломж байхгүй болж байна. Тухайлбал, ах дүүгийндээ сууж байгаа оюутныг ч юм уу, халаасны өрөөнд амьдардаг оюутныг суулгаж байгаа айл нь хөөж туух гэх мэтээс болж тэд гадуур тэнэж гэмт хэрэгт их холбогдож байгаа нь нууц биш.
-Тэгэхээр оюутан залуучууд орон сууцны асуудал нь шийдэгдээгүйгээс болж гэмт хэрэгт их холбогдож байна гэж ойлгож болох уу?
-Тухайлбал, оюутнууд очих газаргүйгээс болж оюутны байранд сууж байгаа найз нар дээрээ очиж хонох гэхээр тухайн хүүхдийн дотуур байрны жижүүр оруулдаггүй. Үүнээс болж тухайн хүүхэд хоёр гурван давхраас татуулж байгаад гэмтсэн тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Түүнчлэн оюутан залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг ч газар байхгүй байна. Бодит байдал дээр оюутнуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь зөвхөн баар, саун болчихсон юм чинь тухайн хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь ойлгомжтой шүү дээ. Төрийн түшээд, амьдралд тэр бүр биелэгдэхгүй том, том мөрийн хөтөлбөрийг байнга гаргаж байхын оронд, хамгийн бага энгийн болж бүтэх магадлал өндөртэй зүйлээс ажлаа эхэлбэл зүгээр болов уу гэж боддог. Манай улс 40000 айлын орон сууц барина гээд яриад л байна, гэтэл тэр баригдаж байгаа байрыг нь авах чадвартай залуус бараг байхгүй шүү дээ. За яахав, тэр байранд орж гэж бодохоор, хоол идэхгүй, хувцас өмсөхгүйгээр л арав хорин жилийн дараа л тэр орсон байрныхаа мөнгийг төлөх боломжтой юм. Ингээд бодоход залуучуудынхаа төлөө хийж байгаа зүйл нь амьдралд ойр байж чадахгүй байна.
-Тэгэхээр хувийн сургуульд сурч байгаа оюутнууд орон байргүй байна уу, төрийн сургууль ч мөн тийм байна уу?
-Бодит байдал дээр ялгагдах юм огт алга. Зөвхөн л суралцагчдынхаа тоог л тухайн сургууль нэмээд байхаас биш оюутнууд байртай байна уу байргүй байна уу гэсэн асуудал дээр анхаарч хандахгүй байна. Жил ирэх тусам хэдэн мянган залуус шинээр оюутан болж ирж байна. Энэ олон оюутнуудын 10 хүрэхгүй хувь нь л оюутны байранд амьдарч байна. Харин үлдсэн хувь нь гадуур байр хөлсөлж байна, зарим хэсэг нь сургуулиа орхих түүнчлэн чөлөө авч байна. Ингээд бодоход манай оюутан залуучууд маш их цаг хугацаа алдаж байна шүү дээ.
-Сүүлийн үед оюутны байрууд маш их бохир болсон байна. Оюутнуудаас тодорхой хэмжээний төлбөр авч байж байрыг нь шинэчлэх болон засвар хийх ажлыг орхигдуулаад байх шиг санагддаг. Энэ талаар?
-Энэ бол жилийн жилд асуудал болж тавигдаж байдаг хэдий ч тэр бүр эергээр шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Яагаад гэвэл, ихэнх нь босоо удирдлагатай болохоор оюутнуудаас авсан мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрч байгаа.
–Оюутнуудын амьдарч байгаа тухайн байранд засвар үйлчилгээ бүрэн орхигдож байна аа даа?
-Оюутны байранд жилд нэг удаа урсгал засвар хийдэг, энэ нь зөвхөн шал, таазыг нь будаад өнгөрөх л хэмжээнд. Түүнээс биш оюутнуудад хүнсээ хадгалах ядаж ганц хөргөгч тавьж өгөхгүй байна. Ингээд бодоход ямар нэгэн халдварт өвчин оюутны байранд гарахгүй гэсэн баталгаа алга байна. Түүнээс гадна оюутны байрууд гадны хүмүүсийг их оруулж байна. Энэ бол маш их нийтлэг асуудал. Түүнчлэн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дотуур байранд оруулахгүй гэдэг.
-Оюутны байранд орохын тулд оюутнууд мөнгө өгдөг гэсэн. Танай сургуулийн хувьд ямар байдаг вэ?
-Манай сургууль өөрийн гэсэн оюутны дотуур байртай. Бусад сургуулиудаас ялгагдах нэг онцлог нь манай сургууль оюутнуудаа байлгах байрны хэмжээнээс болж шинээр элсэгчдээ авдаг. Харин бусад сургуулиуд оюутнуудаа байраар хангаж чадахгүй атлаа шинээр элсч байгаа оюутнуудаа хэтрүүлж авдаг. Ийм байдлаас болж тухайн шинээр оюутан болж байгаа хүүхэд байргүй болж байна гэсэн асуудал гардаг. Хамгийн түрүүнд оюутнуудыг орон байраар хангах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тухайлбал, арав, хорин мянган оюутан амьдрах нэгдсэн орон сууцны төвтэй болчих юм бол оюутнуудад тулгамдаад байгаа байрны асуудлыг нь шийдээд өгчихлөө гэсэн үг шүү дээ.
Б.Гуахалиун
Дугаар 111/2398/