Хамгийн хурдан жаргадаг үлгэр мэдэх үү

Нэр нь Эрэл гэдэг аж. Эрдэнэс эрж эхэлсэн гэдэг. Эрээд олдохгүй болохоор нь төрөөс алт, эрх мэдэл хайжээ. Одоо ч гэсэн санасандаа хүртэл олоогүй яваа гэдэг. Нөгөө нь бас хувийн бас нэг компанитай аж. Нэр нь их сайхан. Буян гэдэг. Хувьдаа бас нэг намтай гэж байгаа. Хөрөнгө, мөнгөтэй холбоотой л нэр устай юм гэнэ лээ.
Гуравдахь нь Үй Ши гэдэг өмнө зүгийн маягийн нэртэй. Шархамбан дээл, улаан орхимж энэ намын дүрэмт хувцас нь. Төрийг шашнаар сурталдана гээд байгаа юмсан уу даа. Төрийн гурвын хамгийн дээдэх нь буюу намбэ ван-ыг ихэд дэмждэг байж гэнэ. Олуулаа хуралдаж байж шийдвэр гаргадаг парламентат засаглалыг болиулж, хэмжээгүй эрхт хаант улс болгох хүсэл үе үе төрдөг байжээ.
Бурханы шашныг төрийнх болгоно гэсэн шашингүй үзэл-ийг номлодог тус нам нөгөө хоёроо бодвол хууль тогтоох дээд байгууллагад нэлээд хэдэн суудалтай. Тэгэхдээ тэдний олонхи нь хэлгүй. Хахир ааштай харамч баян, хүүхэн гэчихвэл хүүхнүүд гомдчихмоор жудаггүй эр, цэнгэлийн манлайд хүрэх замын дундаас урвасан хэсэг бүлэг иргэнээс бүрдсэн эвсэл хамгийн ойрын зорилго болох энэ удаагийн сонгууль болохоос өмнө буцаад задарч гэсэн мессэж утас болгонд ирж байна.
Өөрсдөөс нь тодруулбал Үгүй гэж байна. Намын дарга, компанийн захирлууд ганц ганцаараа. Өөрсдөөс нь өөр хүн байгаа үгүй нь мэдэгддэггүй. Нэгдэх үйл явцын эхлэлийг тавьлаа. Нэг намын, нэг тугийн дор жигдэрнэ энэ тэр гээд байсан чинь хөл гараа жийлцээд учраа олж чадахгүй байгаа бололтой. Нэгдсэн мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцоно.
Тэгэхдээ тус тусдаа нэр дэвшигчидээ тодруулна гэж байгаа аж. Нээрээ л нэгдэж, эвсч чадаагүй хойно задарна гэж ч юу байх вэ дээ. Тэр хавиас ҮШН-ынханы л дуу хоолой сонсогдох аж. Тэднийхэн ганцаарчилсан тоглолтод нэлээд гаршжээ. Тун саяхан тэд тэнгэр заяат монгол хүнийг эх орноосоо хайгаад олоогүй дуулдсан. Нам дагаагүй хүн болгон газрын амьтан байдаг болохоор тийм ч амар байгаагүй бололтой билээ хөөрхий.
Болохгүй ч байж мэдэх сонгуульд оролцохгүй ч байж магад намууд ийнхүү нэг наашаа хоёр цаашаа гэцгээгээд эхэлж байгаа бололтой юм. Эхлээгүй байтал энэ үлгэр төгсчих гээд болсогүй ээ. Хамгийн богино үлгэрийг хүчээр бага зэрэг уртасгалаа.
П.Баттулга
Дугаар 98/417/