Тэднийг талцуулж хүчийг нь барах шаардлага МАХН-ын шинэ үеийнхэнд бий

Улс төрийн асар том бүтцийнх нь хувьд аваад үзэхэд энэ нам одоо шилжилтийн үедээ явна. Намыг олон жил өөрсдийнхөө нэр нүүрээр тахалж явсан үеийнхэн одоо шувтарч байх шиг байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Д.Дэмбэрэл, Л.Одончимэд, Т.Ганди, Ц.Гунгаадорж, Д.Лүндээжанцан нарын хүчтэй төлөөллийн байр суурь нийгэмд ганхаж эхлэв. Учир нь нийгмийн аль ч салбарт залуу үеийнхэн хүч түрэн гарч ирсэн бол гагцхүү улс төр гээчид л ахмад үе нь ноёлсоор байгааг анзаарч болно. Гэхдээ энэ үзэгдэл гагцхүү МАХН-д илэрч тэр нь аажмаар намаа хямралд хүргэж байгаа юм. Настайчууд нь өөрсдийгөө харих болоогүй ид үедээ явна гэж бодсоор байгаа бол залуу үе нь бидний ээлж ирсэн хэмээн хэт түрэмгийлж эхэлснээс өтөл буурал нам өвдөг сөхрөхөд хүрлээ л дээ. Нам дотроо улс төрийн үйл явц гэхээсээ байгалийн шалгарлаар явагдаж буй энэ талцааныг ашиглах гэсэн хүсэл эрмэлзэл Ерөнхийлөгчийн өргөөнөөс цухалзах болсон. Дэндүү гэмээр хуучинсаг үзэлтэй Н.Энхбаярын гарт залуу үеийнхэн ирээдүйгээ тийм ч хурдан даатгахгүй. Эрээн мяраан урт шар дээл, бурхан шашин, хаан суудал номлосон түүнийг чухам юу хийдгийг нь ч залуус мэдэхгүй байх. Нийгэмд зонхилох болсон залуу үеийнхэн МАХН-ын буурал гишүүдийг бараг танихгүй. Ц.Нямдоржийг, Ц.Шаравдоржийг мэдэхгүй.
Тэдний хувьд тэд зүгээр л өвөө нар гэсэн үг. Хүүхдүүд өвөө нарт итгэж ирээдүйгээ даатгахгүй. Нийгмийн энэ өөрчлөлтийг айхтар мэдэрсэн С.Баяр өвөө, эмээ нараа жийх бодлого барих болсоор удсан. Зөвхөн нас зүсний ялгаа ч биш үзэл бодлын алсын зөрүү тэднийг улам бүр холдуулж байгаа юм. Настайчууд зоригтой шийдэл гаргадаггүй, байнга эргэж хургаж, буцаж няцаж, бас худлаа ярьж, өөрийгөө л хариуцлагаас мултлахыг оролддог. Шинэ юм, өнгөлөг юм тэдэнд таалагддаггүй. Тиймээс хэдэн 10 жилийн өмнөх үзэл бодлоо хамгаалсаар залуусыг аль болохоор хуурч дөнгөх гэсэн арга барилтайгаа үлдсэн. Энэ бол орчин үеийн МАХН-д зохихгүй. Харин тэдний энэ арга ганцхан хүний дарангуйллыг мөрөөддөг хүнд ашиглаж болох тулах хүч юм. Үүнийг Ерөнхийлөгч гайхалтай мэдэрсэн учраас өөртөө татсаар. Бас МАХН дотор бүрэлдэж буй залуу үеийн төлөөллийг ч татах гэж оролдож байна. Гэхдээ тэднээс аль болох хөнгөн амьдрах гэсэн хүсэлтэй, мөнгөний шуналтай, хууль ёсоо дээдэлдэггүй хэсэг нь л түүний гортиг дотор багтсан болохоос бусад нь үгүй. Тэгвэл С.Баярыг тугаа болгогсод түүний хуучинсаг коммунист үзлээс залхаж эхэлсэн байж болох юм. Ерөнхийлөгчийн сүүдрээс намаа гаргахаар оролдож буй түүнийг талархагчид олон бий. Гэхдээ мань хүн МАХН-ын гишүүдийн удаан хүлээсэн шинэчлэгч биш байв.
Зүгээр л цаг зуурын хань болов. Цаашид хэнийг дагах ёстой вэ. МАХН-ын гишүүдэд нэг онцлог бий. Тэд заавал нэг тугтай болж аваад түүнийгээ залаад хаа ч хүрэхэд бэлэн хүмүүс. Тэгэхээр дараагийн туг хэн байж болох вэ? Үүний төлөө тэд энэ сонгуульд оролцож байна. С.Баяр болон Н.Энхбаярын талынхан хэмээн хоёр хуваагдчихаад үзэж тараад байгаа мэт боловч цаад учир шалтгаан нь тийм биш. Одоогоор нийгэмд ил гарч хоорондоо тулалдаж байгаа хоёрыг улам л тулалдуулж хүчийг нь барах шаардлага МАХН-ын шинэ үеийнхэнд бий. Энэ бол сонгодог арга. Хоёр арсланг зодолдож байгааг холоос хараад сууж байх нь одоохондоо дээр. Тэднийг хооронд нь талцуулж аль алийг нь хүчгүйдүүлсний дараа гурав дахь үеийнхэн хоёр талаасаа нэгдэнэ гэж мөрийцөхөд алдахгүй шүү. Энэ сарын 27-нд хуралдах МАХН-ын бага хурлын үеэр ийм байдал улам хүчтэй ажиглагдах вий. Нэгэнт МАХН дотор ийм байдал гүнзгийрч газар авсан байхад Ардчилсан нам дотор ч мөн адил халдвар авсан биз ээ. Хэрвээ хоёр намын шинэ үеийнхэн хоорондоо холбоотой гарч ирэх юм бол тухайн үеийн улс төрийн байдлыг одоогоор таахын аргагүй тул энэ хүргээд зогсох нь дээр гэж үзэв.
Л.Мөнхбаясгалан