Эсгийхийх газар нохой хэрэггүй

Түүхэнд улс төрд холбогдсон урлагийн гурван хүн байдаг. Гэхдээ бүгд сайн дураараа татгалзаж Төрийн ордноос театр, урлан руугаа баяр хөөртэй яарч байсан гэдэг. Ардын зураач Б.Чогсом ЗХУ-д дипломатч мэргэжил эзэмшээд ГХЯ-нд хуваарилагджээ. Дипломатч хийхээсээ илүү зураг зурмаар санагдаад байж сууж чаддаггүй гэнэ. Ингээд өргөдөл гаргаж гуйж, гүйсээр байгаад Урчуудын эвлэлд томилогдож нэг л их аз жаргалтай болж байсан гэж ярьж байлаа.
Тэр Улс төрөөс татгалзаж зураач болсондоо насан туршдаа сэтгэл хангалуун явдаг. Тэр бол урлагийн хүний байх газар биш юм билээ гэж ярьдаг. Түүний дараа 1992-1996 онд төрийн хошой шагналт ардын жүжигчин Н.Жанцанноров, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар УИХ-д сонгогдож Төрийн ордонд заларлаа. Тэд мөн л тэнд тогтож сууж чадахгүй байсан гэдэг. Төгөлдөр хуураа өрөөндөө чирж оруулах уу, саарал ордны өрөөнд тамхины утаа сааралтуулаад суух уу гээд л бодох юм ч их байж.
Саарал ордон бидний суух газар биш гэж ойлгосон учраас төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров УИХ-ын гишүүн гэдэг бусад хүний аминаасаа илүү дуртай сэтрээс татгалзаж байлаа. Харин ардын уран зохиолч маань Хурдхан дөрвөн жил өнгөрөөсэй гэж тэсэн ядан хүлээсээр бүрэн эрхийн хугацаагаа үджээ. Тэгээд Энэ миний байх газар биш юм.
Дахиж хэзээ ч нэр дэвшихгүй гээд театр руугаа яаран гүйж байсан гэдэг. Гэхдээ авьяас билгээрээ ард түмэндээ хүндлэгдсэн тэд УИХ-д илүүдээгүй. Харин ч бүх амьдралаа урлагт зориулж Монгол Улсын соёл урлагийг дэлхийд гартал зүтгэсэн энэ хоёрын үг үнэтэй байсан. Ах нарынхаа туршлагыг залуус нь үл тоогоод байна уу даа. Эсвэл орчин үеийн урлагийнхан тэднээсээ илүү өндөр боловсролтой болчихов уу.
Мөнгө, эрх мэдэлд тэд тэгтлээ дуртай болчихсон ч юм уу.
Энэ жилийн сонгуульд төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхжээ. Перфект хамтлагийн дуучин Т.Гантөмөр Булган аймагт нэр дэвшээд олны дэмжлэг авалгүй мултарсан. Удалгүй дуучин С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, А.Хаянхярваа нарын нэр яригдах боллоо.
Эсгий хийх газар нохой хэрэггүй юм биш үү. Цомог бичүүлээд ам барьж дуулах, зохиол уншаад кинонд тоглох чинь улс төрд хамаагүй шүү дээ гэсэн асуулт тавьж үзлээ. Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар Урлагийнхан харин ч амьдрал мэднэ. Яагаад улс төрд орж болохгүй гэж. Чадаж байгаа юманд арга байхгүй. Жишээлбэл, би сая Үхэж үл болно кинонд тоглохдоо Чингис хааны яаж төр удирдаж байсныг судаллаа шүү дээ гэж хариулав.
С.Жавхлан нутаг ус, ээж, аав, сүүтэй цайны дуугаар улс орноо удирдах юм болов уу. Ч.Бат-Эрдэнэ хоёр дахь Хонхны дуу-ны эзэн болж чадах уу. Хонхны дууг С.Цогтсайхан агсан дуулж байсан шиг төрд байсан. Ч.Бат-Эрдэнэ Хонхны нулимс-аа дуулах юм байлгүй. Тэртээ тэргүй манай ард түмэнд нулимс багадаагүй байна. А.Хаян-хярваа Төрийн ордонд дуу бичлэгийн студи байгуулчихаад гишүүдтэй нийлж хамтлаг байгуулах юм биш байгаа.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж үгийг дахиад нэг сануулмаар. Дээрх хүмүүсийг сайн дуучин, мундаг жүжигчин гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Тиймээс ч хайрлан хүндэтгэдэг юм. Харин улс төрд орох нь юу бол. Дэмий биз дээ. Ядаж улс төрд орох боловсролтой гэж үү.
Б.Мөнхзаяа
Дугаар 89/417/