Олон улсын музейн өдрөөр музейд үүдээ дэлгэж үзэгчдээ угтлаа

Монголын үндэсний музей л гэхэд Их дайны оршил, Чөлөөлөлт, Олноо өргөгдсөн Богд хаан, Эрдэнэ жонон ван, Догсомын Бодоо, Легницийн хавар зэрэг түүхэн баримтат кинонуудыг нийтэд үнэгүй үзүүлсэн. Харин Байгалийн түүхийн музейд Монгол эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын цуглуулгаас үзэгч олноо толилуулав. Мөн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Торгонд амилсан шүтээн зураг үзэсгэлэнгийн нээлт боллоо. Дорно дахины олон улс оронд торгон дээр өнгийн будаг, хар бэхээр зурах арга ухаан эртний үеэс уламжлалтай билээ. Харин торгон дээр торгоор зурдаг нарийн, өвөрмөц уран сайхны урлаг манай улсад 17-19 дүгээр зуунд хөгжлийнхөө оргилд хүрч олон гайхамшигтай бүтээл бүтээгдсэн байдаг аж. Энэ өвөрмөц урлаг нь МЭӨ l-МЭ III зуун буюу Хүннүгийн үеийн хонины цагаан эсгийн дээр тулалдан тэмцэлдэж буй есөн хос араатан амьтдыг өнгийн торгоор урлан бүтээсэн ширмэл ширдэгнээс үүдэлтэй юм байна.
Одоо манай улсын алтан сан хөмрөгт урласан уран гарчууд нь тодорхой бус олон хосгүй, үнэлшгүй бүтээлүүд байдаг гэнэ. Тус музейн хамт олон тэдгээр бүтээлийн үзэсгэлэнг нээж иргэддээ сонирхуулж эхэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Г.Болормаа оролцон энэ хосгүй бүтээлээ хайрлан хамгаалж цаашид үр удамдаа үлдээхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа. Харин уран зургийн галарейд Хорват нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Монгол Улс, Хорват Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Борис Велич нар албан ёсоор нээж үг хэлэв.
Сайд Н.Болормаа үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ хоёр орны хоорондын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж буйг онцлон хэлээд өнгөрсөн онд хоёр талын хооронд Засгийн газрын түвшинд соёлын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай дурдав. Хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагааны үндэс болох баримт бичгийг энэ жил хэрэгжих өндөр хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн соёлын өвд багтсан Хорватын түүх, соёлын дурсгалт газрууд үзэсгэлэн нь монголчуудад, Улаанбаатар хотын иргэдэд алдарт Плитвийн нуур, эртний хот Дубровник, түүхт хот Трогир болон Адриатикийн эрэг дагуу байрлах үзэсгэлэнт үндэсний паркуудаар аялах сайхан боломжийг өгч байна хэмээн хэллээ. Элчин сайд Б.Велич Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Боловсрол, худалдаа, биеийн тамир, спортын салбарт чухал хэлэлцээр, санамж бичгүүд зэргийг байгуулаад байна. Хоёр тал энэ онд өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж эхлээд байгаа тухай дурдав. ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Хорват Улсын түүх, соёлын дурсгалт газруудын тухай энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн хоёр талын соёлын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа нэг нэгнээсээ алс хол орших хоёр орны ард түмнийг ойртуулахад чиглэгдсэн чухал арга хэмжээ гэдгийг онцлон тэмдэглэв.
Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсад суугаа Дипломат консулын төлөөлөл, урлаг соёлын зүтгэлтнүүд болон бусад албаны хүмүүс оролцов. Уг үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Уран зургийн галерейд гарах юм. Мөн Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Цэргийн түүхийн музей зэрэг музейнууд өдрийн турш үзэгч олноо үзмэрүүдээ сонирхуулсан бол Чингэс хааны өв соёл музейд Хорьдугаар зууны Монгол гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Олон улсын музейн өдрөөр ийнхүү нийслэл дэх музейнууд үзэгч олноо үүдээ дэлгэж угтав. Цаашид музейнууд үзэгч төвтэй музей болох, үндсэн цагаа уртасгаж бүх нийтэд нээлттэй ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
дугаар 096/116