Олимпын өмнө Бээжинг муурнаас цэвэрлэх дайн хийж байна

Хэрэв гэртээ муур нохой тэжээдэг хүн тэднийгээ авч үлдэхийг хүсвэл 200 юань буюу 14 фунт стерлингтэй тэнцэх хэмжээний хураамж төлөх ёстой гэнэ. Хятадууд хотын гудамжнаас амьтдыг цуглуулан торон саванд хийж хотоос гадна байрладаг үхлийн лагер луу аваачиж байна гэж Британийн The Daily Mail сонинд бичжээ.
Тэнд нь очсон амьтад өлсч, цангаж бас элдэв өвчин тусан зовлонгоо эдэлж үхдэг байна. Хятадын байгаль хамгаалагчид энэ талаар санаа нь зовниж төлбөр хураамжийг нь ч болсон төлөөд хөөрхий амьтдыг авъя гэж хандаж байгаа ч үхлийн лагерийнхан тэднийг оруулах нь бүү хэл ойртуулах ч үгүй байгаа тухай бичсэн аж.
Амьтадтай ийнхүү хэрцгий хандаж байгаагаа Хятадын эрх баригчид тэднийг өнөөдөр 25 мянга гаруй хүнийг өвчлүүлээд байгаа Энтеровирус-71-ийн халдвар тарааж байгаа учраас гэж тайлбарлаж байна. Ийм суртал нэвтрүүлэг явуулж байгаагаас Хятадын хүүхдийн цэцэрлэгүүдэд зургаан муурыг хүүхдүүд саваагаар үхтэл нь зодсон хэрэг хүртэл гарчээ.
Байгаль хамгаалагчдын мэдээлж байгаагаар Бээжин хотод хагас сая орчим муур байдаг. Эрх баригчид тэдгээр амьтдыг хэрцгийгээр алж хүмүүнлэг бус аргаар олимпын өмнө нийслэлээ цэвэрлэхээр шийдээд байгаа юм байна. Энэ харгис шийдвэрийг эсэргүүцэж муурын үхэлтэй тэмцэж эхлээд байгаа аж. Daily Mail сонин 80 настай нэг багш гэртээ 250 муур аваачиж аварсныг жишээ болгожээ.
Тэр хөгшин хураамжийг өөрийнхөө хадгаламжийн тэтгэврээсээ төлж умгар байрандаа тэжээж байгаа гэнэ. Бараг 100 орчим нь миний орон дээр унтдаг бол бусад 150 нь шалаар нэг хэвтдэг юм. Гудамжинд гарвал л тэднийг маань алчих учраас би нэгийг нь ч гэрээс гаргадаггүй юм гэж тэр эмэгтэй хэлжээ. Барууны орнуудын байгаль хамгаа-лагчид Хятадын эрх баригчдын энэ хэрцгий шийдвэрийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулах аян эхлүүлсэн байна. Аян эхэлсэн эхний өдөр гэхэд л дэлхийн янз бүрийн орнуудын 25 мянган хүн энэ тэмцэлд нэгджээ.
Ц.Хас
Дугаар 98/417/