Монгол оронд 750 мянган жилийн тэртээ хүмүүс суурьшчээ

Yндэсний хорооноос Музей нь нийгмийн шинэчлэл, хөгжилд нөлөөлөх хүчин зүйл болох нь сэдэвт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Францад байрладаг олон улсын музейн зөвлөл 1946 онд байгуулагдсан бөгөөд 150 гаруй орны 24 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй ЮНЕСКО-гийн харъяа байгууллага юм.
Мөн үзмэр зохион байгуулах, үзмэрийг хамгаалах, музейн мэргэжилтэн бэлтгэх зэрэг төрөлжсөн 30 салбар хороонд хуваагдан дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү олон улсын зөвлөлийн гишүүний хувьд манай Yндэсний музейн хорооноос олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Yүнд,
*Монголын үндэсний музей
Их дайны оршил, Чөлөөлөлт, Олноо өргөгдсөн Богд хаан, Эрдэнэ жонон ван, Догсомын Бодоо, Легницийн хавар баримтат кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ.
*Байгалийн түүхийн музей
Монголд ажиллаж байсан зарим эрдэмтэн судлаачдын судалгааны цуглуулгаас үзэсгэлэн, Палентологийн танхимд шинжлэх ухааны кино гаргана.
*Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Торгонд амилсан шүтээн зураг үзэсгэлэн нээгдэнэ.
*Богд хааны ордон музей
Урлагийн тоглолт, баримтат киногоор үйлчилнэ.
*Уран зургийн галерей
Дүрслэх урлагийн түүх ба зурах урлал-ын нээлттэй хичээл, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач П.Бадандоржийн уулзалт ярилцлага.
*Монголын театрын музей
Хүүхэлдэйн урлагийн танилцуулга. Yзэгчдийг хүүхэлдэйгээр тоглуулна. Учиртай гурван толгой дуурийн тухай танилцуулга, үзэгчид дүрийн хувцас өмсөж, гэрэл зургаа авахуулна.
*Цэргийн түүхийн музей
Зэвсгийн талаар биет үзмэр ашиглан танилцуулга хийж, үзэгчид цэрэг, баатар хувцас өмсөн зургаа авахуулна.
*Монгол костюмс музей
Монгол хувцасны гайхамшиг загварын тоглолт үнэ төлбөргүй.
*Чингис хааны өв соёл музей
XX зууны Монгол гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.
*Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей
Уртасгасан цагаар үйлчилнэ.
Олон улсын музейн өдрөөр дээрх музейнүүд үзэгчдэд музейнхээ үйл ажиллагааг танилцуулж, тайлбарлах, илүү цагаар ажиллах, үнэ төлбөргүй үйлчлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах юм.
Эл тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын үндэсний музейгээр зочиллоо. Монголын үндэсний музей анх Монголын түүх соёл, байгаль орчныг ард олонд үзүүлэх зорилготой 1924 онд байгуулагджээ. 1940 оноос Орон нутаг судлалын төв музей, 1956-1991 онд Улсын төв музей нэрээр олонд танил байв. Улмаар Улсын төв музейн түүх, угсаатны зүй, археологийн хэсгийг Хувьсгалын музейтэй нэгтгэснээр 1993-1998 онд шинэчлэгдсэн байна. Өдгөө Монголын тэргүүлэх музейн нэг бөгөөд 750 мянган жилийн өмнөх хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал бүхий монголын түүх, соёлын үнэт эд өлгийн 40 мянга гаруй цуглуулгатай. Монголын үндэсний музей Монголын эртний түүх, Эртний улсуудын үе, Уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монгол аймгийн холбоо, нэгдсэн Монгол Улс X-XIX зуун, Монголын эзэнт гүрэн, Манжийн үе, Монголын уламжлалт соёл, аж ахуй, XX зуун гэсэн найман танхимтай.
Монголын эртний түүх
Уг танхимын Чулуун зэвсэг, хүрлийн үе үзмэрүүдэд Монгол оронд анх хүн суурьшин амьдарсан МЭӨ 750 мянган жилийн тэртээх үе буюу хуучин чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн сүүл, төмрийн түрүү үеийн /МЭӨ ҮII зуун/ түүхийг хамруулсан олдворууд багтана. Монголын чулуун зэвсгийн үеийг хуучин, дунд, шинэ үе буюу палеолит, мезолит, неолитын үе гэж хувааж үздэг. Энэ нь МЭӨ 750-3000 жилийг хамардаг учир цаг агаар болон хүмүүсийн аж амьдралд асар их өөрчлөлт гарсныг харж болно. Монгол нутгаас олдсон хамгийн эртний чулуун зэвсгийн дурсгал хуучин чулуун зэвсгийн үед холбогддог байна. Уг олдворыг Монгол, Орос, АНУ-ын болон бусад орны эрдэмтэд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй хэмээх газраас олж, судалсан байдаг.
Монголчуудын дээд өвөг Хүннү нар нь Монголын газар нутаг дээр МЭӨ 111-аас МЭ I зуунд өөрсдийн ноёрхлыг тогтоож байв. Энэ үед Хятадад Хан династи хүчирхэгжиж, хятадын Их цагаан хэрэм тэднийг Хүннү нараас тусгаарлаж байлаа. Та Хүннү гэдэг нэрийг сонсоод Хүннүгийн домогт хаан Атиллагийн тухай бодож байгаа биз ээ. Тэр Монгол нутаг дахь Хүннү нарын ноёрхол унах үеэр баруун зүг нүүдэллэсэн Умард Хүннүгийн удам бөгөөд хожим МЭ IҮ зууны Европыг донсолгосон их хаан байсан юм. Тус музейд Хүннүгийн үеийн 2000 жилийн настай ширдэг, булшны загвар, зоосон мөнгө зэрэг хадгалагддаг.
Түрэг, Уйгар болон Кидан гүрэн
Түрэг угсааны Түрэг, Уйгар, Киданы хаант улсууд МЭ ҮI-XII зуунд монголын нутаг дэвсгэрт ээлж дараалан төр улсаа байгуулан ноёрхож байв. Сэлэнгэ, Орхон, Туул голын сав нутгаар хаадын орд өргөө төвлөн оршиж байсан эртний түрэг угсааны хаант улсуудын дурсгал гэрэлт хөшөө, тахилын цогцолбор сүм хийд, булш бунханы дурсгалыг орчин үеийн судлаачид малтан шинжилж байна. Эдгээр улсаас Түрэгийн хаант улс маш хүчирхэг байжээ. Түрэг Уйгарын үе гэрэлт хөшөөгөөр алдартай бөгөөд музейд Түргийн хүчирхэг хаан Элтересийн хүү Культегины гэрэлт хөшөө, Тариатын гэгдэх гэрэлт хөшөөнүүд бий.
Yндэсний хувцас, гоёл чимэглэл
Эдүгээ Монголд 20 гаруй угсаатны бүлгүүд байдаг. Тэдний ихэнх нь өөрсдийн уламжлалт хувцас, гоёлтой бөгөөд тэдгээр нь тухайн угсаатны хүрээлэн буй орчин, түүх, аж амьдрал, ёс заншил түүнчлэн өмсч эдэлж буй хүний нас хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлж байдаг. Энэ танхимд дэлгэсэн ихэнх хувцас XIX зууны сүүл, XX зууны эхэн үед хамаарна. Музейд эрдэнийн чулуун жинс, алт, мөнгөн толгойн боолт бүхий ноёд, хатдын хувцас, гоёл чимэглэлийн зүйлс хадгалагддаг.
Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн
Монголын тулгар төрийг одоогоос 800 гаруй жилийн тэртээ Чингис хаан үндэслэжээ. 1206 онд Онон мөрний эх орчимд Чингисийн хаан өргөмжлөн, эсгий туургатан улс нэгдсэн билээ. Их Монгол улс талын нүүдэлчдийн төр засаглалын тогтолцоог бий болгож, соёл, үйлдвэрлэхүй хүчин, ахуй амьдралын уламжлалд тулгуурласан цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоо бүхий хаант улс байв. Их Монгол Улс хүчирхэгжин дэлхийн олон улсыг байлдан дагуулсан XIII-XIҮ зууныг Монголчуудын зуун хэмээн тэмдэглэдэг.
Дэлхийн хуурай газрын тэн хагасыг нэгтгэсэн Монголын эзэнт гүрэн нь хамгийн хүчирхэг үедээ Өмнөд Номхон далайгаас Сибирь хүртэлх, хойд Номхон далайгаас Хар тэнгисийн хооронд ЕвроАзийн асар уудам нутагт оршиж байлаа. Монголчууд энэ үед дэлхийн 50 гаруй шахам улс, угсаатантай зэвсэг зөрүүлж байлдан дагуулал хийжээ. Энэ хэсгээс Монголчуудын эртний шүтлэг, төрийн харилцааны гэрэгэ, монгол цэргийн хувцас, эртний хотуудын загвартай танилцана.