Төрийн албан хаагчдын чадваргүй байдал үйлдвэрлэгчдэд чөдөр болдог

Бизнес эхлэхийг хүсч, сонирхож буй хүмүүст тодорхой мэдээлэл өгөх зорилгоор тус нийгэмлэгээс http//www.sme-mongolia.com вебсайт нээжээ. Үүнээс бизнес хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой баримт, мэдээлэл, хууль дүрмүүдтэй танилцаж болох төдийгүй байнга шинэчлэгдэж байх аж. Тус хөтөлбөр одоо Дархан-Уул, Орхон, Завхан аймгуудад хэрэгжиж, хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдэд санхүүгийн эх үүсвэр авахад дэмжлэг үзүүлэх, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хөтөлбөрийн зохицуулагчид Монгол Улсын бүх аймгийн нутагт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр эрэл хайгуул олборлолтыг эмх замбараагүй хийснээс гол, нуур, цөөрөм ширгэж биологийн зарим төрөл зүйл устаж, цөлжих гамшиг нүүрлээд буй өнөө үед энэ байдлаас богино хугацаанд гарч, эдийн засгийн оновчтой бүтэц бий болгох шаардлага байна. Тиймээс орон нутгийн нөөц бололцоог ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, чөлөөт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр эрх баригчид ажиллаж чадахгүй байгаа юм.
Орон нутагт байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид дотоод, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болсон хэмээн үзэж байгаа ажээ. Мөн орон нутгийн эдийн засгийн хөгжилд чөдөр болж буй нэг хүчин зүйл нь бүсийн эдийн засгийг дэмжих бодлого, үзэл баримтлал, арга зүй байдаггүй, нутгийн захиргааны байгууллага чадварлаг боловсон хүчингүй, хүнд сурталтай тул үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээлтэй байна гэсэн юм.
Нөгөө талаар бизнесийн зөвлөгөө өгдөг байгууллагууд үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд нийцсэн мэдээлэл өгөх чадвар муу, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг ажээ. Бас аж ахуй эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх санхүү дутагдалтай, банкны барьцаанд тавих хөрөнгө, бизнесийн бодит төлөвлөгөөгүй учир хөрөнгө оруулалт хийж чаддаггүй гэнэ. Тиймээс эл хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийх, чанарыг сайжруулах, дотоод, гадаадын зах зээлд гаргахад нь дэмжиж туслах аж.
Тэгэхдээ нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг илүү дэмжих гэнэ. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Зээлийн баталгааны сан байгуулж жижиг дунд үйлдвэр болон хоршоодод шаардлагатай хөрөнгийн 50 хүртлэх хувьд бэлэн мөнгөөр зээлийн баталгаа гаргаж дэмждэг байна. Тэгэхдээ тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Мөн шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахад зориулж Лизингийн сан байгуулжээ. Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгаж үйлдвэрлэгчдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох Нэг цэгийн үйлчилгээ-г үзүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагтай хамт-ран төрийн үйлчилгээний талаар хэрэглэгчдийн дунд суурь судалгаа хийж буй гэнэ.
Т.Жанцан
Дугаар 98/417/