МУГТ Кёкүшюзан Д.Батбаяр Японд сонгуулийн үеэр эд материал, хүнсний зүйл өгөхийг доромжлол гэж үздэг

-Монголд МАХН, АН гэсэн хоёр том нам байна. Хоёулаа л Монгол улсын төлөө зүтгэж байгаа намууд. Гэхдээ миний хувьд АН-ыг сонголоо. Ардчиллын үрээр өнөөдөр ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүссэн улс орондоо сурч хөдөлмөрлөж, аялж зугаалан гадны соёл боловсролоос суралцан хэн нэгний зааснаар бус өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байна.
Манайх ардчилсан улс болоогүй байсан бол өнөөдөр Монгол улс ямар байх байсан бол гээд бодоод үзье л дээ. Зөвхөн өөр дээрээ жишээ авахад бидний хэсэг сумочид Япон явахгүй, би сумоч болохгүй, Кёкүшюзан гэж байхгүй байсан. Кёкүшюзан байхгүй болохоор Батбаяр сонгуульд нэрээ дэвшүүлээд өнөөдөр энд ярилцлага өгөөд суухгүй байлаа. Тийм болохоор манай улс ардчиллын замыг сонгосонд би баяртай байдаг. Нэгэнт Ардчиллыг сонгосон болохоор буцах зам байхгүй. Зорьсондоо хүрэхийн төлөө монголчууд бид тэмцэх ёстой. Тэр ч үүднээс АН-ыг сонгож, журмын гурван нөхрийнхөө хамт
Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших боллоо.
-Ховдоос нэр дэвших тухай ч бас яригдаж байсан санагдана. Нутгаас тань ийм санал хамгийн түрүүн ирсэн байх?
-Аав, ээж хоёрын маань нутаг болох Увс, Ховдоос, дээр нь одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргээс ч нэр дэвшээч гэсэн санал ирж байсан.
-Сонгинохайрхан дүүрэгт хамгийн түрүүн шийдвэрлэх ямар
асуудал байна вэ. Нэгэнт нэр дэвших болсон болохоор энэ бүхнийг судалж амжсан байх?
-Баянхошуу бол хөдөөнөөс шилжин ирэгсэд хамгийн ихээр амъдардаг газруудын нэг. Хааяа тэр хавиар явж байгаад харахад хотын төв, гэр хороолол хоёрын амьдрал эрс ялгаатай байгаа нь мэдрэгддэг. Тэр ч үүднээсээ юмуу, хотын хөдөө гэхчилэн хоч зүүх маяггай. Би үүнтэй хэзээ ч санаа нийлэхгүй. Харин ч хотын хамгийн хөгжилтэй дүүрэг болгохын төлөө ажиллах болно.
Монгол улс хөгжиж байна уу гэвэл хөгжиж байна. Тэр ч үүднээс би ард түмний амьдрал дээшилж байна гэж бодож явдаг байсан. Гэтэл яг гэр хорооллын айлуудаар яваад үзэхэд байдал өөр байна. Тийм учраас СХД-ийг
хөгжүүлэхэд өөрийн чаддаг, мэддэгээ зориулъя гэж шийдсэн. Нөгөө гурав маань ч намайг их дэмжиж байгаа. Ярьсан бол ярьсандаа, хэлсэн бол хэлсэндээ хүрэх ёстой. Сумогийн дүрэм бол маш хатуу. Сумод ямар нэг найраа байдаггүй. 16 жил энэ сумо гэдэг спортоор хүмүүжсэний хувьд би ард түмнийхээ өмнө худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Нэгэнт л УИХ-д нэр дэвшиж орсон бол өгсөн амлалтандаа хүрч, зорьсон зорилгоо биелүүлэхийг хүсч байна. Бид дөрвүүлээ энэ дүүргийг хөгжүүлэхийн тулд зүтгэнэ. Тиймээс ч дөрвүүлээ УИХ-д сонгогдож, дөрвөн бэрх буулгая гэж ярьж байгаа. / инээв/
-Хэрвээ та УИХ-ын гишүүн болбол ямар ашигтай, тустай ажил хийх вэ?
-Намайг Японд дэмжиж байсан танил нөхөд, найзууд маань бүгдээрээ Япон улсын их хурлын гишүүд, сайд, хотын дарга нар болчихсон байна. Энэ албан тушаалтнуудыг зөв ашиглаад, эх орондоо хөрөнгө оруулалт хийх том боломж гарч ирлээ. Юун түрүүн олон мянган монголчуудаа Японд гаргаж ажиллуулна. Энэ бол зүгээр ажилчин гаргах биш, ажилчдыг тэнд нь сургана. Энэ хүмүүсийн сурч мэдсэн зүйл нь эргээд Монголдоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголынхоо боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм. Япон улс хөдөлмөр хамгааллын хууль сайтай, иргэдийнхээ эрүүл мэндэд маш сайн анхаарал тавьдаг, цалин нь Солонгосыг бодвол хамаагүй өндөр.
Тиймээс монголчууд маань очоод ажиллахад ард үлдсэн гэр бүл, аав ээж, ах дүүгээ тэжээгээд зогсохгүй, монголдоо эргэж ирээд бизнес эрхлэх, тэнд сурсан мэдсэнээ энд хэрэгжүүлэх том хөрөнгө оруулалт болно гэж итгэж байгаа. Монгол улсаа байг гэхэд Сонгинохайрхан дүүрэгтээ хөрөнгө оруулалт хийе, хөгжүүлье, үйлдвэржүүлье, барилгажуулъя ард түмнии амьдралыг дээшлүүлье. Боловсролд нь анхааръя, залуучуудыг ажлын байртай болгож өгье. Дээр нь спорт, урлаг бүх тал дээр нь тусалъя. Японд сургах болон Японоос мэргэжлийн багш, дасгалжуулагч урьж авчиръя. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж дээр анхааръя. Сүүлийн үеийн төрөл бүрийн шинэ аппаратуудыг оруулж ирье.
Шаардлагатай бол эмнэлгүүдэд Япон эмч авчирч заалгая гэх зэрэг маш олон ажил хэрэгжүүлэхээр бидний дөрвөн нэр дэвшигч ярилцаж байна. Хийж хэрэгжүүлэх дээрх ажлуудтай холбоотой Японоос хүмүүс ирээд уулзалт хийгээд явсан. Ард түмнээрээ дэмжүүлсэн 10 зөв бодлого гэж АН-аас гаргасан. Эрүүл бие саруул ухаан, ашигт малтмалаас олсон ашгийг монголчууддаа тэгш хүртээе, монголдоо үйлдвэрлэл хөгжүүлье гэх мэтчилэн зөв зүйтэй бодлогууд бий. Үүнээс миний хамгийн их дэмжиж байгаа зүйл бол Монголдоо үйлдвэрлэх. Тухайлбал СХД-ийг үйлдвэрлэлийн дүүрэг болгох боломжтой гэж үзэж байгаа. Үйлдвэр байгуулснаар маш олон хүнийг ажлын байраар хангана. Энэ мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөчихөөд байна л даа. Нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор эргэлт буцалтгүй ард түмнийхээ төлөө зүтгэнэ..
-Магадгүй таныг сумогийн алтан хараацай, мэхний их дэлгүүр, Кёкүшюзан гэдгээр тань хүмүүс хайрлаж байгаа. Тэр ч үүднээс бохир гэгддэг улс төрөөс таныг харамлаж байж магадгүй?
-/инээв/ Үнэхээр зарим хүмүүс Кёкүшю та улс төрөөр яах юм бэ гэж байсан. Биеийнхээ амрыг бодох юм бол тэр нь надад дээр л дээ. Урьд нь сумо бөхөөр барилдаж байхад сонгуульд нэр дэвшиж болдоггүй, бизнес хийж болдоггүй гээд олон хэцүү дүрмүүд байсан. Өнөөдөр сумогоос зодог тайлсан болохоор намайг дэмждэг Япон найз нөхөд маань Монголд хөрөнгө оруулалт хийе, Монголоос ажилчид авч ажиллуулъя гэсэн олон саналуудыг надад тавьж байгаа. Тэдэнтэй зодог тайлсан Кёкүшюзанаас Монголын Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр очиж уулзах нь илүү байх нь ойлгомжтой. Тиймээс л УИХ-д нэрээ дэвшүүлж, Японд байгаа танилын хүрээг Монгол руу татаж, Япон-Монголын хоорондын гүүр нь болж ажиллахаар сэтгэл шулуудсан хэрэг.
-20.000 хүнийг Японд ажиллуулахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тэр асуудал юу болж байгаа вэ. Олон хүн үүнийг сонирхож байгаа нь лавтай?
-Яг 20 мянга ч биш, 30 мянга ч юмуу аль болох энэ тоог олон болгох талаар яригдаж байгаа. Болж өгвөл олон хүнийг Японд ажиллуулахын төлөө зүтгэнэ. Хоёр хоттой ажилчин гаргах талаар тохиролцож, өнөөдөр хэлэлцээний шатанд явж байна. Ер нь зөвхөн хүн гаргах биш, спорт, урлаг, боловсролын чиглэлээр хүүхэд, залуучуудыг сургах, мөн Япон хэлний курст сургах гээд олон ажил эхэлчихсэн байгаа. Энэ ажлыг СХД-т хамт нэр дэвшиж байгаа гурав маань их дэмжиж байгаа. Тийм учраас хамт олонтойгоо гараад ирэх юм бол энэ ажлыг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй болно.
-Сонгуулийн сурталчилгаагаа яаж хийж байгаа вэ?
-Сонгинохайрхан дүүрэгт нэг ч сонин, ширхэг ч чихэр тараагаагүй. Ямар нэгэн эд материалын юм тарааж, бага зэргийн юмаар ард түмнийг хуурах хүсэл надад алга байна. Ялангуяа ард түмнээ хуурч 5, 10 мянган төгрөг өгөх сонирхол бүр ч алга. Харин дорвитойхон ажил хийж, үр дүнг нь харуулъя гэж бодож байна. АН амлалтаа байнга биелүүлдэгтэй адил Кёкүшюзан ч амлалтаа дандаа биелүүлсээр ирсэн. Тэгээд ч би хийж чадахгүй зүйлээ хийнэ гэж худлаа хэлж үзээгүй. Японд бол сонгуулийн үеэр эд материал, хүнсний зүйл өгөхийг доромжлол гэж үздэг. Харин манайд амьдрал хэцүү байгаа учраас ард түмнийг яльгүйхэн зүйлээр хуурчихаад байна. Тэгээд ард түмэн хуурагдаж буруу хүнээ сонгочихдог, дөрвөн жилийн дараа амьдрал нь хэвээрээ үлддэг.
Өнөөдрийн 5, 10 мянган төгрөг, гурил, будаа гол биш, ард түмний төлөө юм хийж чадах хүн үү, амласнаа биелүүлж чадах уу, төрд олон нийтийг төлөөлж чадах хүн мөн үү гэдгийг мэдэрч сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ ард түмэн маань үүнийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх аа. Энэ сонгуульд ард түмэн ухаантай, зөв сонголтыг хийнэ гэдэгт би эргэлзэхгүй.
-УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр гаргасантай зэрэгцээд таны талаар зарим хэвлэлээр таагүй мэдээллүүд гарсан?
-Зарим нэг хэвлэлээр намайг маш их дайрч байгаа л даа. Сонгуульд нэр дэвшсэнээр маш их хардлага сэрдлэг, хар Пи Ар хийгдэнэ гэж хүмүүс хэлж байсан л даа. Гэхдээ би үүнд итгээгүй. Гэтэл нээрээ л сонгуульд нэр дэвших шийдвэр гаргангуут янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Би улсын мөнгө идээгүй, ямар нэгэн луйвар хийгээгүй. Намайг муулах нэг ч болов шалтгаан, нөхцөл гаргахаар би худал хуурмаг амьдарч явсангүй. Би Монголынхоо нэрийг гаргаж барилдаж явсан.
Японы иргэн болооч ээ гэхэд нь үгүй гээд эх орондоо ирсэн. Өнөөгийн эрхэлж байгаа бизнесээ цэвэр хөлсөө гоожуулж, хүчээ шавхаж байж олсон мөнгөөрөө босгосон гэж хэний ч өмнө бардам, бахархалтай хэлнэ, би. Уудлаад, ухаад буруу, булхай байхгүй болохоор гэр бүлээр оролдоно, эсвэл мафитай холбоно. Надад таньдаг мафи ч байхгүй. Японд мафи байдаг л гэдэг. Гэхдээ би мафи гэж ямар юм байдгийг мэдэхтүй. Мэдлээ гээд тэр мафи чинь маниар яах юм.
Авгай маань том охинтойгоо Японд сурч байгаа. Би бага хүүхэдтэйгээ энд, хоёр талд амьдарч байгаа нь үнэн. Ямар нэгэн хэвлэлтэй хэрүүл хийгээд, худал бичсэн зүйлд хариулт өгөх шаардлага байхгүй. Үнэн, худлыг ард түмэн надаас асуух байх, би ард түмэнд л хариулна. Өөрөөр хэлбэл Сонгинохайрханчууд намайг дүгнэнэ. Би өдий хүртэл Монголынхоо төлөө барилдаж яваад ирсэн. 78 кг жинтэй байсан 148 кг-ын жинтэй болтлоо бүх юмаа золиослоод зүтгэсэн. Миний хүсч байгаа зүйл бол монголчууддаа бага ч гэсэн тус болох. Тэр ч үүднээс улс төр рүү орж байхад намайг хэвлэлээр ингэж бичиж байгаа нь харамсалтай байна.
Тэгэхдээ надад гомдоод байх юм байхгүй, бичвэл бичнэ л биз. Би улс төрд орохоосоо өмнө хүмүүнлэгийн үйлст хэнээс ч дутахгүй оролцох юм шүү, энэ улс төрд байгаа хүмүүсийн ачааг жаахан ч гэсэн хөнгөлөх юм шүү гээд л зүтгэж байсан. Миний хийж байсан ажлууд их сонин шүү дээ. Таван аймагт нийтдээ 50 гаруй мотортой худаг гаргаж, заримыг нь засч ашиглалтанд оруулж өгсөн гээд миний санаачилж бүтээсэн олон ажил бий.
Тэр үед би улс төрд орно гэж бодох нь битгий хэл зүүдэлдэг ч үгүй байсан. Эх орондоо, зовж зүдэрч байгаа ард түмэндээ тусалъя гэж бодож ирсэн. Би улс төрд ороод өөрийн хийж байсан энэ ажлуудыг хэдэн арав дахин нугалж хийж чадна гэдгээ л мэдэж байна. Тийм болохоор зарим нэг хүмүүсийн ярьж, бичиж байгааг би тоохгүй ээ.
-Кёкүшюзаны найз нөхөд, бизнесийн хамтрагчид МАХН-д их байдаг. Тэднийгээ хаялаа гэх мэтээр л шуугиж байна л даа?
-/инээв/ Найз нөхөд, бизнесийн түнш гэдэг чинь тийм ядуу ойлголт байдаг юмуу. Надад тэгэж гомдох, ингэж ярих найз, түнш байхгүй. Харин ч намайг улс төрд орох шийдвэр гаргасанд бүгдээрээ баярлаж байгаа. Надад АН-ын найзууд олон бий, МАХН-ын найз ч олон бий, өөр намын болон нам бус найз ч байгаа. Бүгд соёлтой боловсролтой сайхан залуучууд, эрчүүд. Улс төрийн үзэл бодлоороо аль намд харьяалагдах нь хувь хүний эрхийн асуудал. Өөр намын гишүүд болчихлоо гээд найз нөхрөө больчихдог юм гэж байхгүй. Энэ яриа бол намайг улс төрд орж байгаатай холбоотойгоор барьж байгаа бэлэг юм биз дээ.
Найз нар маань над руу яриад Миний найз битгий буруу зөрүү ойлгоорой. Нам хамаагүй шүү. Харин ч Кёкүшюгээ улс төрд орсонд баярлаж байгаа шүү. Үргэлж хамт шүү гээд л ярьж байна. Ер нь хатуу хэлэхэд би аль намын гишүүн байхаас үл хамаараад хэнтэй нөхөрлөж, хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй. МАХН болон бусад намын гишүүний харьяалалтай сайхан нөхдүүд маань бас л улс орноо өөд нь татах гээд ард түмнийхээ төлөө ажиллаад явж байгаа улс төрчид. Тэдэнтэй муудах, хаягдах хаях асуудал гарахгүй. Хамгийн гол нь би улс төрийн үзэл бодолдоо үнэнч байх болно.
-Япон танилууд чинь ямар албан тушаалтай хүмүүс байдаг вэ. Ямар ямар салбарт хамтарч ажиллахаар болоод байгаа вэ?
-Токио хотын дарга, 7 сая хүнтэй Саятамо хотын дарга, парламентын олон гишүүд байна. Тэдэнтэй энгийн сайхан найзууд. Тэд намайг дэмждэг юм. Хамтран ажиллах тал дээр тэдэнд амласан юмнууд ч бий. Японыг Монголд сурталчилж өгөөч, бид Монгол руу хөрөнгө оруулалт хийе, Монголыг судалъя гэсэн хүсэлтүүд маш их байгаа.
Тухайлбал газар тариалан, машины үйлдвэрүүд, загасны аж ахуйд Монголоос 18-35 хүртэл насны ажилчид авъя гэж байгаа. Манай Монголчууд их сэргэлэн шүү дээ. Буцаад эх орондоо ирээд энэ мэргэжлээрээ ажиллах чадвартай байдаг. Бусад оронд очоод бие муутай боллоо гэдэг бол Японы хувьд эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг.
Нээрээ таныг сонгуулийн ажлаа хийлгэхээр Япон менежерүүд урьсан гэсэн сураг байсан?
-Тиймээ, Япон туслахтай болж байгаа. Хоёр залуу ирээд баахан судалгаа хийгээд өчигдөр буцлаа. Парламентын гишүүдийн, нөлөө бүхий хүмүүсийн менежер хийж байсан хүмүүс байгаа. Сонгуулийн Пи Ар, менежментийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс. Монголд ч гэсэн миний сонгуулийн менежментийн багт чадалтай, боловсролтой олон сайхан залуучууд нэгдэж ажиллаж байгаа. Надад итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн, намайг хамт олныхоо эгнээнд хүлээн авсан АН-ын удирдлагуудад баярлалаа гэж хэлье. Намын мянга мянган гишүүддээ энэ ярилцлагаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлье ээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
Дугаар 18/260/