Авралт эзний сүйрэл

Яагаад ч Хуйхуй хоч зүүснийг нь хэн мэдэхэв. Хуйхуй гэж хятадын хөлсний цэргийг тэгж нэрлэдэг байсан гэж хөгшдийн ярихыг бодоход тэдний үлдэгдэл байхыг үгүйсгэх аргагүй. За тэр яахав дээ. Монголд аль Хятад, Оросын үлдэгдэл эрлийз, хурлийз амьтан байхыг тэр гэхэв. Намжил тэдний л нэг биз. Орос хүн тархи ухаантай, Хятад хүн дотор ухаантай гэдэг үгээр бол Намжил ёстой адармаатай, дотрын дотор ухаантай толгой.
Зах зээл эхэлснээс хойш Намжилын хийгээгүй наймаа, Хятадад гаргаагүй түүхий эд байхгүй гэж хавийнхан нь шогшрох аж. Намжил халсан үедээ Бизнес гэгч бол хүн хүнээ цэвэрхэн идэхийн ухаан юм шүү дээ. Малууд аа гэж хүйтнээр инээдэг аж. Түүний чухам юу хэлээд байгааг нь ойлгож мэдсэн хүн хэн байгаа эсэхийг яаж мэдэхэв дээ.
Намжил хоёр жилийн өмнөөс хэн хүн зориглож эхэлмээргүй жинхэнэ чанга бизнес эрхэлж гарлаа. Цонхгүй шахам хоёр давхар том барилга барьж, тэндээ Хүн чи юу юм бэ? гэсэн лозунг маягийн юм хадаж үйлчилгээгээ нээдэг юм байна. Нээлт дээр Намжил Мөнгөтэй болъё гэвэл биеэ битгий хайрла. Энэ насаа хайрлах юм бол хойд насандаа жаргаж чадахгүй мэтийн их л гүнзгий утгатай маягийн үг хэлж, хавийн амьтныг архиар дайлаад Та нар биеэ хайрлахгүй бол би мөнгөө хайрлахгүй гэж уриа хашгирч байлаа. Намжилын өглөг буянаар тэр хавийн хүн амьтан ёстой нэг найгаж өнжөөд маргааш нь хартал Хуйхуй-гийн өчигдөр нээлтээ хийсэн үйлчилгээний төвийн гол хаалган дээр Хүний сэлбэгийн бүдүүн дэлгүүр гэсэн хаяг хадчихсан байв. Бас Хоёрдогч түүхий эд авах цэг гэсэн хаяг зүүсэн хаалга дээр хар мянган амьтан очер дугаар болон үс, цуснаасаа авахуулаад муудсан бие эрхтэнээ үнэ хүргэх гэж оволзох аж.
Муу шар Намбар өвлийн нүүрсний үнээр тал бөөрөө өгчихье гэсэн чинь 100 мянгаар авъя гэнэ. Арай ч хямдхан байна гэж үглэж гарч ирэхэд архичин Жанцан тал чихээ хоёр лонх юмнаас өгчихсөндөө баярлан иод тавиад боочихсон ормыг нь хүмүүст үзүүлэн ханхалзана. Өвгөн Зэвгэ гуай дайнд шархдаад муудсан баруун хөлөө 50 мянгад өгч гэрлийн мөнгөний өрнөөс гарна гэж үглэн зүтгэх аж. Харин бөх Даржаа 10 хүүхэдтэй болсон. Одоо боллоо. Хоёр төмсөө үнэ хүргэнэ. Жинхэнэ Монгол хэрэглэл дээ. Энэ хүүхнүүдийн ихэнх нь мэднэ гэж хавийн амьтныг инээлгэж очероо хүлээнэ. Мөнгөний үнэр авсан олон бүгд л тайван хөгжүүн байх аж.
Үнэхээр Намжилын энэ бизнес ойр орчны ядуу зүдүү амьтадыг баярлуулж нэг л хэсэгтээ мөнгөжүүлэх нь тодорхой болоод явчихав. Тэр өдөр Бумаа гэдэг олон хүүхэдтэй авгай нэг сзргэлэн шар хүүгээ 500 ногооноор өгч хамгийн том наймаа хийсэн нь од болж, атаач хүүхнүүдийн аазгайг хөдөлгөв бололтой. Маргааш нь бага насны арваад хүүхэд Намжилын гарт хямдхан гүйгээд орж иржээ. Мэдээж тэднийг Хятадын хүний наймаачид дуу алдаад авна л даа.
Харин сэлбэгийн дэлгүүрт нь хөлдүү нөхцөлд хадгалсан чанар сайтай хүний бөөр, зүрх, цэвэр шивээстэй шивээсгүй арьс зэрэг сэлбэг дээр бөөн алалцаан болж байсныг хоёрдогч түүхий эдийн цэгийнхэн мэдсэнгүй. Тэр байтугай Бумаагийн нөгөө муу 500 ногооны шарыг нэг баян хужаа 50 мянган ногооноор авч оджээ. Намжил адармаатай эр болохоороо саяхан таалал төгссөн нэг бөхийн зүрхийг сэм авч хөлдөөсөн нь нэг сая долларт хүрч талийсан ажээ.
Ийм маягаар амьдрал цэцэглэж Намжилын мөнгөнд унасан хүмүүс өрөөлийг байтугай өөрийгөө хайрлахгүй, нойр хоолгүй ажиллахгүй яахав. Хөгшин хөвгүүнгүй хоёрдогч түүхий эдийн төлөө ухаан зарна. Хүний шивээстэй арьс хуу татах, нүд ухах, үс зулгаах амьтан захаас аван тааралдана. Цагдаагийн эрүүлжүүлэх газар, эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг зэрэг газрууд нь Намжилын томоохон бэлтгэн нийлүүлэгч болон ёстой завгүй ажиллаж, зуурдаар амь насаа алдлаа гээд ачуулж байв.
Намжилын бизнесийг дээд газар судлан үзээд нийгмийг цэвэршүүлж байгаа онцгой үйл ажиллагаа гэж үнэлэн үзэж, түүнд Авралт эзэн цол олгов. Настайчууд өндөр наслан өлсөж цангаж элдэв муу юм үзэж байхаар Намжилын алган дээр нойрсох нь дээр гэж үзэх боллоо. Ерөнхийдөө Намжилаас илүү энэрэнгүй амьтан үгүй мэтээр тусгагдан байтал гэнэт Улаан сахиус бурхны хилэн хөдөлж, нөгөө Галсансүх модернистийн Чи битгий давар гэдэг үгийг шууд хэлэн улаан циклон хуй босгож Хүн чи юу юм бэ? төвийг эзэнтэй нь хамт залгиж орхив.
Эрхтэнээ зарж Намжилын хүчээр амьдралаа залгуулж байсан хавийн хүн амьтан уйлан гашуудаж, Бурхан минь биднийг яаж амь зуу гэж Авралын эзэн-ийг минь биднээс салгав аа гэж орилон бархирсаар хоцорч билээ. Хүний бааш гэдэг барагдах юм биш. Энэ эмгэнэлтэй явдлыг эрх баригчид минь хараад харин учиргүй инээлдэж, дараагийн жүжгийн төгсгөлийг харахаар хуурмаг ардчиллын танхим руу хүнд биеэ дааж ядан баацганан алхаж одлоо. Энэ мэтээр үлгэр ямар дуусах биш дээ.
Н.Даваа
Дугаар 101/9657/