Согтуу төгсөгчид

Оюутан сурагчид төгсөлтийн баяраа архи тамхигүй тэмдэглэж, амралтын газар, голын хөвөө даган зугаалахыг хориглоно гэх утгатай энэ тушаал жил бүр л гардаг хэрнээ огт хэрэгждэггүй гэж хэлэхэд болно. Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Гантулга, цагдаагийн дэслэгч С.Лхагвасүрэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахмад Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн нар хамтран ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудад сайдын тушаал хэрхэн хэрэгжиж буйг өнгөрсөн пүрэв гаригт шалгасан юм.
Замдаа Баянзүрхийн товчоо болон Хан хэнтий тусгай хамгаалалттай газрын замын шалган нэвтрүүлэх постод тав арван минут саатан өчигдөр, өнөөдөр хэчнээн оюутан, хэдэн автобус амралтын газар луу гарсаныг тандав. Энэ шалганаар гарахад манай нэг иргэн 300 , гадаадын нэг иргэн 3000 төгрөг төлж нэвтэрдэг юм байна. Шалган дээр гарч байгаа байцаагчид нэг ч оюутан гараагүй хэмээн хэллээ. Гэхдээ баасан гаригаас эхлэн оюутнуудын цуваа эрс ихэсдэг талаар мэдээлэл өгөв. Төлөвлөсөн шалгалт үр дүнгээ өгөхгүй нь хэмээн тэрхэн зуур бодогдож байсан ч ахлах дэслэгч Ч.Гантулга Амралтууд оюутнуудаар дүүрсэн байгаа даа. Та нар харж л байгаарай гэснээр бид цааш хөдөлсөн юм. Таамаг зүй ёсоор болов. Эхний бөмбөг Тэрэлж Болор амралтын газарт дэлбэрлээ. Эрчим хүч дамжуулах компанийн харьяа Болор амралтын газар оюутан залуусаар дүүрэн байлаа. Энд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн гурав, Монгол улсын их сургуулийн нэг, Хэл иргэншил дээд сургуулийн хоёр анги төвхнөөд хоёр хонож байгаа гэнэ. Амралтын газрын ерөнхий дүр төрх нь гэвэл гадаа оюутнууд хөөцөлдөж тоглоод, бөмбөг шидэж эсвэл нэгнээ усаар цацаж байгаа харагдсан. Гэхдээ амралт руу ойртоод очиход согтуу охид хоёр гурваараа хөлхөж, хэн нэг нь уруу газар луу өнхөрч уначих гээд л. Бид эхлээд өвлийн байранд нь орлоо. Ширээн дээр ундаа шар айраг, архины лонх хөглөрч дутуу татсан тамхины иш, бэлэн гоймон, чихэр шоколад, боов, боорцогны хоосон уут нэмэрлэн өрөөний өнгө төрхийг гутаана.
Үнэр танар гэж авах юм алга. Шартсан нэг нь толгойгоо бүтээн унтаж байх юм. Түүнийг сэрээн хэдэн зүйл асуулаа. Худалдаа үйлдвэрлэлийн Худалдаа менежментийн төгсөх ангийн оюутан гэж өөрийгөө танилцуулав. Болор амралтад хоёр хоногийн өмнө ирсэн юм байх. Мөн нуулгүй хэлье, хоёр авдар Алтан түрүү архитай ирсэн гэж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 232 тоот тушаалыг огт сонсоогүй гэнэ. Улмаар ангийн багш болоод хариуцаж яваа этгээд энд алга. Коридорт нь хэн нэгний дотоож сул тэнүүчилж явсан. Тус сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнууд гэрт байрлажээ. Ангийн дарга охин нь ирээд Та нар юугаа шалгадаг юм. Бид баяраа тэмдэглэж байна. Хүний эрхэнд халдлаа. Тэгээд ч архи уусан хүн алга гэх маягийн юм ярив. Гэрт нь орлоо. Ширээн дээр нэг архи, нэг дарсны хоосон шил байв. Нөгөө охин ангиараа нэг шил Болор уусан юм. Харин нэг танил маань дарсаар биднийг дайлсан гэх тайлбар өгөв. Гэхдээ түлээний савнаас нь жижиг том Хараа архины нэлээд хэдэн шил гарлаа. Гэсэн ч хүлээх янз алга. Тэр 232 тоот тушаалыг сонсоогүй гэнэ. Гэрийнх нь үүдэн бас нэг халамцуу оюутан Миний ромбо, диплом хаана байна гэж утсаар ярьж суусан. Хажуугаар нь шар айрагны шалчийсан лааз, ууттай хог хөглөрнө. Амралтын газрын үйлчлэгч эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-ноос өдөр бүр оюутнууд ирж амарч байгаа болон хавтгай архидалт болж байгаа талаар хэлж байсан юм. Эл хугацаанд дунджаар Болор амралтын газар 500 гаруй оюутан хүлээн авчээ.
Шалгалт хийсэн өдрийн орой ч Хүмүүнлэгийн их сургуулийн 20 оюутныг хүлээн авах захиалга авч амжжээ. Гэхдээ энэ өдөр шалгалтынханд үзүүлэх тусгай зөвшөөрлийн болоод ажлын байрны дүгнэлтийн бичиг баримт хариуцан ажиллаж байгаа зохион байгуулагчид нь гэх хүнд байсангүй. Болор амралтын газрын цаахна талд тав орчим км газарт нэгэн хүнсний дэлгүүр байна. Энгийн хувцастай иргэдэд бол нуусан архиа дамлаж зараад, албаны хувцастай хүмүүст болохоор архи байхгүй хэмээн хэлж гаргана лээ. Архи зарж борлуулах тусгай зөвшөөрөлгүй энэ дэлгүүрийн далд нуусан архи, шар айргийг цагдаагийнхан хураан авсан юм. Харин худалдагч биднийг гарах гэхэд хойд дэлгүүрт ч гэсэн архи зардаг хэмээн мэдээлэл өглөө. Хойд дэлгүүрээр орлоо. Ил лангуун дээр архи алга. Цагдаагийнхан албаны хувцастай орохоор тэд үргэнэ. Бас л энгийн хувцастай хүн оруулав. Домогт мэлхий хад гэдэг компани аж. Нэг шил Чингис архинд 15 мянга, нэг шил боргионд 1500 төгрөгийн ханш тогтоожээ. Хоёр авдар шар айраг, таван дарс, нэг шил Чингис архи авья гэхэд байгаа гэж байна. Архиа дэлгүүртээ, дарсаа гэртээ, шар айргаа агуулахдаа нуужээ. Цагдаагийнхан мөн л тэдгээрийг хураав.
Худалдагч нь бас л Хойд дэлгүүрт архи зардаг юм, хураасан уу? гэж байгаа дуулдсан. Хашаан дотроо хэдэн гэр барьчихаж. Орой нь Улсын боловсролын их сургууль, Улаанбаатар дээд сургуулийн оюутнууд энд ирэх ёстой аж. Гэрт байрлах нэг хоногийн хөлс нь 25 мянган төгрөг юм байна. Цаашаа Засгийн газрын амралт үйлчилгээний Горхи цогцолборт очлоо. Энэ амралтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Био технологийн ангийн оюутнууд сонгон иржээ. Арваадхан хоногийн мөн энэ амралтын газрын хоёр давхарын 12 тоот өрөөнөөс есдүгээр ангийн сурагч унаж амиа алдсан юм. Амралтын газрынхан оюутан сурагчдад үйлчлэхгүй гэсэн тушаалыг мэдээгүй гэж байсан. Ер нь аль ч амралтын газар, шалган нэвтрүүлэх товчоо, дэлгүүр хоршоо орлогоо бодоод оюутан залуусыг ил алд бүх л хэлбээрээр хүлээн авч архидалт болоод эмх цэгцгүй байдлыг өөгшүүлж байгаа нь харамсалтай санагдсаныг нуух юун. Оюутнууд амралтын газар ирэхдээ ихэвчлэн цогц үйлчилгээ үзүүлдэг гэх NICE, Хүүхэд залуусын хөгжил үндэсний төв гэх мэт газруудад ханджээ. Хоёр өдөр автобусаар үйлчилж амралтын газар зуучилж өгөөд цогц үйлчилгээний газрууд 40, 50 мянган төгрөг авдаг аж. БСШУЯ-наас их дээд сургуулиуд болоод холбогдох байгууллагуудад 232 тоот тушаалыг хүргүүлсэн ч цагдаагийнхан шалгахад нэг ч газар хууль тогтоомжоо дагаж мөрдсөн нь үгүй байлаа.
Д.Мягмаржаргал
Дугаар 101/9657/