9.4 сая еврогийн төсөл хэрэгжинэ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг болон Европын холбооныхон энэхүү төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Төслийг хэрэгжүүлэх үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хүлээж байгаа аж. Европын холбоо болон дээрх төслийн багийнхан, ХХААЯ-ны мэргэжилтнүүд төслийн явцын талаар уулзалт хийсэн юм.
Өнөөдөр дэлхий дахинаа хүнсний хямрал нүүрлээд байгаа. Манай улсын хувьд мах, сүүнээс бусад хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг импортоор хангадаг. Тиймээс ч хүнсний хямралыг даван гарах, 2010 он гэхэд таван төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьж, Атрын III аян-ыг эхлүүлээд байгаа билээ.
Мөн энэ жилийг Засгийн газраас Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил болгон зарлаад байгаа. Энэхүү төслийн ерөнхий зорилго нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгах, хөдөөд ядуурлыг бууруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газраас гаргаж буй санаачлагыг дэмжих юм. Цаашлаад хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг Европын холбоо, дэлхийн зах зээлд гаргахад оршино хэмээн Европын холбоо, Европын комиссын төлөөлөгчийн газрын дарга Михайл Пулч хэлж байв. Манай улсаас Европын холбооны зах зээл рүү гаргаж байгаа экспорт сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Европын холбооны зах зээлд нийлүүлэх манай улсын бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Ялангуяа тэмээний ноос, ноолууран бүтээгдэхүүн дээр түлхүү анхаарах болно гэдгээ Европын холбооны албаны хүмүүс мэдэгдэв.
Энэхүү төслийг Засгийн газраас зарлаад байгаа Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил болон Дэлхийн банк, Европын холбооноос хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдтэй уялдуулан зохион байгуулах юм байна. Мөн дээрх төслийн хүрээнд Европын холбооны улсуудаас манай улсад хэд хэдэн жижиг төсөл хэрэгжих аж. Тухайлбал Франц улсаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл энэ онд хэрэгжих юм байна.
Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зээл төсөл нь Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд сонгогдсон аймгуудын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, одоогийн байдал ямар түвшинд байгаа, цаашид нийлүүлэх техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлох зэргээр холбогдох судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байгаа аж. Судалгааны ажил нь зургаадугаар сарын 30 гэхэд дуусах юм. Судалгааны ажил дууссаны дараагаар сургалтууд явагдаж, техник хэрэгслийг нийлүүлж эхлэхээр болжээ. Төсөл нь таван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Европын холбоо, Азийн итгэлцлийн сангаас 9.4 сая еврогийн санхүүжилт хийх юм байна.
Энэхүү төслийг амжилттай болгохын тулд юуны түрүүнд мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, гамшгийн эрсдлийг бууруулахад техникийн менежмент хийж, эрх зүйн зохицуулалт, стандартыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ялангуяа малаас хүнд халдварладаг бруцеллёз зэрэг аюултай өвчинтэй тэмцэх замаар мал болон хүний эрүүл мэндийг сайжруулахад голлон анхаарч ажиллах аж.
Дашрамд дурдахад дээрх төслийн удирдагчаар монгол хүн ажиллахаар болжээ. Басхүү төслийн багийн гишүүдийн дийлэх хувийг Монголын мэргэжилтнүүд бүрдүүлэх юм байна.
С.Болд
Дугаар 101/9657/