УИХ ын 2008 оны сонгуульд өрсөлдөх нам, нэр дэвшигчдэд хүргүүлэх хөдөлмөрчдийн нийгмийн захиалга

Гэвч хүний болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд улс төрийн шийдэл хүлээсэн, бодитой үр дүн шаардсан олон асуудал байсаар байна.
Өрхийн сарын дундаж зарлага орлогоосоо давж, цалин хөлсний хэмжээ хөдөлмөрийн хүний өдөр тутмын хэрэгцээг хангахгүй, орлогын ядуурал бодитой оршсоор байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад огцом өсч 13,8 хувьд хүрээд байна.
Хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрээний хамгийн их тулгамдаж буй бэрхшээлийн нэг нь орон сууцны үнийн хөөрөгдөл болоод байна. Сүүлийн үед орон сууцны үнэ ханш огцом өсч нэг ам метр талбайн үнэ нь зардал өөрийн өртгөөсөө 2-4 дахин их болсон байна. Иймд иргэдийн дийлэнх хэсэг, ялангуяа залуу гэр бүл, ядуу болон бага, дунд орлоготой өрхүүд өөрсдийн хөрөнгөөр байтугай зээл аваад ч орон сууцтай болох боломжгүй боллоо.
Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төсвийн орлого, зарлагад хамааруулж, улмаар төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулж төсвийн санхүүжилтэд дайчлан ашиглаж, уг сангийн нөөц хөрөнгө болон чөлөөт үлдэгдэлд хэт бага хүү төлж байгаа нь нийт даатгуулагч иргэдийг хохироож байна.
Хүнсний аюулгүй байдал болон уул уурхайн олборлолт, ашиглалтаас үүдсэн байгаль орчны бохирдол, химийн хорт болон аюултай бодисын зохисгүй хэрэглээний сөрөг үр дагавар нь эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Өнөөдрийн байдлаар олон мянган ажилчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй ажлын байранд ажиллаж байгаагаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх, тахир дутуу болох улмаар амь насаа алдах тохиолдлууд гарсаар байна. Зөвхөн 2007 онд гэхэд үйлдвэрлэлийн 343 осол гарч, 207 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдаж, 65 хүн тахир дутуу болж, 88 хүн нас барсан байна. Налайхын нүүрсний орд газарт гэхэд 1990-2007 оны хооронд ослын улмаас 137 хүн амь насаа алджээ.
Үндэсний хөгжлийн бодлогыг хүн ам зүйн хөгжлийн төлөвтэй нягт уялдуулсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого үгүйлэгдэж байгаагаас ажил эрхлэлтийн түвшин дорвитой нэмэгдэхгүй байна.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрс хурдасгаж шударга өрсөлдөөн, өндөр бүтээмж, хүний хөгжлийн хүчин зүйлийг бүрэн ашиглан дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг эрс дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд МҮЭ-ийн холбооноос 21 аймаг, нийслэлийн иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг нэгтгэн авч дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Улсын Их Хурлын 2008 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд МҮЭ-ийн холбооны санал, хөдөлмөрчдийн нийгмийн захиалгыг толилуулж байна. Үүнд
Нэг. Эдийн засгийн хөгжлийг дэмжих, үнэ ханшийг тогтворжуулах хүрээнд
1. Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шударга өрсөлдөөн, бүтээмжийн хүчин зүйлийг ашиглах үндсэн дээр дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 10-аас доошгүй хувьтай байлгах
2. Хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифыг тогтворжуулан жилийн инфляцийг 5,0 хувиас хэтрүүлэхгүй байлгах
3. Эдийн засгийг төрөөс зохицуулж, стратегийн ач холбогдолтой бараа, үйлчилгээг тодорхойлон баталгаажуулах, мах, гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, үнийг төрийн хяналтад байлгах
4. Түлш, эрчим хүч, цахилгаан дулаан, нийтийн тээврийн салбарын алдагдлыг бусад эх үүсвэрээр нөхөх замаар үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх
5. Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч түүний стандартыг шинэчлэн мөрдүүлэх, импортын бүтээгдэхүүнд тавих гаалийн болон мэргэжлийн хяналтыг сайжруулах, хүнсний хангамжийн гадаадаас хараат байдлыг үе шаттайгаар арилгах
6. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн орд газрыг ашиглахдаа улс үндэстний хөгжил, аюулгүй байдлыг хангаж, тухайн орд газрыг дагасан хот сууринг барьж байгуулах,
7. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж дотоодын зах зээлийг хамгаалах, хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
8. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсвийг батлахад жил бүр хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг улсын хэмжээний байгууллага /МҮЭ-ийн холбоо/, ажил олгогч эздийн байгууллага /МАОЭНХ/-ын саналыг албан ёсоор харгалзан үзэж, зөвшилцөж байх
9. Мөнгө, зээлийн оновчтой бодлого хэрэгжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад хатуу валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх
10. Хувьчлалыг олон нийтэд нээлттэй явуулахын зэрэгцээ хувьчлагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ҮЭ-ийн хороог холбогдох мэдээллээр хангаж, тухайн ҮЭ-ийн байгууллагатай ажилтнуудын эрх ашгийн талаар зөвшилцөх
Хоёр. Цалин хөлс, нийгмийн хамгааллын хүрээнд
11. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийн 3-5 дахин нэмэгдүүлж хуримтлал бий болгох нөхцөл бүрдүүлэх
12. Монгол ажилтны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар олон улсын зах зээлийн жишигт хүрч борлогдсон тохиолдолд жишиг цалинг нь олгодог болгоход нөлөөлөх
13. Тэтгэврийн нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулах, түүнийг арвижуулах, өвлүүлэх нөхцөл бүрдүүлж нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх цогц арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх
14. Хувь хүний орлогын албан татвараас жилд чөлөөлж байгаа 840.000 төгрөгийг 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс 1680.000 төгрөг болтол өсгөх
15.Гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хуульд нэмэлт оруулах
16.40000 орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлж, цалингаараа орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх, залуу гэр бүл, ядуу болон бага, дунд орлоготой өрхүүдэд орон сууц авахад төрөөс 50-иас доошгүй хувийн хөнгөлөлт үзүүлэх
17. Эрүүл мэндийн салбарт технологи, эмчилгээ-оношлогооны шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас тусад нь бие даалгаж зах зээлийн механизмд тохирсон үйл ажиллагаа явуулах
18. Хүн амын нэн ядуу давхаргад үйлчлэх буяны эмнэлгийн сүлжээ, бүтцийг гадаад дотоодын дэмжигч байгууллагуудтай хамтран бий болгож мэргэжлийн байгууллагын хяналт дор ажиллуулах
Гурав. Хөдөлмөр хамгаалал, хууль эрх зүйн хүрээнд
19. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах
20. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хуулийг нэн даруй батлан мөрдүүлэх
21. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хөрөнгийг осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн төлбөр олгох, эмчлэн сувилах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зарцуулдаг болгох
22. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Нийгмийн хамгаалал-ын 102, Цалин хөлсийг хамгаалах тухай 95 дугаар конвенциудад нэгдэн ороход нөлөөлөх
23. МҮЭ-ийн холбоог УИХ-д суудалтай, хууль санаачлах эрхтэй болгох
24. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэн хариуцлагатай нийгмийн тогтолцоо бүрдүүлэх
25. Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудын хоорондын зөрчлийг арилгах, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг хүчингүй болгох
Дөрөв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хүрээнд
26. Бодит ажилгүйдлийн судалгааг нарийвчлан гаргасны үндсэн дээр монгол хүн ажиллах боломжтой ажлын байранд гадаадын иргэдийг ажиллуулахгүй байх төрийн бодлого боловсруулан ажил эрхлэлтийн түвшинг 80-аас доошгүй хувьд хүргэх
27. Ажлын байр шинээр бий болж байгаа уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг салбарт мэргэжлийн сургалтыг чиглүүлж үйлдвэрлэл дээрх сургалттай хослуулах
28. Зохист хөдөлмөрийн үзэл санааг бүх талаар хөхүүлэн дэмжих
29. Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх болон бусад эрхийг хамгаалахад анхаарах
30. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрийг хориглох, устгах
31. Ядуурлын түвшинг эрс бууруулж 10-аас доош хувьд барих ядууст чиглэсэн нийгэм, эдийн засгийн тусгалсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх
Тав. Хүний хөгжлийн хүрээнд
32. Оюутан, сурагчдад төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлт, дэмжлэгийг нэмэгдүүлж боловсролын байгууллагууд ялангуяа их, дээд сургууль, коллежийн сургалтын чанар, стандартыг дээшлүүлэх
33. Хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа нас, хүйс, үзэл бодол, хөрөнгө чинээ, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхах ноцтой зөрчлийг таслан зогсооход нөлөөлөх
34. Улсын болон орон нутгийн дараа оны төсвийн төслийг боловсруулахаас өмнө тухайн түвшний хамтын хэлэлцээрийг байгуулж байх эрх зүйн орчин бүрдүүлэх
35. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хичээлийг их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах
Зургаа. Бүс нутгийг дэмжих хүрээнд
36. Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх
37. Дорвитой томоохон хөрөнгө оруулалт хийж нийслэл хотын агаарын бохирдол, нийтийн тээвэр, замын асуудлыг шийдвэрлэх
38. Хөдөөгийн хөдөлмөрчид, малчид, тариаланчдын нийгмийн асуудал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд төрийн зүгээс бодитой анхаарал тавих
Долоо. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд
39. Нийгмийн түншлэлийн чадавхийг бэхжүүлж, гурван талт зөвшилцлийн механизмын үр нөлөөг дээшлүүлэх
40. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд түншлэлийн гурван талын төлөөллийн оролцоог жигд хангаж байх
41. Төрийг авилга хээл хахууль, хүнд суртал, хариуцлагагүй байдлаас ангижруулж үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй болгох.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО