Мөнхийн хот

Өдгөө гурван мянган жилийн настай тус хот нь шинэ эрин үед Итали улсын нийслэл болсон ч тэртээх гурван мянган жилийн өмнөх Ром нэрээ хадгалсаар ирсэн нь бахархалтай.
Ромыг мөнхийн хот хэмээн нэрийдэх нь ч бий. Анх байгуулагдаж байх үедээ олон ядуу иргэдтэй, хэдхэн ширхэг жижиг байшинтай байсан ч одоо дэлхийн соёл иргэншил, урлагийн хот болсон байна. Тус хот олон мянган жилийн түүхэндээ тэмцэл, сэргэн мандалт, уналт доройтол гээд байж болох бүхэнтэй учирсан ч тэр бүхнийг даван туулж ирсэн гайхамшигт түүхтэй. Ром хот хөрш зэргэлдээ олон омог аймгуудаа эзлэн авч, таван зуун жилийн дараа гэхэд бүхэл бүтэн нэгэн улсыг нэгтгэн байгуулсан нь өдгөөгийн Итали улс.
Тус хотын барилгууд нь гайхалтай урлагийн бүтээл байдаг учир дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн авьяастнууд Ром хотын барилгуудыг харж үлгэр жишээ авах буюу бидний ярьдгаар будаа идэхээс гадна, ур ухаанаа шингээн бий болгосон бүтээлүүдээ дээд хэмжээгээр үнэлүүлэхийн тулд Ромыг зорих урчуудын тоо ч нэлээд элбэг байдаг байна. Учир нь Ром хот гайхамшигт урлагийн бүтээлийг жинхэнэ утгаар нь үнэлж чаддаг бөгөөд хүссэн мөнгөн үнэлэмжийг нь ч уран бүтээлчдэд олгодог гэнэ.
Ром хотын төвд байрлах, хотын зүрх нь гэж хэлж болох байгууламж бол Форум талбай юм. Манай эриний ҮI зууны үед бүтээгдсэн энэхүү талбайн дээд хэсгээр 600 гаруй түүхэн дурсгалт хөшөө баримал, хэдэн зуун жилийн настай модод байх бөгөөд урлаг судлаач нар энэхүү талбайг жинхэнэ уран барилгын хэв шинжийг агуулсан төв цогцолбор хэмээн нэрлэдэг аж. Форум талбай дээрх чулуун хавтангууд дээр Ромын бурхад бүрт зориулан босгосон сүрлэг том баганатай сүмийн барилга олон байдаг байна. Бурхад бүрт гэдгийг уншигч та гайхаж магадгүй. Харин Ромчуудын хувьд энэ нь тийм ч сонин үзэгдэл биш юм. Учир нь Ромд нийт үндэстний, айл гэрийн, хогийн өвсийг устгадаг зэрэг бүгд тус тусдаа бурхадтай байдаг гэнэ. Харин хотын иргэд нь тийм ч их шүтлэгтэй биш.
Ромчууд түүхээ дээд зэргээр хүндэтгэн үздэг бөгөөд үүний гэрч нь Форум талбай руу зүсэн орсон мэт цайз хэлбэртэй барилга. Энэ барилгад Ромчуудын хэдэн мянган жилийн түүхийн архив оршиж байдаг. Энэхүү архивт зөвхөн тус улсын ч бус өмнө нь Ромтой ямар нэгэн шижмээр холбогдож байсан овог, аймаг, улс, хот түүний үр удмын талаарх түүхэн баримтуудыг ч хамтад нь хадгалж байдаг гайхалтай заншилтай аж.
С.Наран
Дугаар 101/9657/