Л.БанзрагчЭнэ л миний хобби юм болов уу

Түүнийг Хобби буландаа зочноор урьсан юм.
-Та манай сонины Хобби буланд уригдлаа. Өөрийнхөө хоббиг уншигчдад маань сонирхуулахгүй юу?
-Надад хобби гээд байхаар сүртэй зүйл байдаггүй юм. Харин байгалийн сайханд аялах дуртай.
Найз нөхөдтэйгээ нийлээд сайхан байгальтай газруудаар явах, цэвэр агаарт гарах хэнд ч сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа би хөдөө гадаа их явдаг. Миний хувьд эх орныхоо 21 аймагт очиж үзсэн. Бас манай улсын хэмжээнд 360 гаруй сум байдаг шүү дээ. Түүний 80 гаруй сумд очоод үзчихсэн. Энэ бол урлагийн л буян.
Ямар нэгэн зүйл сонирхож цуглуулдаг л байх?
-Мөнгөн эдлэл тэр дундаа аяга, бөгж цуглуулдаг. Мөн морины янз бүрийн тоног хэрэгсэл их цуглуулна. Мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн даруулга гэх мэт зүйлүүд бий. Бас заавал мөнгө гээд байхгүйгээр энгийн хазаар ногт, эмээл гэх зэрэг морины хэрэгсэл цуглуулах дуртай. Энэ л миний хобби юм болов уу.
-Цуглуулга чинь хэр арвижиж байна? Ер нь хэзээнээс эхэлж ийм зүйлүүд цуглуулах болов?
-Энэ зүйлүүдээ би оюутан байхаасаа л цуглуулж эхэлсэн. Нэлээд арвин болж байгаа. Ялангуяа мөнгөн аяга нь бусдаасаа их болсон байх. Манай Монголчууд аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээдэг шүү дээ. Тэр утгаар нь арай илүү цуглуулсан юм болов уу.
Энэ л миний хобби юм болов уу
Дугаар 101/9657/