Спортын мастер А.Зориг Намайг ууланд авираад бууж явахад, миний хүүхдүүд төрж таардаг

80 шүргэж яваа энэ эрхэм өнөөдөр 25-тай хүүхэд шиг л үсэрч харайж явна. Спортын хүн болохоор амарч суух дургүй ажээ. Тэрээр хүүгийнхээ нэрээр Алтай танхимыг нээсэн байна. Ингээд уулын спортын анхны мастер А.Зоригийн яриаг хүргэж байна.
-Та сайхан зусч байна уу. Таныг уулчдын дурсгалд зориулж танхим нээсэн гэж сонссон?
-Танай сонины хамт олонд энэ өдрийн мэнд хүргэж байна. Энэ жил Монролын уулчид Эверстэд хөл тавьсны 10 жил, Гималайд хөл тавьсны 15 жилийн ой болон Бээжингийн олимп гээд олон сайхан үйл явдал нэгэн зэрэг тохиож байгаа болохоор Алтай танхимаа нээсэн. Танхимдаа 1911-ээс 2000 оны хооронд гарсан спортын амжилт болон түүхэн үйл явдлыг харуулсан Уулчны алдар, Уулчны гавьяа гэсэн хоёр самбар бий болгосон. Бидний үеийн хүчин зүтгэл, чармайлт үр дүнг харуулсан ямар нэгэн зүйл байж гэмээнэ хойч үе маань үлгэр дууриалал авна гэж үздэг.
-Бусад спортыг бодвол хамгийн хүнд нь уулын спорт байдаг. Тийм болохоор яаж яваад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би их түүхтэй хүн л дээ. 10 жилийн сурагч байхдаа боксын тэмцээнд орж цом авчихаад, үе тэнгийнхэндээ их онгирч явсан. Тэгээд 1948 онд Боксын холбооны анхны ерөнхийлөгчөөр ажиллаж явсан түүхтэй. Харин 1955 онд уулын спортыг монголд хөгжүүлэх зорилгоор Оросоос хүмүүс ирж, секцэнд хүүхдүүдийг бүртгэсэн. Энэ спортоор хичээллэх гэж байгаа хүмүүс ганцхан Би гомдолгүй гэж бичнэ гэсэн хатуу заалт байсан. Харин би энэ надад яг таарсан спорт байна гээд шууд бүртгүүлсэн. 1951 онд явган аяллаар Асгат хайрхан-д гарч, 1955 онд Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн. Одоогоор давхардсан тоогоор 1993 оноос 2005 оныг хүртлэх хугацаанд нийтдээ 56 хүн Гималайд авиралт хийсэн байна. Авиралт хийсэн ахмадууд дотроос хамгийн их амжилтанд хүрсэн хүн бол Жуков. Баян-Өлгийд байдаг хилийн цэргийн хурандаа хүн л дээ. Бараг оройд нь хүрэх гэж байхад нь албан ёсоор зогсоосон гэсэн.
-Уучлаарай, таны бага насыг их хэцүү өнгөрсөн гэсэн. Энэ талаараа яриач?
-Үнэхээр миний амьдрал тэр чигээрээ саадтай байсан. Яагаад гэхээр миний аав Ядамсүрэн гэж хүнийг 14 хэргээр хилс хэрэгт гүтгэж цаазалсан. Үүний уршгаар эсэргүүний хүүхэд гэж бага залуудаа их адлуулсан. Тухайлбал, 1942 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын үлгэр жишээ 3-р дунд сургуулиас ардын дайснуудын 11 хүүхдүүдийг хөөхөд тэр дунд би хөөгдөж байлаа. Тэгээд ээжийг минь эсэргүүний эхнэр гээд эмэгтэйчүүдийн шоронд хүртэл хийж байсан.
Нэг есны, энэ үетэй зүйрлүүлэхэд траншейны хүүхэд шиг орох оронгүй, оочих аягагүй өнгөрсөн. Миний хойд эцэг циркийн Раднаабазар гэж хүн, Монгол нийгэмлэгийн биеийн тамир спортын анхны нарийн бичгийн дарга хийж байсан юм билээ. Энэ ч үүднээсээ би ажил үйлсээ үргэлжлүүлж явна. 1954 онд дахин 1937 оны хэлмэгдэл дахин давтагдсан. Яагаад гэхээр би тухайн үедээ их сургуулийн оюутан байхад дэлхийн залуучууд оюутны
фестивальд дуучнаар шалгарсан.
Тэгээд Улаанбаатар Бээжин, Бээжин Улаанбаатарын чиглэлд дугуйн аялал хийхээр болсон юм. 1954 оны 4-р сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбай дээр дугуйчдыг үдэх ёслолын ажиллагаа нийслэлийн хэмжээнд болно гээд радиогоор зарладаг юм байна. Сүхбаатарын талбай дээр даргыг саарал ордноос гарч ирэхииг хүлээсээр суутал үд ч өнгөрчихлөө. Гэтэл дарга шатаар бууж явснаа намайг Зоригоо хүрээд ир гээд дуудахаар нь гүйгээд очтол Чи Раднаабазарын хүүхэд биш, эсэргүүн Ядамсүрэнгийн хүүхэд юм уу, чамайг битгий явуул гэж байна гэхээр нь буцаж найзууд дээрээ очоод юмаа мартчихаж гэж хэлээд Гэр рүүгээ гүйчихсэн. Гэртээ очоод 30 төгрөгийнхөө шугамын радиог сонсож суутал, уур хүрээд өрөөсөн кетээ аваад шийдчихсэн чинь бүр чанга дугараад байхаар нь аваад шидчихсэн. Энэ бол наад захын гүтгэлэг.
-Таны хойд ээжийг Бөмбөгөр ногоон театрын жүжигчин Ичинхорлоо байсан гэж ярьдаг юм билээ?
-Миний аав болох Ядамсүрэн төрсөн ээжээс салаад намайг 24 цагийн цэцэрлэгт өгчихсөн юм билээ. Тэгээд ээлжээр харж байхаар тохиролцсон талаар хэзээ хойно ярьдаг. Тухайн үед 24 цагийн цэцэрлэгийн анхны хүн би байлаа шүү дээ. Анхны 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийг хардаг хүн нь уран зохиолч, шүүмжлэгч гавьяат Ж. Хасбаатарын ээж Карма гэдэг хүн байсан. Энэ хүн намайг хоёр наснаас эхлээд таван нас хүртэл өсгөсөн.
Зургаан наснаасаа Ичинхорлоогийн гарыг дамжсан. Намайг найманнастай байхад аав маань хэлмэгдэлтэнд өртөөд баригдчихсан байсан үе. Энэ үед л Ичинхорлоотой Бөмбөгөр ногоонд хамт байдаг байсан. 14 хэрэг гэдэг зохиомол хэргийг бий болгож таслаад, Сонгинохайрхан уулын хойд өвөрт аавыг маань буудсан. Би үүнийг ардчиллын буянаар 1991 онд олж мэдээд тэнд нь хөшөө босгосон.
-Таныг ууланд авирч байгаад нэг бус удаа гэмтэж, тэр ч бүү хэл амьсгаа хурааж байсан гэсэн?
-1961 оны 10-р сарын 7-нд монголын уулчдын түүхэнд анх удаа их цасан шуургатай өдөр ууланд авирахад, долоон хүн гарснаас хоёрыгоо орхиод тав нь дээшээ гарсан. Тэгээд тав нь унаад, нөгөөдүүл маань 30 минутын дараа ухаан орсон юм байна лээ. Талийгаач Рэндоо миний дээрээс дараад нас барчихсан, би дор нь ороод ухаан алдчихсан байсан. Тэгээд бид хоёрыг нас барчихаж байна гээд орхиод явчихсан байснаа шарилыг авахгүй бол ирвэс идчихнэ гээд буцаад ирсэн байгаа юм. Эмч судас барьж үзчихээд Хүүе энэ Зоригоо чинь амьд байна гээд л амийг минь аварсан.
21 хоног үхэл амьдралын зааг дээр ухаангүй байсан. Энэ олон хоног ухаангүй байсан намайг нэг мөсөн нас барахаар талийгаач Р.Явуухүүтэй хамт гаргана гээд байлгаад л байсан гэдэг. Тэгсэн би ч үхэж өгдөггүй, талийгаачийг ч гаргадаггүй 11 хоносон гэдэг. Би амьдралдаа гурван удаа үхэлтэй учирсан. 1961 онд аваарт орчихоод, 1972 онд Памөрт мухар хуруутайгаа авирсан, Харин 2004 онд Түвдийн Гималайд ахмад уулчдаа дагуулж хамгиин сүүлийн авиралтаа хийсэн. Одоо нас сүүдэр 80 хүрчихлээ. Гэр бүлийнхэн, хүүхдүүд ч загнаад байна. Уг нь насаараа хийсэн ажлаа хиймээр санагдах юм.
-Та уулын орой дээр гарахаараа юуг илүү их мэдэрдэг вэ?
-Сэтгэл сайхан тэнүүн болдог. Бүх юм мартагддаг. Уул гэдэг бол намайг ариусгасан эд. Яагаад гэхээр өмнө нь намайг эсэргүүний хүүхэд гээд хаа ч явсан ад үздэг байсан. Харин ууланд авирсны ачаар хүмүүс намайг Уулын Зоригоо гэж дуудах болсон. Энэ үед л хамгийн сайхныг мэдэрч, бохир муу муухай бүхэн минь арилж жинхэнэ монгол улсын иргэн Зориг болгосон.
-Ахмад туршлагатай уулчны хувьд өнөөгийн уулын спортын талаар ямар бодолтой явдаг бол?
-Манайх ОУ-ын түвшинд хүрч. Үүний нэг баталгаа нь давхардсан тоогоор дэлхийн оргил гэгддэг Эверестэд гурван удаа гарсан байна. Мөн цаст Гималайн 20-иод оргилд давхардсан тоогоор 56 хүн хөл тавьсан байна.
-Том хүүгийнхээ гэнэтийн шийдвэрт хэр сэтгэл хангалуун байна даа. Өмно нь энэ талаар ярьж байсан болов уу?
-Тийм юм яриагүй. Гэнэт шийдсэн нь энэ байх. Аав, ээж дээрээ дандаа ирдэг ч, нэг ч удаа энэ талаар ярьж байгаагүй. Телевизийнхэн, сэтгүүлчид нэр дэвшээч гээд байхаар нь ийм алхам хийлээ гэж хүү маань надад хэлсэн л дээ. Тэгэхээр нь би аав, ээж хоёр чинь төрүүлээд өсгөсөн нь үнэн, өсөөд том болсон нь та болохоор өөрөө мэд, гэж хэлсэн. Би сонгуульд орлоо гээд хүүхдээ 50 төгрөгөөр ч туслаж чадахгүй.
-Хүүгээ улс төрч боллоо гээд танд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Миний хүү дэндүү шударга. Бас л үнэний төлөө явдаг зантай золиг байгаа юм. Юм үнэнээрээ байвал бүх юм сайхан байдаг гэдэг миний үзэл бодлыг өөртөө тусгаад авчихсан юм шиг санагддаг. Ямар сайндаа арван жилд байхад нь их мэдэх гэж хоч ангийнхан нь өгчихсөн байсан. Юм болгоныг мэддэг дүр эсгэдэг байсан юмуу даа. Тэгээд Оргил, Асралт, Ананд дүү нар нь бүгдээрээ Их мэдэх ирж байна гээд бушуухан юмаа хийдэг байсан. Одоо ч гэсэн миний хүү 25-р телевиздээ их мэдэмхийрч, нөгөө хэдийгээ нэлээд бужигнуулдаг юм шиг байна лээ.
-Таны яриаг сонсож байхад хүүхдүүдийн чинь нэр авирсан уулуудын чинь нэрээр нэрлэгдсэн юм шиг санагдлаа.
-Тэгэлгүй яахав, Намайг ууланд авираад бууж явахад л манай хүүхдүүд төрж таардаг. Бага маань 1965 онд төрсөн. Би 1965 онд аймаг бүрээс эмэгтэй уулчид аваад Асралт хайрханд гарч байсан болохоор Асралт гэдэг нэр өгчихсөн. Алтайд авирч байхад том хүү гарсан болохоор Алтай гэх зэргээр авирсан уулынхаа нэрийг хүүхдүүддээ өгсөн.
Ярилцсанд баярлалаа
Ж.Оюунтүлхүүр
Дугаар 18 /260/