Б.Цэнддоо Лу.Болд шиг улстөрчийг олонд танилцуулна гэдэг жижигдсэн хэрэг

Энэ хугацаанд нийгэм, соёл урлаг, боловсролын салбарыг дэмжсэн олон талт арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна. Харин сүүлийн үед тус сангийн олон нийт, нийгэмд хандсан үйл ажиллагааг улс төрийн зорилготой холбон тайлбарлах хандлага ажиглагдаж эхлэв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга ч хэвлэлээр хийсэн тайлбар мэдэгдэлдээ тус сангийн үйл ажиллагааг сонгуулийн далд сурталчилгааны жишээнд татсан байх аж. Эдгээртэй холбогдуулан С.Лувсанвандан сан-гийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч, судлаач Б.Цэнддоотой уулзаж, дараахь асуултуудад хариулт авлаа.
-Танай сан байгуулагдаад арав гаруй жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд ямар арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бэ?
-Бид соёл, урлаг, боловсролыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Гэхдээ тэр бүрийг бид сурталчилж, хэн нэгэн хүний нэр төр олох PR болгож байсангүй. Харин олон нийтэд мэдээлдэг, ялангуяа урлаг, соёлын салбарынхны дэмжлэг талархлыг хүлээсэн нэг арга хэмжээ байдаг нь Гоо зүйн дээд шагнал олгох юм. Энэ шагналыг 10 сая төгрөг дагалддаг нь манайдаа хамгийн өндөр сантай шагнал юм. Хоосон тэмдэг, цол гуншин хүртээх биш хийж бүтээх боломж, эдийн засгийн хөшүүрэг болог гэсэндээ ийм хэмжээний шагнал дагалдуулдаг. Анхны шагналыг архитекторч Ганболд, удаахийг нь уран барималч, зураач Дэнзэн, гурав дахийг нь гавьяат жүжигчин Сосорбарам хүртээд байгаа.
-Тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн гэж та хэллээ. Өөр ямар хөтөлбөр хэрэгжүүлж байсан бэ?
-Бид өнгөрсөн хугацаанд 350 гаруй оюутанд жил бүр тэтгэлэг олгож ирсэн. Ингэхдээ зөвхөн урлаг, соёлын салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийнхныг, эсвэл энэ, тэр аймгийн оюутнуудыг хамруулна гэж жалгын үзэл гаргаж байгаагүй. Амжилттай суралцаж байгаа, цаашид улам сайн суралцах сонирхолтой, янз бүрийн салбарт ажиллах оюутнуудыг дэмжиж ирсэн. Монгол телевизийн спортын сурвалжлагч залуу Дорнод аймгаас оюутан болж ирээд байхдаа манай сангийн тэтгэлгийг авдаг байсан гээд саяхан ажлын далимд таарахдаа хэлж байх жишээтэй. С.Лувсанвандан сан-гийн ажилтнууд болохоор хэзээ, хэн тэтгэлэг авч байсныг өдгөө мартчихсан байх жишээний. Тэдэнд тэтгэлэг өгсөн гэдгээрээ өөрсдийгөө сурталчлуулах сонирхолтой байсан бол үүнээс арай өөр байдалтай байх байсан биз. Бидэнд тийм зорилго байдаггүй. Урлаг, утга зохиол, соёл урлагийн салбарынхныг ч гэсэн хийж бүтээхэд нь урам өгье гэсэн үүднээс дэмждэг. Тэдний хүч, авьяас чадварт түшиглэн энэ салбарыг хөгжүүлье л гэж зорьдог. Дэлхийн шилдэг ном зохиол, оюуны бүтээлүүдийг орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг ч гэсэн хүмүүст оюуны гэгээрэл, өөр сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор ивээн тэтгэж, санхүүжүүлсээр ирсэн.
-Гоо зүйн дээд шагнал олгохоос өөр ямар арга хэлбэрээр урлаг, соёлын салбарыг дэмждэг юм бэ?
-Ерээд оны сүүлчээс эхлээд манай сан нэрт зохиолч, сэтгэгч, судлаачдыг цалинжуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Их өндөргүй юм аа гэхэд хэвийн хэмжээнд цалин олгоё гэж зорьж байсан. Лхагвасүрэн гуай, Жанцанноров гуай гээд манай цалинг авч байсан хүмүүс бий. Тэд цалингийн хэдэн төгрөгөөр хэмжигдэхээргүй үнэ цэнтэй бүтээл туурвил олныг төрүүлсэн. Yүгээр нь бид өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэлж, сэтгэл өегшиж байдаг юм.
-Сүүлийн үед С.Лувсанвандан сан ардчиллыг дэмжиж байна уриатай үйл ажиллагаа явуулах болсныг тус санг санаачлагч, нэрт эрдэмтний хүү Лу.Болдтой холбон улс төржүүлж байх шиг. Yүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед сонгуультай холбогдуулж яриад буй зүйлсийг гайхаж байна. Сүүлдээ бүр өөрийхөө тухай сайн сайхан юм бодож яваа хүн тааралдвал сэтгэл дотроо далд сурталчилгаа хийлээ гэх нь холгүй болж гээч. Нэр дэвшигч санаандгүй салхилж яваад зурагтын мэдээний олны хэсэг дотор орчихвол мөн л сурталчилгаа хийлээ гэх үү? Нэр дэвшиж магадгүй хүн автобусны буудал дээр хүнтэй яриад зогсч байвал яах вэ. Нэр дэвшиж магадгүй хүн эрүүлжүүлэгдээд зурагтаар гарвал аанай л далд сурталчилгаа болох уу. Эсвэл далд сурталчилгаа болчихно гэж үзээд иймэрхүү мэдээллийг хаах уу. Хуулиа зөрчихгүйн тулд намууд нэр дэвшиж магадгүй хүмүүсийг нэг газар аваачиж карантийлаад, ертөнцөөс тусгаарлах уу гэхчлэнгийн нэг мөр ойлгохын эцэсгүй ээдрээтэй юмс байна л даа. Манай сан үйл ажиллагаа бүр дээрээ нэг хүнийг байнга сурталчилдаг. Манай сан ХХ зууны Монголын нэрт эрдэмтэн доктор профессор Сономын Лувсанвандан агсны амьдралаа зориулсан үйл хэргийг нь үргэлжлүүлэх зорилготой гэж ирээд л бид ярьдаг. Энэ хүн бүхий л амьдралаа улс үндэстнээ гэгээрүүлэх, соёлжуулахад зориулсан үндэсний сэхээтэн. Бид энэ л үйл хэргийг нь боломжоороо үргэлжлүүлдэг. Тодруулж хэлэхэд Лувсанвандан гуай хориод жилийн тэртээ таалал болчихсон юм шүү дээ.
Бид бас ардчиллыг магтдаг, дэмждэг. Та сүүлийн үед ардчиллыг дэмжээд гэж асуулаа. Сүүлийн үед биш. Анхнаасаа л бид ардчиллын хамгийн сайн баталгаа нь нийгмийн ухамсарт байдаг гэж үзэж ирсэн. Монголчууд хэдий чинээ оюуны өндөр соёлтой байна , Монголын ардчилал төдий чинээ бат бэх байж, үр өгөөжөө хайрлана гэж сурталчилж байгаа. Ардчилал нь урлаг, утга зохиол, гоо зүйн салбарт С.Лувсанвандан сан-гийн хийж чадахаас илүү их боломжийг нээж өгснийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Энэ утгаар нь ардчиллын үнэт зүйлсийг дэмжихэд яагаад болохгүй гэж. Yүнд хууль бус юм юу байгаа юм бэ? Намын үзэл сурталгүй бичих, туурвих, чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг уран бүтээлчдэд ардчилал л өгсөн шүү дээ. Намаа, удирдагчдаа, нийгмээ магтан дуулсан уран бүтээл гэдэг урлагийн мөн чанараас хэтийдсэн, хэт үзэл сурталжсан, үнэмшилгүй зүйлс байсныг цаг хугацаа харууллаа. Аав нь хөдөлмөрийн баатар, ээж нь улсын тэргүүний саальчин, ах нь илгээлтийн эзэн, эгч нь эвлэлийн гишүүн, хүүхэд нь онц сурлагатан. Ийм л дүрийг уран зохиолд бүтээх нь үзэл суртал номлогчдод таалагддаг байсан шүү дээ. Амьдрал үүнээс огт өөр, уран зохиол, урлаг ч ялгаагүй огт өөр ухагдахуун. Энэ бүхнээс чөлөөлсөн нийгмийн өөр тогтолцоог ардчилал авчирсан. Yүгээр урлаг, соёл, утга зохиол хөгжлийн шал өөр төвшинд гарч ирсэн. Тэгэхээр С.Лувсанвандан сан-гийн үйл ажиллагааны нэг хэсэг ардчиллын үнэт зүйлсийг дэмжихэд чиглэсээр ирсэн. Цаашид ч мөн адил дэмжинэ.
-Энэхүү сангийн ажлыг сурталчилж байгааг С.Лувсанвандан агсны хүү, Ардчилсан намын лидерүүдийн нэг Лу.Болдтой холбож байна. Шулуухан хэлбэл, сонгуулийн сурталчилгаандаа ашиглалаа гэж СЕХ-ны дарга хүртэл дүгнэсэн байна?
-Сонгууль дөхсөнтэй холбогдуулаад бүх зүйлийг хэт улс төржүүлээд байна уу даа. Ялангуяа энэ жилийн сонгуулийг явуулах орчин нь Сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар зохицуулагдана. Уг хуулиар бол аливаа сурталчилгааг их хязгаарласан, сурталчилгаа явуулах хугацааг хэт богиносгосон тал бий. Энэ нь далд сурталчилгаа явуулах арга зам руу нэр дэвшигчийг түлхэх магадлалтай. Yүнийг нь ч дээр дооргүй бүгд ойлгоод байгаа нь л харагдаж байна. СЕХ-ны дарга ч үүнийг ойлгоод байгаа учраас л аливаа мэдээлэл бүрийг сурталчилгаа гэж хардаад байна л даа. Манай сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ч ингэж үзэж байгаагаа хэллээ. Манай сан нийслэлийн захын дүүргүүдэд иргэдийн санаачилгыг өрнүүлж, нийгмийн сайн сайхны төлөө тэдний төслүүдийг дэмжин санхүүжүүлэхээр болоод байгаа. Энэ сангийн үүсгэн байгуулагч Лу.Болд гэдгийг би нуудаггүй. Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийг нууцлах тухай заалт зохих хуульд байхгүй юм билээ.
Тэгж ярих юм бол Лу. Болд нь ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Олон улсын оюутны холбоо, Олон улсын парламентын холбооны удирдагчдын нэг явсан, УИХ-ын гишүүн байсан, Монголын улс төр, нийгэм, бизнесийн ертөнцийн зүтгэлтэн, олноо танигдсан энэ хүнийг танилцуулна гэдэг нь илүү ажил шүү дээ. Олон түмэнд ингэтлээ танигдсан хүнийг явж явж нэг сан олонд танилцуулж явна гэвэл жижигдсэн хэрэг болно. Ухаандаа Бат-Yүлийг ч юм уу, ерөнхийлөгч Энхбаярыг мань мэт нь дагуулчихсан Энэ хүнийг би танилцуулж явна гэвэл хүний элэг хөшнө биз дээ.
Болд ирэх сонгуульд нэр дэвшиж болохыг үгүйсгэхгүй. Харин энэ хоёр үйл явцыг хооронд нь холбоод сонгуулийн далд сурталчилгаа гэж үзэх, хууль бусаар үүнийгээ олон нийтэд цацсан, сурталчилсан гэж үзэх хууль зүйн үндэслэл хаана байна. Хуулийн зүйл, заалт иш татаад хэлэх зүйл СЕХ-ны даргад ч алга гэдэг нь харагдлаа. Ер нь, аливаа асуудлыг хуулийн үндэслэлээр тайлбарлах ёстой болохоос бус хэн нэгэн субъектын Би ингэж бодож байна, дүгнэж байна гэдэг үндэслэлээр шийдэж болохгүй. Хуулиар асуудлыг шүүх ёстой, харин хэн нэгний бодол, дүгнэлтээр шүүж болохгүй. Ийм жишгээр асуудлыг шийдээд эхэлбэл нийгэмд учрах үр дагавар, хор холбогдол нь үнэхээр ноцтой. Манай сан төрийн бус байгууллага. Хуулиар бол улс төрийн үйл ажиллагаа явуулах нь хориотой. Бид хууль бус зүйл хийдэг хүмүүс биш.
Дугаар 98/417/