Мөнгөгүй шейх ч бас мөрөөддөг

1975 онд Майкрософт-ын бүтээгдэхүүн зах зээлийн эрэлтэд түрлэг нэмэх үест дэлхийн санхүү аль хэдийнэ хямарч эхэлсэн байлаа. Орон бүхний эдийн засгийн харилцаа улс төрийн газрын зураг дээрх хилийн зурвасыг бүдгэрүүлж, үндэстэн дамнасан корпорациудын мөнгө, мэдээллийн технологийн хөгжил нэгэн шинэ эринийг тодорхойлов. Ийнхүү Кейнсийн ноёрхол суларч, Фрийдманы онолд тулгуурласан бодлогоор нео либералууд түрэн гарсан билээ.
Либерал үзэлтнүүд дэлхийн бодлогыг тодорхойлж байхдаа сайн ажил нэлээд хийснийг үгүйсгэх аргагүй. Тэд төрийн албыг цомхотгож, хамрах хүрээг нь хумьж амжсан. Ардчиллыг цоо шинээр тогтоосон Монгол Улс ч тэдний нөлөөн дор өмчөө хувьчилж, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх замаар хувийн хэвшлийг бишгүй мөнгөжүүлсэн. Одоо Монголын ХХК-иуд бизнесийн туршлагатай болжээ. 30 жилийн өмнөөс дэлхийн эдийн засгийг атгасан үл үзэгдэгч гар-ын шөрмөс бүх харилцааг зохицуулахад хүчин мөхөсдөж буйг XXI зууны эхний жилүүд нотлох болов. Үл үзэгдэгч гар эдийн засгийн харилцаанд төр оролцох хэрэггүйг дохиолж, үнэ зэргийг өөрөө зохицуулахаар нэлээд үүргийг хүлээсэн нь сүүлийн үед жаахан муу нэр дуулахад хүрээд байгаа юм. Харин Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр үл үзэгдэгч гар-ын өмнө сөхөрч Засгийн газар үнийг зохицуулж чаддаггүй юм байна хэмээгээд ханшийг тогтоож барина гэсэн хэдхэн сарын өмнөх амлалтаасаа өөрийн эрхгүй ухраад байгаа.
Үл үзэгдэгчийн заавраар дэлхийн олон Засгийн газар хувийн хэвшлийг тордсоны дүнд өнгөрсөн 30 орчим жилд зарим улсын эдийн засгийг ганц, хоёр компани атгаж, авлига зэрэг шударга бус байдал гаарах нөхцөл бүрдэв. Засгийн газрын оролцоо огт байдаггүй эдийн засагт хар бизнес хүчээ авч, зэвсэг, хар тамхины худалдаа цэцэглэх аюултайг Фрийдманы онолыг шүүмжлэгчид чанга дуугаар анхааруулсан хэвээр.
Одоо бол олон улсын Засгийн газрын бизнес төлөвлөгөөнд Кейнс, Фрийдманы онолын алийг нь ч биш, гуравдагч замыг эрэлхийлсэн цоо шинэ хуудас эргэчихэж. Үүнд тухайн орны улс төрийн гол хүчнүүдийн бодлого чухал үүрэгтэй. Мөн тухайн ард түмний түүх соёл, иргэншлийн онцлог хамаарах нь гарцаагүй. Үл үзэгдэгч гар-т 100 хувь найдах хэрэггүй байдаг юм байж. Тэгээд нэгэнт бусад улсаас хамаарч хөгжих нь тодорхой болсон эдийн засгийн харилцаанд Засгийн газар ямар байдлаар оролцох гэж?
Нео либерал ч биш, социал демократ ч биш, гэхдээ энэ хоёр үзэл баримтлалын шилдэг туршлагыг шингээсэн гуравдагч хувилбарыг дэлхийн оюун санааны лидерүүд тунгааж байна. Мэдээж, коммунизм лав биш.
МАХН УИХ-ын 2008 оны сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө дэлгэн тавиад удаагүй байна. Эрх баригч улс төрийн хүчний дагаж мөрдөх бодлогын баримт бичиг тул сонгогчдын анхаарлыг АН-ын хөтөлбөрөөс илүү татах болов уу. С.Баяр 77 хэмжиж байж огтолсон гэх шинэ мөрийн хөтөлбөрийг уншвал МАХН коммунизм руу явж байгааг төвөггүй ойлгоно.
Коммунизмыг нэвт санагалзсан мөрийн хөтөлбөр боловсруулахдаа Иргэдийнхээ хүсэл зоригийг тусгасан гэж МАХН-ын дарга С.Баяр тодорхойлсон. Нийгмийг хөдөлгөгч дундаж анги хараахан бүрэлдээгүй Монголд маань ажилгүй, орлогогүй, ядуу хэсэг зонхилдог. Бидний захиалга бол эхний ээлжинд бэлэн хоол, мөнгө билээ. МАХН улс төрийн хамгийн том хүчнийхээ хувьд монгол хүний хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой болов уу. МАХН-ын мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийг орхисон болохоор өөр юуны ч хөгжлийг тэндээс хайгаад нэмэргүй мэт. Ядуу иргэдийн өнөө, маргаашийн төсөөллөөс ангид хөгжлийн стратегийг хэлээд өгөөч. Сонгогчдын амыг таглах гэж татвар төлөгчдөөс төсөвт хуримтлуулсан мөнгийг байгаагийн хэрээр хямгагүй цацвал инфляцийг нэг оронтой тоонд барьж дийлэхгүй. Үүнийг 2004 оны амлалтын биелэлт нотолсон билээ. Намаа сонгуульд ялуулахын тулд хүмүүсийн хүсээд байгаа мөнгийг зарчихаж болох л биз. Горыг нь зөвхөн сонгогчид амсана шүү дээ.
САЙН МЭДЭЭ
Сайн, муу хоёр мэдээ байвал сайныг нь эхлээд сонсдог өөдрөг уламжлал бий. МАХН-ын мөрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй баримт бичиг өмнө минь байна. Товчхон дүгнэвэл үл гүйцэлдэх энэ хөтөлбөрт маш сайн хоёр заалт байна.
Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх (эцэг)-д хүүхэд асарсны тэтгэмжтэй чөлөө олгох, богиносгосон цагаар ажиллах, гэрээгээр болон гэрээрээ ажил үүрэг гүйцэтгэх бололцоог өргөтгөнө.
Нийтийг хамарсан аливаа асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулахад иргэд, сайн дурын хамтлаг, сонирхлын бүлгийг оролцуулах боломжийг өргөтгөнө гэж.
МУУ МЭДЭЭ
Сонгогчид нийгмийн халамжид урхидуулж, МАХН дахин засгийн эрх барьвал энэ хөтөлбөр ёсоор Араб, Монгол хоёр дэлхийд ганцаардана. Шейхийн гэр бүл засгийн эрх барьдаг Арабын ертөнцөд төр нь иргэдээ халамжлах маягаар амар сайхандаа жарган суугаа. Байгалийн баялагтаа хамаг амь, амьдралаа даатгачихсан нь тэдний л хэрэг. Харин МАХН, АН хоёрт Арабын шейх шиг ард түмнээ бэлэн хоолоор халамжлаад байх байгалийн баялаг хүрэлцэхгүй. Тавантолгой, Оюутолгой л гэнэ, тэнд булаатай нөөцийг хэмжих цаг хугацаа гэж шавхагдашгүй хүчин зүйлийг тооцох ёстой.
* * *
Австралийн парламент яг одоо улсынхаа төсвийг хэлэлцэж байна. Санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нээс эхлэх юм. Урьдчилсан байдлаар улирч буй санхүүгийн жилд 21.7 тэрбум долларын ашигтай гарчээ, Австралийн төсөв. Монгол Улсын маань төсвөөс даруй 10 дахин их ашиг олсон улс нийгмийн халамжийн салбарт цацаад өгөх байх гэж тандлаа. Горьдсоны гарз гэнэ шүү. Харин ч эсрэгээр иргэдээс авдаг эрүүл мэндийн даатгалын хураамжаа өнгөрсөн долоо хоногт нэмж орхив.
Монгол Улс төсөвтөө өчүүхэн мөнгөтэй хэрнээ иргэдэд сул өгөх халамжид хөрөнгө үл хайрлах нь сайн уу, муу юу. МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан Бүх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замар холбоно, Хөвсгөл нуур, Хорго, Тэрхийн цагаан нуур, Хужирт, Өгий нуур зэрэг аялал жуулчлалын томоохон төвүүдийг хатуу хучилттай замаар холбоно, Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг, Яргант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлээр хатуу хучилттай зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбогдоно, Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам барина гэсэн амлалтууд ямар мөнгөөр санхүүжих бол. Зээл авахаар яарах вий, Монголын мөнгөгүй шейхүүд. Зээлийн тухайд муу мэдээ бий. Монгол Улс өмнө нь авсан зээлүүдээ 2012 оноос төлж эхлэх гэрээтэй. Барагцаалбал, нэг жилд хүүгийн хамт 200 сая ам.доллар төлж таарна.
Б.Энхцэцэг
Дугаар 121/2881/