Баталгаагүй крануудаас болгоомжил

Өнөөгийн байдлаар байгууллага, аж ахуй нэгж, иргэд улсын бүртгэлд бүртгэгдсэн 2200 гаруй өргөх байгууламжийг ашиглаж байгаа хэмээн УМХГ-ын өргөх механизмын ахлах байцаагч Н.Буйдан хэллээ. 1990 оноос хойш өргөх байгууламжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар улсын хэмжээнд төрийн бодлого алдагдан эзгүйрчээ. Үүний уршиг одоо гарч, энэ салбарт хүндрэлтэй асуудлууд цөөнгүй тулгарах болжээ.
МЭРГЭЖЛИЙН ОНОШЛОГЧ ЭРДЭНЭТЭЭС ӨӨР ГАЗАР БАЙХГҮЙ
Ачаа өргөх машин буюу бидний хэлж заншсанаар краныг оношилж ашиглалтын хугацааг үндэслэлтэй тогтоодог мэргэжлийн лаборатори Монголд өнөөдөр алга. Тиймээс динамик туршилт болон гадна үзлэг хийснээр шалгалт хязаарлагддаг байна. Лаборатори байхгүй болохоор мэдээж, краны металл хийцүүд, металлын механик чанар ба химийн бүтэц, гагнуурын чанар, цахилгаан ба шингэний төхөөрөмжүүд, зам төмрийн төхникийн байдал зэргийг тодорхойлж чадахгүй. Уг нь ОХУ болон гадаад орнуудад ашиглалтын хугацаа дууссан краныг оношилж цаашид ашиглах боломжит хугацааг шинэчлэн тодорхойлдог аргачлал байдаг гэнэ. Энэ талаархи аргачлалыг манай улс 1994 оны дөрөвдүгээр сарын 15-нд баталжээ. Гэвч түүнд заасан анхан, давтан, ээлжит бус шинжилгээнүүдийг манайд одоо болтол хийдэггүй. Тэр ч бүү хэл өргөх механизмд оношлогоо хийх сургаж бэлтгэгдсэн 1, 2, 3 зэргийн оношлогч Эрдэнэт-ийн Уулын баяжуулах үйлдвэрээс өөр газарт байхгүй байна.
ЗАРУБЕЖСТРОЙ, ИНКОН, ЭРДЭНЭТ-ЭЭС БУСАД НЬ
Улсад бүртгэлтэй ачаа өргөх крануудын элэгдлийг тооцож үзэхэд 80 гаруй хувийнх нь ашиглагдах хугацаа дууссан гэсэн дүн гарсан байна. Ачаа өргөх машинууд нь олон аж ахуй нэгж, иргэдэд хувьчлагдан задарч, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар, үйлчилгээг хийх ажил орхигдсоноос техникийн байдал ихэд муудсаныг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Бас ОХУ-д 1990 оноос өмнө үйлдвэрлэсэн лифт, крануудын сэлбэг материалын үнэ өсч, олдоц ховорджээ. Ялангуяа ачааны даац хэтрэлтээс хамаарч краныг унахаас хамгаалах мөн салхины хурд хэмжигч хэрэгслүүд ЗарубежстройХХК, ИнконХХК, Эрдэнэт үйлдвэр зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай цөөн тооны компанид л байдаг аж. Эдгээр компаниудад байгааг эс тооцвол улсын хэмжээнд бараг 100 хувь ажиллахаа больсон гэнэ. Ачаа өргөлтийн өндөр, тэргэнцэр болон краны явалт, сумны өнгийлт хязгаарлагч зэрэг ослоос хамгаалах хэрэгслүүдийн 60 гаруй хувь ажиллахгүй байна.
ХУУЛЬ БУС ХУРААМЖ
Кран, лифтийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 12500 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд, өөр ямар нэг төлбөргүйгээр авах хуультай. Гэтэл БХБЯ нь тусгай зөвшөөрөл олгохдоо өндөр хэмжээтэй /800000-25000000 хүртэл/ төлбөрийг Үйлчилгээний хөлс нэрээр авдаг байна. Хууль зөрчин авч байгаа энэ өндөр төлбөр техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны болон санхүүгийн чадавхи султай, мэргэжлийн боловсон хүчин харьцангуй цөөнтэй энэ салбартаа харин эргээд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуй үндэсний төвийн байгууллага иргэдэд тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчиж нэмэлт төлбөр авдгийг даруй зогсоох ёстойг Ц.Цолмон сайдын сонорт хүргэе.
ТЭТГЭВРИЙН КРАНУУД ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙНА
Кранаар ажил гүйцэтгэх газарт барилга-угсралтын үйлдвэрлэл явуулах төсөл, үйлдвэрийн газар ачааг ачих, буулгах хураах технологийн зураг, горимыг хангалтгүй мөрдөгдөж байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Техникийн хувьд иж бүрдэлгүй кран, лифтээр үйлчлүүлж байгаа байгууллага, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байна. УМХГ-аар шинжээчийн дүгнэлт гаргуулж бүртгэгдсэн ноцтой ослууд 2003 онд дөрөв, 2004 онд гурав удаа, 2005 онд ес, 2006 онд ес, 2007 онд 13 удаа тус тус гарч, жил бүр нэмэгджээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд дээрх хугацаанд 345 осол гарсны дийлэнхийг барилгын салбарт гарсан ба 60 гаруй хувийг өргөх байгууламжийн ашиглалттай холбоотой осол эзэлжээ.
БАТАЛГААГҮЙ КРАНААС БОЛГООМЖИЛ
Сүүлийн үед Финлянд, Орос, Солонгос, Хятадаас лифтүүд, Солонгос, Хятадаас урсдаг шат, Герман, Орос, Япон, Хятадаас кран оруулж ирж байгаа аж. Энэ чиглэлээр Эмээлцэгийн гол ХХК, МоннисХХК зэрэг мэргэшсэн цөөн байгууллагууд ажилладаг байна. Гэвч Япон, Хятадаас урд нь ашиглаж байсан, ямар ч баримт бичиггүй хуучирч муудсан эсвэл нимгэн төмрөөр хийсэн чанаргүй кран, өргүүрүүд ямар ч хяналтгүйгээр хил гаалиар олноороо орсоор байна. Тухайлбал, Jinan Jinkui компанийн үйлдвэрлэсэн краны төмөр хийц чанаргүй, цахилгааны схем зураг байхгүй мөн техникийн бүрэн бус иж бүрдэлтэй байжээ. Үүнээс болж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд орших Мастер хайндс ХХК-ийн барилгын талбайд ашиглаж байсан ОТ240 маркийн цамхагт краны орой өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд хугарч, 33 метрийн өндөртэй цамхаг хазайжээ. Баталгаагүй кранаас болгоомжлохгүй бол болохгүй жишээ ганцхан үүгээр дуусахгүй. Мансардын барилгуудад ашиглаж байсан хуучин өргүүрийн тавцан унаснаас олон хүн нас барж , хүндээр гэмтсэн тохиолдлууд гарч байжээ. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй ачаа өргөх машинуудыг хил гаалиар оруулахгүй байх талаар арга хэмжээг авч ажиллахыг УМХГ-аас Гаалийн ерөнхий газар, БХБЯ, Хил хамгаалах ерөнхий газарт өнгөрсөн оны сүүлчээр эхлэн хандсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгаа аж. Энэ ажилд холбогдох төрийн байгууллагууд тал талдаа хамтарч ажиллахгүй бол улс, нийслэл, Дархан, Эрдэнэтэд байгаа тавхан байцаагч хүчин мөхөсдөх нь мэдээж. Ажлын ачааллыг харгалзан улс, нийслэл, лабораторид ажиллаж буй байцаагчдын тоог нэмэх шаардлага ч байгаа аж.
БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮГҮЙЛЭГДСЭЭР
УМХГ, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль хамтран ачаа өргөх машины аюулгүй ажиллагааны ашиглалтыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд энэ оны автотехникийн улсын үзлэг, тооллогоор нийт авто крануудад магадлал хийхийн зэрэгцээгээр анх удаа металлын бүтэц ба шингэний системийг иж бүрэн оношлох ажлыг хийхээр төлөвлөжээ. Гэвч энэ төслөөр бүхнийг шийдэж чадахгүй бөгөөд улсын хэмжээнд нэг мөр болгож шийдвэрлэх асуудал ч цөөнгүй. Энд төр, засгийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Үүнд
-Өргөх байгууламжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар хууль дүрмийг өөрчлөн шинэчлэх, парк шинэчлэлт, кран, лифтийн иж бүрэн оношилгоо, сэлбэг материалын хангамж, мэргэжлийн сургалтыг цогцоор нь дэмжих.
-Улсын хэмжээнд олон жил ажилласан кран, лифтүүдийн металл хийц, эд ангиудыг оношилж ашиглалтын хугацааг үндэслэлтэй тогтоодог лабораторийг бий болгох.
-Үйлдвэрлэхээ больж, ажиллахгүй болсон ачаа өргөх машинуудын ослоос хамгаалах хэрэгслэл болон бусад ховор сэлбэг, эд ангиудыг дотоод нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэх асуудлыг бүхий л талаар бодлогын хэмжээнд дэмжих зэргийг онцолж байна.
Д.Өрнөд
Дугаар 121/2881/