Манай Номио нутгийн зүг жолоо заллаа

Даяар Монгол сонин хэвлэгдэхээс өмнө АНУ-д манайхны байдал ямар хэцүү байсныг одоо санах хүн олон байгаа. Гадаад дахь монголчуудын мэдээллийн өлсгөлөн гэсэн сүрхий ярилцлага өгөөд л Номинчимэд маань энэ ажилд ханцуй шамлан орсон хүн. Анх Вашингтоны мэдээ хожим Хамаг Монгол, эцэстээ Даяар Монгол нэртэй болсон тэр жижиг сонин хэчнээн ч хүнийг ажилтай болгож, хэчнээн ч улсыг орох оронтой залгуулж өгөв дөө, бүү мэд. Дээр нь бас ойр дотныхоо хүнийг алдсан нэгэнд сэтгэлийг нь дэвтээх эмгэнэл бичиж өгнө. Эрүүл мэнд, хууль эрхзүйн тун чухал зөвлөгөө нийтэлнэ. Танай сонины ачаар ингээд тэгээд гэсэн захиа Номинчимэдийн ширээгээр хөглөрч байдаг сан.
Нэг зүйлийг би сайн санадаг юм. Тээр жил Индианад томоохон монгол наадам болж, Сүхбат аварга, Гантогтох гарьд, дуучин Жагаа, Сараа, хийлч Дээгий нар ирсэн. Гэтэл яагаад ч юм Чикаго хавиар янз бүрийн шалтгаанаар наадам болохгүй юм гэнэ гэсэн цуурхал тарж, олон хүн ирээгүйдээ хожим харамсч билээ. Номиогийн сонин хүчээ авснаас хойш, ялангуяа Даяар Монгол интернэтээр гарах болсноос хойш ийм цуурхал гарах боломжийг нэгмөсөн хааж өгсөн юм. Яг тэр наадам болсон газар саяхан Далай лам заларлаа. Хүмүүс Дээрхийн гэгээнтний айлчлалын хуваарийг Даяар Монгол сониноос цаг минутаар нь мэдэж, харин би тээр жилийн цуурхалтай наадмыг харьцуулан бодож зогссон сон.
Мэдээллийг өндөр үнэлдэг болсон өнөө үед харин Номинчимэд сониноороо мөнгө хийгээгүй хүн дээ. Ажилд авна, өрөөндөө хүн авна гэсэн зар тавиулчихаад хэдэн доллар вэ гэхээр, Зүгээр зүгээр, ажил, өрөө хайж байгаа хүндээ хэрэг болог гээд дугаар алгасалгүй үнэгүй тавиад л байна. Шоу, концерт зохион байгуулж байгаа улс Даяар Монгол-д зараа гаргая гэхээр Сайхан юм хийж байгаа улс байна, тэг тэг гээд л зүгээр тавьчихна. Тэрэнд нь ч болдог юм уу, түүнд туслах хүн бас олон. Ривер Плэйсийн жижиг өрөөнд хэний янаагүй нийлчихсэн сонинг нь нэг нь үдээд, нөгөө нь нугалаад сууж байдаг сан.
Номиогийн бас нэг гавьяаг олон хүн мэддэггүй учраас энд би дэлгэсү. Манай сонины редакцид нэр бүхий ажил олгогч нар, тухайлбал шалны ажлынхан монголчуудад цалинг нь олгохгүй байна гэдэг мэдээлэл их ирдэг байлаа. Анхандаа ганц хоёр хүний хувийн хэрэг гэж үзээд тоохгүй байтал сүүлдээ бүр мэхлүүлсэн монголчуудын тоо маш олон болов. Номинчимэд үүнд анхаарал хандуулах нь зөв хэмээн үзэж, хүмүүсийн санал гомдлоос тун ортойг нь хэвлэн, монголчууддаа анхааруулсан юм. Yр дүн нь дороо гарч, өнөөдүүлийн бизнест ч нөлөөлөн, юутай ч нэлээд хэдэн ажил олгогч энэ хэдэн монголчууд гэдэг чинь хэлэх явах газаргүй, өнчин улс биш байна хэмээн ойлгосон бололтой, түүнээс хойш гомдол ч эрс багассан билээ. Магадгүй үүнийг уншигч та цалингаа бүтнээр нь аваад явж байгаа тань та өөрөө мэдэхгүй байгаа болохоос Номиогийн ач ч байж мэдэх юм шүү.
Анх Номиотой танилцдаг хөгтэй. Вашингтон хотноо түр ирээд байхдаа Вашингтоны мэдээ хэмээх сонин гаргадаг Номинчимэг гэж сэтгүүлч байгаа тухай дуулаад хэдэн өгүүлэл аваачиж өгье гэж бодсон юм. Сэтгүүлч Номинчимэг гэхээр өндөр, туранхай, цагаан хүүхэн л төсөөлөгдөж байв. Яваад очсон чинь харин Номинчимэг биш Чимэд, өндөр биш намхан, туранхай биш булиа, цагаан биш хар нөхөр сууж байдаг байгаа. Арай л өгүүллүүдээ буцаагаад аваад явчихаагүй. Ингэж анх хулхидуулан танилцаж байснаасаа хойш бид хоёр бараг таван жил хамтран ажиллаж, нөхөрлөж байна. Чи хөө, үлдсэн бүх насаараа машин барихгүй явна гэж байхгүй. Май, энэ миний хуучин унааг бариад гар. Хаа ч эвдлээд хаясан гомдохооргүй эд байгаа юм хэмээн шахан шаардсаар байж намайг жолооч болгож өгсөн буянтан байгаа юм.
Олон талын авьяастай нөхөр дөө, манай Номио. Блүүмингтоны наадамд барилдаад баахан бүдүүн америкуудыг, хэдэн боксчин монгол залуутай унаган түрүүлж байсан, бас нэг шинэ жилээр бишгүүр үлээж хүмүүсийг гайхуулж байсан. Индианагийн их сургуулийн номын санд монгол ном үзээд хамт явж байтал Хөөх, энэ миний зурсан зураг байна гээд нэг ном заахаар нь нээгээд үзтэл нээрээ хавтасны зургийг Баасангийн Номинчимэд хэмээн бичсэн байж билээ. Блүүмингтонд бид Тексас Холд’эм – Покерийн тэмцээн болоод аваргаа шалгаруулсан чинь казинод хүртэл тоглодог америк, монгол нийлсэн арван найман хүнээс Номио торойн түрүүлж ч байх шиг. За тэгээд машинаа өөрөө ухаад засна, учиргүй амттай ул боов хийнэ, элдэвтэй ээ, элдэвтэй. Ирэх олимпоор уран гимнастик хийгээд гүйж байх вий.
Гэхдээ авьяасаасаа илүү сэтгэл сайтай хүн л дээ. Хүүхдэд их хайртай, дөрвөн хүүхдээ байнга эрхлүүлэн тоглуулж байдгийнхаа адилаар амьтны хүүхдэд зориулсан үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцоно. 2007 оны зун Блүүмингтонд хүүхдийн зуслан ажиллуулахад хамаг гэрийг нь хар хөлсөө шавхан байж барьж өгөөд, бас болоогүй зуслангийн бүх хүүхдийг усан санд авчран мөнгийг нь өөрөө төлөн оруулж, наадуулж байж билээ. Блүүмингтоноор орсон гарсан хэн хүнийг манайд хоноод яв аа хэмээн мөнгө төгрөгийг нь хэмнэж суух.
Номинчимэд сэтгүүлчээс гадна түүхч хүн. Аригбөхийн тухай судалгаа сэлт нь логик дүгнэлт сайтай, ишлэл зэргийг нэмчихвэл эрдмийн зэрэг хамгаалахуйц бүтээл. Бас нэг кино зохиол бодож байгаагаа дээр надад ярьж байсан, түүх-уран сайхны маш сонирхолтой адал явдалт кино байж билээ. Тэрийгээ зав гаргаад бичээд буулгаадахвал ч… Хамгийн сүүлд гэхэд л Америкт монголчуудын нийгэмлэг холбоод хэрхэн үүссэн тухай илтгэл бэлтгээд Атланта, Вашингтон Ди Си-д болсон монгол судлалын хурлуудад хэлэлцүүллээ.
Говь-Алтай аймгийн харьяат ийм нэгэн залуу хархүү АНУ-д монголчууддаа мөн ч их буянтай үйлс бүтээгээд нутгийн зүг жолоо заллаа. Америкийн монголчууд хөгшин хөвөөгүй Номиог санах байх даа. Андыгаа мөдхөн эргээд ирээрэй гэвэл ерөөл биш болох байх, араас чинь харин удахгүй очин эх Монголдоо эрдмийн ажилд хамтран ажиллахын ерөөлийг талбиад үгийнхээ сайнаар үдэн өгсү.
АНУ-аас М.Саруул-Эрдэнэ бичиж байна
дугаар 20