Ш.Энхбаяр Хур өртэй, хууль мэддэггүй хүмүүс л хэл ам гаргадаг

Энэ талаар ХЗА-ны сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан ажилтан Ш.Энхбаяртай ярилцлаа.
-Сууц өмчлөгчдийн холбоо ямар үүрэгтэй вэ?
-Нийтийн зориулалттай орон сууцны байшингуудын дундын өмчлөлийн эд, аж ахуйг арчлан хамгаалах, тордох, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Тухайлбал, явган болон цахилгаан шат, бохирын хоолой, даацын хана, цэвэр бохир ус дамжуулах босоо шугамууд, орцны гэрэлтүүлэг зэрэгт засвар үйлчилгээ хийж хэвийн байлгах үүрэгтэй гэсэн үг.
-Аймгийн хэмжээнд хичнээн орон сууц, Хэдэн СӨХ байдаг вэ?
-Аймгийн хэмжээнд 118 орон сууцны байшин байна. 25 СӨХ ажиллаж байна.Сууц өмчлөгчдийн нэг холбоо 2-10 хүртэл байр хариуцаж ажилладаг. Ер нь СӨХ доод тал нь 400-450 өрхтэй байж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаатай нөхцлөө бүрдүүлж чадна гэж үздэг.
-Дөрөвдүгээр сарын нэгнээс СӨХ-ийн төлбөр хоёр дахин нэмэгдлээ. Ажил хийхгүй байж төлбөрөө нэмлээ, орон сууцны кассаар байрны төлбөртэй хамтатган СӨХ-ийн мөнгийг авч байна гэсэн гомдол гараад байгаа. Энэ талаар?
-Үнэ нэмэгдэх тухай асуудал нилээн дээрээс яригдсан. Ер нь СӨХ-ны төлбөр 10 жил нэмэгдээгүй байсан шүү дээ.Нэг ам метр талбайн хөлс нь 60 төгрөг байсныг 120 төгрөг болгосон юм. Өнөөдөр 60 төгрөгөөр ширхэг янжуур ч худалдаж авахгүй шүү дээ. Энэ нь үнийн хөөрөгдлийн ойлголтоор хүмүүсийн анхаарал татаад байгаа юм. Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. СӨХ-ны төлбөрийг Аймгийн засаг дарга, иргэдийн хурал нэмдэг юм биш. Үүнийг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчид, бүх гишүүдийн хурлаар шийддэг журамтай. Энэ журмын дагуу төлбөр нэмэгдсэн. СӨХ ажил хийхгүй байна гээд яриад байдаг мөртлөө оршин суугчид төлбөрөө өгдөггүй. Өнөөдөр Эрдэнэт хотын хэмжээгээр нэг СӨХ-нд дунджаар 6-30 хүртэлх сая төгрөгийн авлага хуримтлагдсан байгаа. Өмнө нь айл айлын хаалга тогшиж, төлбөрөө авдаг байх үед орлого 20-30 хувьтай байсан. Кассаар төлбөрийг авдаг болсноос хойш 80-90 хувь болж өссөн. Ер нь төлбөрөө өгдөггүй, хур өртэй хүмүүс л СӨХ-ны талаар хэрүүл ам хийдэг шүү дээ. Сууц өмчлөгчдийн холбоодыг их ажил хийсэн гэж хэлмээр байна. Ашиглалтанд ороод 30 жил болж байгаа манай байрнуудын инженерийн шугам сүлжээ бүрэн засварт орох цаг нь болчихсон. Гэтэл өнөөдөр бохир, цэвэр усны алдагдалгүйгүй байна. Орц бүр цэвэрлэгээтэй. СӨХ юу ч хийхгүй байна гэж хэлж болохгүй. Үнэ нэмж байгаа нь оршин суугчдыг аятай тохитой нөхцөл байдалд амьдруулахын үндэс шүү дээ.
-СӨХ-д хичнээн хүн ажиллаж байна?
-Дунджаар 6-10 хүн ажиллаж байгаа.
-Сууц өмчлөгчдөөс хураан авсан төлбөр юунд зарцуулагдаж байна гэдгийг оршин суугчид мэддэггүй гэдэг. Энэ талаар?
-СӨХ-ны төлбөр ажилчдын цалин, цэвэрлэгээ үйлчилгээ, сантехникийн засвар, орцны гэрэлтүүлэг гээд олон чиглэлээр зарцуулагддаг. Дээрхээс гадна урсгал зардал их гардаг. Орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний мөнгө, төгрөг гаргаж орон сууцнуудын дээврийн засварыг хийдэг. Хэрвээ энэ больчихвол иргэн та байшингийн дээврээ халааснаасаа мөнгө гаргаж засна шүү дээ.
-Оршин суугчид сантехникийн засвар үйлчилгээтэй холбоотой дуудлага орон сууцны компаниудад өгөхөд сууц өмчлөгчдийн холбоондоо ханд гэдэг. СӨХ болохоор орон сууц хариуцна гээд энэ хоёрын хооронд иргэд яахаа мэдэхгүй байна гэсэн яриа байна.
-Дундын өмчлөлийн босоо шугамын засвар үйлчилгээг СӨХ хариуцна. Тэрнээс бусад үйлчилгээг орон сууцны компаниуд хариуцаж хийх ёстой. Дундын өмчлөлийн гэдэг нь хана дагасан цэвэр, бохир ус дамжуулах,ариун цэврийн өрөөний хоолой зэрэг байна. Эдгээрт хагарах, цуурах асуудал гарвал СӨХ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.
-СӨХ-нд оршин суугчдийн төлбөрийн мөнгө гэж сард хэдэн төгрөг ордог вэ?
-Одоогийн төлбөрөөр бодвол сард, өрхийн тооноос хамааран 800 мянгаас 1 сая 600 мянган төгрөг орж байна.
-Зарим иргэн үнээ нэмлээ гэж гомдол гаргаагүй. СӨХ үнэхээр ажлаа хийхгүй байна гээд байна. Зарим байр тухайлбал 1-19, 1-1 гээд байрны орцны хананы шавар багагүй газар нурчихсан байна лээ.
-Тэрийг чинь засах гэхээр мөнгөгүй болчихоод засч чадахгүй байгаа байхгүй юу. Эхлээд оршин суугчид төлбөрөө төлөөд үз. Тэгээд засах нь уу үгүй юу гэдгийг нь хар. Зарим байрны шавар нурчихсан байна гэж байна. Тухайн байрны оршин суугчид хуралдаж байгаад орцны засвар хийнэ. Сард 3000 төгрөг өгье гэх маягаар асуудлыг шийдэх ёстой. Харамсалтай нь манай оршин суугчид хуулиа мэдэхгүй, хуралдаа оролцохгүй байж хэл ам гаргаад банкнаас зээл авах, худалдах, орон сууцны төлбөрийг төлөхдөө л байртай гэдгээ мэддэг. Бусад үед нь анхаарддаггүй шүү дээ.
У.Цэрэнбат
Дугаар 97/164/