Худалдагдсан эрхээ яаж хамгаалах вэ?

Хүн худалдаалах гэмт хэрэг газар авч, түүнд ялангуяа бага насны охид хүүхдүүд өртөх болсон нийгмийн ямар шалтгаан, үндэс байна вэ? гэдэг асуулт юуны өмнө хариу нэхэж байна. Үнэндээ ч нийгмийн шалтгаан, үндэс язгуурыг нь л арилгаж, засаж залж байж энэ хэрэгтэй амжилттай тэмцэж, таслан зогсоож чадах нь дамжиггүй юм. Тиймээс энэ асуулт үнэхээр чухал. Үнэхээр ч хүний наймааны гох дэгээнд ядуу зүдүү амьдралтай, аав ээж нь салж сарнисан, харж хандан сэрэмжлүүлж болгоомжлуулах, ойлгуулж ухааруулах хүнгүй, амьдрах арга ухаан багатай, голдуу хөдөө гадаанаас ирсэн охид бүсгүйчүүд өртөх нь олонтаа байдаг бололтой юм. Тэд гэнэн, итгэмтхий, аливааг шохоорхох сонирхох, уруу татагдах талтай юм байна.
Гэхдээ л дурьдагдан буй эдийн засгийн хүнд хэцүү байдал, цаг үеийн бэрхшээлээс үүтгэлтэй олон шалтгааны сацуу нийгмийн, тухайлбал хүний өөрийнх нь аяг төрх, аж амьдралын хэв загвар, түүгээр үл барам үзэл баримтлалаас нь урган гарсан шалтгаан, шалтаг ч цөөнгүй байдаг байна.
90-ээд оноос манай орон нээлттэй болж, олон арван жилээр үзэл суртлын хатуу хяналт дор хаагдаж боогдож ирсэн хязгаарлагдмал байдал өөрчлөгдөж, иргэд маань гадаадад чөлөөтэй зорчих болсон нь дан ганц сайн үр дагаврыг ч авчраад байсангүй бас саар муухайг ч араасаа дагуулан, болохгүй бүтэхгүйг халдварлуулж, уруу татагдах аюулыг ч мөн бий болгосоор иржээ. Нөгөөтэйгүүр, гагцхүү ашиг орлогоо бодон, хүний сэтгэл санааг булингартуулж, үзэл бодол, ёс суртахуунд нь бучир нөлөө үзүүлэх элдэв мэдээлэл, сурталчилгаа, реклам, төрөл бүрийн этгээд бүтээгдэхүүн, кино, үзвэр, шоу мэтсийн олон зүйл дэлгэрэх болсон нь, түүгээр зогсохгүй өөрийгөө буруу залсан одод-ын сүүдэр согогтой амьдрал, адал явдал, томоогүйтлийг гайхуулан сонирхуулдаг болсон нь бага залуу насныхныг давтиргүйтэх, даган баясах дууриалал болсон гэж үзэх үндэс бий юм.
Үүний сацуу гадаадад л гарч байвал бүх юм сайн сайхан болчих юм шиг гэнэнээр боддог, түүнээ гайхуулж ярьдаг, ямар ч үнэ цэнээр хамаагүй явж л байвал боллоо гэж үздэг цаг зуурын салхилал бий болж, тэр нь үнэ цэнтэй зүйл мэт болчихоод байгаа нь хүмүүст буруу амьдрахад багагүй нөлөөлж байгаа нь ч бас үнэн.
Нийгмийн ийм хөрс суурин дээр хөллөн, байдлыг овжиноор ашиглах, тэнэгүүдийг өөрсдөөр нь тоглуулах ч гэдэг юмуу сэтгэлзүйн довтолгоо хийх замаар хүнээр мөнгө хийх арга ухааныг зарим нэг хүйтэн сэтгэлтэн хэрэгжүүлж, гадаадын мөн тийм өрөөсөн дугуй нартайгаа холбоо сүлбээ тогтоон, хүнийг эрхэндээ оруулах, улмаар дамлан худалдах, боолчлох, бузар гэмт хэрэг, булай явдал үйлдсээр байгаа.
Хүн худалддаг хүмүүсийг гаднаас нь харахад гаж буруу явдалтай, буруу зөрүү яриа хөөрөөтэй, хэв бус аяг маяг, ааш араншинтай хүмүүс гэж хэн ч ажиг сэжиг төрөхөөргүй, ядуу зүдүү амьдралыг чинь өөд нь татъя, бие бялдрыг чинь гоё ганган болгоё, газар орон үзүүлье, хөрөнгө зөөртэй болгоё, эрдэм номтой, мэргэжилтэй болгоё, сайхан хань нөхөртэй болгоё, амттан шимттэн идүүлж уулгая! гэх мэт эрхэмсэг сайхан яриа хөөрөөтэй, чухам л хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, сайн сайхан ажил үйлтэй хүмүүс гэж ойлгогдохоор жигтэйхэн сайхан халамжит эгч нар, хайртай ах нар, тусархаг гадаадынхан байдаг байна. Тэд урьдчилсан судалгаа тооцоотой, зохион байгуулалттай, ашиг орлогын нарийн төлөвлөгөөтэй, дотоод гадаад сүлжээтэй, чухамхүү мафийн шинжтэй хамтлаг болсон байдаг юмсанжээ.
Тэдний үйл ажиллагаа нь явуулга, хууран мэхлэлт, зарим тохиолдолд албадлага, тулгалт хэлбэртэй байдаг бөгөөд өөрсдөө бол хэнийг ч уургалж урхидах эрдмийг боловсруулсан мэргэжлийн хүмүүс байдаг байна.
Эрэгч, нийлүүлэгч, холбоо баригч, борлуулагч, зөөвөрлөгч, орогнуулагч гээд хүн дамлах торон сүлжээний цэг, дамжлага бүрт хүн хувалз-зохицуулагчид тасралтгүй ажиллаж байдаг бөгөөд тийм ч учраас хүний худалдаанд өртөн хохирогсодын эрхийг хамгаалахын тулд маш өргөн хүрээний ажил зохион явуулах шаардлага тулгарч байгаа юм. Хүн худалдаалах гэмт хэргийн бай бологсод нь үндсэндээ гурван хүрээнийхэн байдаг байна. Дийлэнх хэсэг буюу алтан хараацай-нууд нь мэдээж биеэ үнэлэгсэд. Тэд нь ч бас дотроо харилцан адилгүй гэнэ. Амьдралын эрхшээлээр тийм ажил-д татагдан орсон доод давхрагынхан, тэдэнтэй эгнүүлж зэрэгцүүлэхийн аргагүй тансаг амьдрал, сэхүүн бодолтой дээдсийн хүрээний цадигаа алдагсад, мөн төгсөлт, нийллэг, төрсөн өдрөө тэмдэглэх санхүүжилт хайсан тохиолдлынхон ч бий гэнэ. Судалгаанаас үзэхэд, биеэ үнэлэгчид, өөрөөрөө мөнгө ологчид-ын тодорхой хувь нь оюутан охид байгаа нь хачирхам. Манай биеэ үнэлэгч охид бүсгүйчүүдийн тоо хэдүй нь 18000-д хүрсэн гэдэг. Үүн дээр гадаадад гарч өөрийн биеэр мөнгө ологч-дыг, тухайлбал Хөххот, Эрээн зэрэг хилийн цаахна хөдөлмөрлөж буй 200-300 бүсгүйг нэмбэл Солонгост хараар ажиллаж байгаа хүмүүсээсээ ч олон тоо дурьдахаар болсон байна. Хоёрдугаар бүлэгт багтагсад нь гадаадад гарч их мөнгө олж, амьдралаа өөд нь татахыг горилогсод. Тэдний дийлэнхи хэсэг нь молигодуулсан, хулхидуулсан хүмүүс байдаг байна.
Эцэст, хүчинд автагсад. Тэд бол чухамдаа өөрийн эрх мэдэлгүй болсон, жинхэнэ хүн-бараа гэгчид. Үүн дээр бас гадаад хүнтэй ханилах дон туссан хүмүүс нэмэгддэг гэнэ.
Хөнгөн нимгэн амьдралтай, тансаглах дуртай, зугаа цэнгэлд шунамхай, наадам наргиа, архи дарс, дуу хөгжим шохоорхдог, дэвхцэж цовхчих дон шүглэсэн, амьдралын хувьд бол харин ч боломжооны, ихэнхдээ эрх танхи, гадаадад гарч мөнгө олох, юм үзэж нүд тайлах эрхэм зорилготой охид бүсгүйчүүд болон биеэ үнэлж амьдрах сонирхолтой, түүнийгээ зөвтгөдөг, үнэлэх арга ухаанаа олсон, магад ч үгүй хүн худалдааны сүлжээ, мафийн эд эс, салшгүй хэсэг нь болсон хүмүүс тэрхүү гаж буруу явдалд илүү их өртдөг учир тэдний зүг хараа хяналт тавих, хүнийх нь хувьд тэдэнтэй харилцаж, зөвлөх, туслах, аварч ачлах шаардлага амьдралаас урган гарч байна. Хүний худалдааг бараа таваарын худалдаатай адилтгах аргагүй. Хүнийг ямар бараа таваар адил эдлэж хэрэглээд дуусгачих биш гэж санагдмаар сэтгэлгээний халхавчтай, өнгөн талдаа харин ч бүр хүнд туслаад байгаа мэт үйлчлэл үйлдэлтэй этгээд өвөрмөц худалдаа. Тэр нь иргэн хүний эрхийг хулгайлж байгаа гэмт хэрэг бөгөөд хүний эрхшээлд өртөн бараа таваар бологч нь өөрөө мөнгө олж байгаа хэрэг биш, эсрэгээр өөр бусдын мөнгө үйлдвэрлэх хэрэгсэл болж буй хэрэг юм. Түүнээ хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс ч харамсалтай нь ердөө л ажил олгогчдын эрх мэдэлд очиж байгаа мэтээр гэнэхэнээр сэтгэж, зарим тохиолдолд өөрсдөө тийм алхмыг сайн дураараа хийдэг байна.
Хүн худалдах гэмт хэрэг эдүгээ далхий дахиныг хамарсан тодорхой нэгэн бизнесийн төрөл болж, жилдээ ойролцоогоор 12 тэрбум долларын ашиг олдог гайхалтай үйлдвэрлэл болж хувирчээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлж байгаагаар өнөөгийн байдлаар 12.3 сая орчим хүн албадлагын болон барьцаат хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгөд өртөж байгаа юм байна.
Хүн худалдах гэмт хэрэг зөвхөн Монголд ч бий болсон үзэгдэл биш, хэдүй нь дэлхий дахиныг хамарсан, томоохон мафи, сүлжээ болсон нь энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учруулдаг, хүн хүч, зардал их шаарддаг, олж илрүүлэхэд түвэгтэй, хохирогсодын эрхийг хамгаалахад ч бэрхшээлтэй байдаг байна.
Хүмүүсийг худалдаж байгаа зорилго, үйлчлүүлж байгаа хэлбэр нь ч өөр өөр, ямар орны, ямар иргэн бэ, ямар чанартай бараа вэ? гэдгээсээ хамааран СҮБ (секс үйлчилгээний бизнес)-д өртүүлэх, эд эрхтнийг нь авч худалдах, бусдын эхнэр болгон хөдөлмөрийг нь шулах, барьцаалан хүнд хүчир хөдөлмөр хийлгүүлэх зэргээр янз бүрээр боолчилдог, мөлждөг байна. Гэхдээ ямар байдлаар зарагдсан байсан ч худалдагдан, бусдын эрхшээлд орсон хүмүүс нь эрүүл мэнд, эд эрхтэн, сэтгэл санаа, аж амьдрал, хүн ёсны харилцаа, хувь заяа, ирээдүйн аж төрлийнхөө хувьд хохирогсод байдаг бөгөөд тэднийг хамгаалах, хохирлыг барагдуулах, зөв замд нь оруулах үүргийг нийгэм хүлээх ёстой. Хүнийг үзэл бодол, үйл ажил, амьдралынх нь зөв замд оруулах нь хэдийгээр эзэн хүнээс ихээхэн хамаарах ч хүнээ хамгаалах нь Төрийн эрхэм үүрэг юм.
Хохирогсод нь янз бүрийн үүдэл сэдэл, янз бүрийн нөхцөл, нөлөөллөөр хэрэгт өртдөг лугаа адил хохирол нь ч бас өөр өөр байдаг байна. Тэр байтугай хохирогсод эрхээ хамгаалах, тусламж хамгаалал эрэх хайх нь ч харилцан адилгүй байна. Зарим нь холбоо харилцаа тасарсан, хүчинд автагдан аргагүй байдалд орсон, зарим нь өөрийн бурууг ойлгон ичиж зовж буй, бас зарим нь гутаж гуниж амьдралаа үзэн яддаг, амиа хорлохоос өөр зам мөр байхгүй! гэж үздэг болсон зэрэг янз бүрийн байдалтай, хийсэн хэрэг-тээ болон өөртөө янз бүрээр хандаж, харьцдаг байна. Зарим нь хөлс төлбөр, алдаж гээсэн цаг хугацаа төдийхнөөр хохирсон гэж үзэж байхад, зарим нь эрүүл мэнд, хувь заяа, сэтгэл санаагаараа хохирч, нөхөж баршгүй гарз тохиолоо хэмээн үзэх жишээтэй. Хүссэн тусламжаа авч, эрхээ зохих ёсоор хамгаалуулж, биеийн болоод эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлоо нөхөж чадалгүй цаг барж, зовлонгоо эдлэж буй хүмүүс, бас эрхээ хамгаалуулж, хуулийн үйлчлэл, эрхзүйн орчны тухай тодорхой ойлголттой болсон, өөрийн алдааг ухаарч ойлгосон ч хүмүүс байна. Хийсэн, оролцсон хэргээсээ ичиж зовоод юм уу, учраа олохгүйгээс өөрсдийгөө хохироогчид ч байна. Бас тусламж эрьеэ гэхэд хаашаа хандахаа мэдэхгүй, хаяг, биеийн байцаал үгүй болсон, холбоо барих элдэв арга сүвэгчлэхэд ч хэцүү бэрх нөхцөл байдалд өртсөн хүмүүс ч байна.
Цаашлах тусам магадгүй хохирогчийн тоо олширч, хэрэг түвэгийн байдал хүндэрч, түүнийг арилгаж илааршуулах, таслан зогсоох үйл ажлын цар хүрээ, цаг хугацаа ч ихсэж нэмэгдэж болзошгүй байна
Байдал хэдий ийм байгаа ч сүүлийн үед хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус олон байгууллагууд бий болж, ийм хэрэг гарах нийгмийн үндэс язгуурыг арилгах, хүмүүст ойлгуулж ухааруулах, таслан зогсоох, хохирлыг барагдуулах, эрхийг хамгаалах, олон нийтийн болон төрийн анхаарлыг энэ тийш хандуулах зорилго, зорилт тавигдан, олон төрлийн ажил хийгдэж, энэ чиглэлийн тодорхой төсөл хүртэл боловсруулан хэрэгжүүлж байгаа нь чухал алхам болж байна. Ялангуяа Хүний аюулгүй байдлын судалгааны төв (ТББ) Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл нь хүн худалдах гэмт хэргийг таслан зогсоохоод томоохон үүрэг гүйцэтгэх найдлага төрүүлж байна. Гадаад хэргийн сайд асан ноён Л.Эрдэнэчулууны хүчин чармайлт, идэвхитэй оролцооны үрээр энэ ажил ийнхүү эрч хүчтэй эхлээд байгаа юм.
Хүнийг эрхшээлдээ оруулж, хүчин зүтгүүлэх ажил улс орны дотор олон янзын арга хэлбэрээр явагдаж, мөлжлөг бизнесийн тодорхой нэгэн төрөл болоод байгаагийн зэрэгцээ монгол хүнээ гадаадад худалдах, тэгэхдээ юуны өмнө визгүй зорчдог орнуудад буюу тэдгээр орноор дамжуулах тохиолдол нэлээд хэвшсэн байдалтай байна. Жишээ нь, БНХАУ, Макао, Малайз, Казахстан зэрэг улсаас 51 хүнийг эгүүлэн авчирч тусламж дэмжлэг үзүүлээд байна.
Хүн худалдах гэмт хэрэг нь манай нийгмийн амьдралд шинэ тутам тохиолдож байгаа бусармаг явдал болохоор түүнийг нийтэд ойлгуулж ухааруулах ажил, хохирогсодод үзүүлэх тусламж, хэргийг таслан зогсоох хийгээд тэмцэх аргыг хэрэгжүүлэх, бусад орны туршлагыг судлах, хамтран ажиллах ажлыг эхлүүлэх, харилцан туслалцах байдалтай байна. Хүний худалдаа бол оролцогч олонтой, орон зай өргөнтэй, арга хэлбэр нарийн, хор уршиг ихтэй, ялангуяа сэтгэл санааны нөхөшгүй гарз хохирол учруулдаг хамгийн бузар булай гэмт хэрэг юм. Энэ хэргийн хохирогчдын 75 хүртэлх хувь нь хүүхэд багачууд, эмэгтэйчүүд байгаа нь бүүр ч эмгэнэлтэй.
Хүн худалдах гэмт хэргийн хуулийн зохицуулалттай холбоотой заалтууд манай улсын 30 хууль, олон улсын 24 гэрээ, эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх 14 гэрээнд тусгалаа олсон байдаг бөгөөд 2002 онд Эрүүгийн хуулийн хүн худалдах, худалдан авах зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулж, 2005 онд хүүхэд эмэгтэйчүүдиийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдахаас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталсан нь энэ гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, өртөгсөдийг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлж байгаа болно.
Нэгэн үе хүн худалдаалах гэмт хэргийн талаар цагдаа, хуулийн байгууллагад нэгдмэл ойлголт байгаагүй, эрүүгийн хуульд ч зүйл анги нь бүрхэг байсан учир ийм бузар булай гэмт хэрэг гарлаа л гэх боловч хохирогч, холбогдогч үгүй өнгөрдөг тал байсаар байсан. 2002 онд эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч шийдвэрийг нэг мөр болгосон гэж үзэхэд учир дутагдал бий гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Өнгөрсөн жил Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл буюу хүн худалдах, худалдан авсан гэмт хэрэг 10 бүртгэгдэн, 17 хүнийг холбогдуулан шалгаж, таван хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгсэхгүй болгон, үлдсэн таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Дээрх хэргүүдийн улмаас 32 хүнд эд материал, сэтгэл санааны хохирол учирсан аж. Харин шүүх дөрвөн хүнд холбогдох гурван хэрэг хүлээн аваад нэг хэргийг нь мөрдөн байцаалтад буцааж, 2 хэрэгт холбогдсон 3 хүнийг шийтгэжээ.
Судалгаанаас үзэхэд, хүний худалдаа гэгчид өртөгсөдийн 19.4 хувь нь 15-18 насны, 61.9 хувь нь 19-23 насны, 18 хувь нь 24-30 насны; 60 хувь нь бүрэн дунд, 25.3 хувь дээд, 12 хувь нь тусгай дунд, гурван хувь нь бага боловсролтой хүмүүс байна.
Манайд хүний эрхийг сахин хамгаалах ардчилсан тогтолцоо хэвшиж, хууль эрхзүйн орчин улам бүр боловсронгуй болсоор байгаа боловч цаашид ч анхаарах, хийх зүйл, авах арга хэмжээ багагүй байна. Тухайлбал, энэ хэргээс урьдчилан сэргийлэх, ухааруулж ойлгуулах ажлыг байнга хийж, сонин хэвлэл, TҮ, мэдээллийн хэрэгслүүдээр энэ сэдвийг тусгайлан хөндсөн ярилцлага, хэлэлцүүлэг хийж, мэдээллийг ил тод болгох, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус олон байгууллагын үйл ажиллагааг нэгэн зүгт чиглүүлэх, одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрхийн актуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн заалтын хүрээ хамрамжийг тэлэх, зарим ойлголтыг тодорхой болгох, хэргийг урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдсэн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн тусгасан шинэ хууль боловсруулж тогтоох, тэгснээр хэргийг цогцолбороор шийдэх, хүний эрхийг хамгаалж буй олон байгууллагуудын үйл ажиллагааг илүү үр дүнд хүргэж, төрийн оролцоо, анхаарлыг хүчтэй болгох учиртай. Цаашид энэ чиглэлийн ажилд шаардагдаж байгаа төсөв, хөрөнгийг ч нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа.
Хүн өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй, чадвартай байхаас гадна бусдаас болон төрөөсөө эрхээ хамгаалуулахыг хүсэх, хамгаалуулах эрхтэй юм. Монголын иргэн хүн Үндсэн хуульд зааснаар хууль бус албадан хөдөлмөр хийхгүй байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эд, мөнгөний тусламж авах, төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, эрх чөлөөгөө хязгаарлуулахгүй байх, нэр төрөө доромжлуулахгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хуульзүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шудрага шүүхээр шүүлгэх, давж заалдах, уучлал хүсэх, гэм буруу, ял, зэмлэлээ гэр бүл, төрөл садандаа халдаахгүй байх, оршин суух газраа сонгох, эх орондоо эргэн ирэх, амьд явах эрхтэй билээ.
ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Л.Дашням
Дугаар 121/2881/