ОХУ-ын Холбооны Зөвлөлийн даргатай уулзав

Ноён С.М.Миронов анд нөхөдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн найрсаг дотно харьцааг бахархан яриад Ерөнхийлөгчийн болон парламентийн төвшинд хоёр талын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна гэсэн юм.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны харилцаа ажил хэрэгч, бүх талаар хөгжиж байгааг тэмдэглээд Монгол орны талаар гүн сэтгэгдэлтэй явдагт ноён С.М.Мироновт талархав. Мөн Монгол Улсын Төрийн Тэргүүн хоёр орны мал аж ахуй, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, цаг агаарын өөрчлөлтөөс гарч буй сөрөг үр дагаврын эсрэг бүс нутгийн төвшинд хамтран бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын худалдааг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар санал бодлоо ярилаа.
Ноён С.М.Миронов хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллана гээд хил орчмын хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналыг дэмжив. Мөн цаг агаарын дулаарлын эсрэг бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах байр суурийг сайшаагаад санал бодлоо хэлэв.
Уулзалтын дараа хэвлэлийн бага хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга нар мэдээлэл хийн, хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг харилцааны талаарх оросын телевизийн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.