Нэн ховордсон хар өвсийг Буянт-ухаагийн боомтоор их хэмжээгээр гаргах гэж байгаад баригджээ

Тус боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны орлогч дарга, ахлах байцаагч Г.Цэвэгмидтэй уулзлаа.
-Сүүлийн үед зорчин явагчдын тоо олширч, янз бүрийн хэрэг зөрчил эрс нэмэгдэж байна. Мөн урд хөршөөс гаралтай халдварт өвчин манайд илэрлээ. Танайхаас энэ тал дээр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?
-Тийм ээ, зорчигчдын тоо эрс олширч байна. 2003 онд орсон, гарсан хүмүүсийн нийт тоо 163224 байсан бол өнгөрсөн онд нэг дахин нэмэгдэж 386028 болсон байна. Үүний дийлэнх нь буюу 233 мянга нь гадаадын зорчигчид байгаа юм. Ингээд бодохоор бидний үүрэг хариуцлага улам нэмэгдэж, хэрэг зөрчил ч урьд жилүүдийнхээсээ олширч байна. Мөн хүмүүсийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Хятад улсад хэдхэн хоногийн өмнө вирусын халдварт өвчин бага насны хүүхдүүдийн дунд гарсан, манайд орж ирсэн. Иймд бид холер, Сарс, ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнүүдийг гаднаас оруулж ирэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулж зорчин явагчдад зориулан эрүүл мэндийн мэдээлэл өгч байна. Үүнд тусгай гарын авлага гаргаж, өвчний илрэх шинж тэмдэг, халдварлах зам, урьдчилан сэргийлэх арга зэргийг зааж анхааруулга өгч байна.
-Саяхан танай боомтоор хар өвс гэдэг ховор ургамлыг их хэмжээгээр гаргах оролдлого хийсэн гэж сонслоо?
-Хэрэг зөрчлийн хувьд гэвэл хамгийн сүүлд манай боомтоор нэн ховордсон хар өвс ургамлыг их хэмжээгээр гаргах гэж оролдоод баригдсан. Нунтаглаж хатаасан 60 кг хар үс буюу бидний ярьж заншсанаар хар өвсийг гаргах гэж байсан. Энэ ургамал нь манайд нэн ховорт ордог ба гоо сайхны бүтээгдэхүүн хийж болдог, мөн биеийн дархлаа сайжруулдаг ийм сайн үйлчилгээтэй ургамал юм билээ.
-Ховор эмийн зориулалттай ургамлыг хилээр зөөх явдал ихэсч байна гэж ойлгож болох нээ?
-Тийм ээ, түүнчлэн чага мөөг буюу модны мөөгийг сүүлийн үед гадагшаа гаргах явдал ихсэж байна. Чага мөөг нь хавдар тараалгүй зогсоодог гэсэн яриа байдаг манай нэн ховор ургамлуудын нэг юм. Тэр дундаа солонгосчууд ямар ч зөвшөөрөлгүй нууцаар авч гарах гэж байгаад баригддаг. Бид зөвшөөрөлгүй хураагдсан чага мөөгийг бага багаар хураасаар 200 кг орчмыг улсад тушаасан. Одоо БОЯ-наас энэ ургамлыг гадагшаа гаргахыг хориглох гэж байгаа гэж сонссон.
-Ингэхэд шонхор шувууг хилээр хэр гаргаж байна, үүнд хориг тавьж болдоггүй юм байх даа?
-Одоогийн байдлаар шонхор шувууг хилээр тусгай зөвшөөрөлтэй л бол чөлөөтэй гаргаж байгаа. Хэдийгээр шонхор шувууг гадагшаа гаргахыг хориглосон заалт гараагүй байгаа ч зөвшөөрөлгүй их хэмжээгээр гаргах гэсэн оролдлого зөндөө гардаг. Энэ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Жилд дунджаар 266 шонхор шувуу гардаг гэсэн судалгаа байгаа. Жишээлбэл, 2003 онд жилд 174 шонхор гарсан бол өнгөрсөн онд 243 гарсан байдаг. Энэ байдлаараа удвал манайд шонхор шувуу сөнөж мөхөх аюул ойрхон байна.
-Өнгөрсөн жил танай боомтоор хориотой амьтны эвэр, арьсыг гаргах гэж байгаад илэрсэн, энэ хэргийн эзэн холбогдогчийг яагаад өдий хуртэл олж хариуцлага тооцоогүй юм бэ?
-Энэ хэрэг өнгөрсөн оны 2 сард гарсан юм. Манай Буянт-Ухаа хилийн боомтоор Монгол шуудан ХХК-ний илгээмжнээс тэхийн дагзтай эвэр, арьсны хамт гаргах гэж байсныг илрүүлэн саатуулсан. Энэ нь ямар ч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй байсан тул бид хурааж авсан. Энэ илгээмжийг ОХУ-руу явуулах гэж байсан. Ингээд уг илгээмжний эзэн холбогдогчийг тогтоож өгнө үү хэмээн манайхаас Монгол шуудан ХХК руу албан бичиг явуулсан боловч тэдний зүгээс бидэнд өгсөн хаяг нь буруу байсан, бид ажилдаа хариуцлагагүй хандсан Ж.Цэрэнчимэдийг ажлаас нь халсан гэсэн ганцхан хариу өгсөн. Дараа нь бид тэр илгээмжийн төв дээр хяналт тавьж байдаг Гаалийн ерөнхий газарт дээрхтэй адил албан бичиг хүргүүлсэн. Гэтэл тэд байцаагч нартаа хариуцлага тооцож, анхааруулга өгч ажлын байрыг нь сольсон гэсэн бас л нэг эзэнгүй хариулт өгсөн. Ингээд энэ хэрэгт одоо болтол эзэн холбогдогч нь тодорхойгүй, ямар ч буруутан байхгүй эзэнгүй хэрэг болж хувирсан. Уг нь хуулиараа бол эзэн холбогдогчийг нь болон түүнтэй хуйвалдсан нөхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж,
хариуцлага тооцох ёстой юм. Бид үүнийг зүгээр өнгөрөөлгүй УМХГ-т шалгуулахаар өгөх гэж байна.
– Үүний цаана ямар нэг хуйвалдаан албан тушаалтнууд байгаа гэсэн үг үү?
-Зүгээр нэг ажилдаа хайнга хандсан хэн нэг хүнийг ажлаас нь чөлөөлсөн төдийгөөр дуусах хэрэг биш. Нийслэлийн хэмжээнд байгаа карго, илгээмжийн том том газруудад мэргэжлийн хяналтын болон гаалийн ерөнхий газрын байцаагчид ажиллаж, давхар хяналт тавьж байх ёстой байтал бүхэл бүтэн тэхийн дагзтай эвэр, арьсыг харалгүй өнгөрөөсөн байх үндэслэлгүй. Тэр үеэр Монгол шуудан-гийн илгээмжийн төвд мэргэжлийн хяналтын байцаагч нь байгаагүй бөгөөд Буянт-Ухаа дээр гаалийнхны анзаараагүй эвэр, арьсыг манай мэргэжлийн хяналтынхан илрүүлэн саатуулсан. Ер нь тэгээд бид танай манай гэж талцалгүй дор бүрнээ хариуцсан үүргээ ухамсарлаж, харилцан уялдаж байж л үр дүн нь харагдана шүү дээ. Үүнийг зарим хүмүүс ойлгодоггүй юм уу, зориуд ойлгох сонирхолгүй байдаг юм шиг.
О.Тогтохсүрэн
Дугаар 18/28/