Гараашт цагаан будаа савлаж байжээ

Мэдээж үгүй. Ийм зүйл байх ч ёсгүй гэж хэрэглэгчид бодож буй биз. Гэвч УМХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид өчигдөр хүнсний аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахгүй орчинд будаа савлаж байсан хүмүүсийн үйлдлийг газар дээр нь илрүүлжээ.
Төмөр замын авто баазын гарааш дотор Гриин сити хэмээх компанийнхан урдаас оруулж ирсэн будаагаа савлаж байж. Мэдээж гарааш гэхээр ямар олигтой байх билээ. Шороо тоос бужигнасан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй. Дээр нь утаа, тортог ихтэй. Гэтэл ийм орчинд хүнсний бүтээгдэхүүний савлагаа хийж байдаг. Ингээд зогсохгүй тус компанийн оруулж ирсэн будаа тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөгцөрсөн байсан аж. Мөн их шороотой. Ийм будааг хүмүүст худалдах биш устгах шаардлагатай.
Харин ашиг хайсан компанийнхан хөгцтэй, шороотой будаагаа тоостой, бохир орчинд шигшиж, цэвэрлээд савлаж байжээ. Хэрэв УМХГ-ын байцаагчид гэнэтийн шалгалт хийж, энэ үйлдлийг илрүүлээгүй, таслан зогсоогоогүй бол хөгц, шорооны үлдэгдэл, өөр юу ч байж мэдэх цагаан будаа хэрэглэгчдэд хүрэх байж. Yүнээс болоод хүмүүс эрүүл мэндээрээ хохирохгүй гэхийн ч баталгаа байхгүй. Ямар боловч мэргэжлийн хяналтын байцаагчид Гриин сити гэх компани үйл ажиллагаа явуулдаг Авто баазыг лацдаж, будаанаас нь дээж авч шинжилгээнд өгчээ.
Дээрх хэрэг бидэнд анхааруулга болох нь лавтай. Учир нь хэрэглэгчид савласан цагаан будааг арай илүү чанартай гэж боддог. Ингэж бодоход наймаачдын тайлбар ч нөлөөлдөг биз.
Хүнсний зах, дэлгүүрүүдэд задгайгаар худалдаж буй будаа савласан будаанаас хямдхан байдаг. Яагаад ийм байдгийг лавласан хэрэглэгчийн өмнөөс наймаачид, савласан цагаан будаа илүү чанартай, дээд зэргийнх гэж итгүүлэхийг нь яана. Гэтэл үнэндээ тэр дээд зэргийн чанартай гээд байгаа цагаан будааг нь хэн, хаана ямар орчинд савлаж байгааг яаж мэдэх билээ. Саяхан гэхэд л заантай гэгддэг будааны уутанд өттэй, хогтой будаа савлаж худалдаалсан хэрэг гарсан. Тэгэхээр савлагаатай болгон руу чанартай, дээд зэргийн гэж хошуурах хэрэггүйг шил даран гарсан хэргүүд анхааруулж байна. Тэгээд ч адилхан цагаан будааг нэг гялгар уутанд савлачихаад хэдэн зуун төгрөгөөр илүү үнээр худалдаалж, хэрэглэгчдийг хуурахаа болимоор юм, наймаачид.