Өвчлөхгүй гэвэл гэртээ хүн урихаас татгалзаарай!

Сүүлийн үеийн мэдээллээр хөдөө орон нутгаас Сүхбаатар, Хэнтий, Булган гэсэн гурван аймгаас шинээр халдвар авсан 10 гаруй хүүхэд илэрсэн ба одоо нийт арван аймагт энэ өвчин тархаад байгаа аж. Баярламаар нь гэвэл манайд одоогоор нэг ч хүүхэд амиа алдаагүй, харин ч 29 хүүхэд эдгэрч эмнэлгээс гараад, өрхийн эмнэлгийн хяналтанд гэрээрээ байгаа юм.
Гар, хөл, амны өвчин гэх энэхүү халдварт өвчин нь халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинжээр илэрч, ихэвчлэн хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж буйл, хэл, гарын алга, хөлийн ул, хурууны салаагаар толбот, гүвдрүүт тууралт гардаг, бага насны хүүхдүүдийн дунд нийтлэг тохиолддог хурц халдвар аж. Бид уг өвчний талаар тодорхой мэдээлэл авах үүднээс ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал З.Рэнцэнмягмартай уулзлаа.
-Засгийн газраас энэ өвчинтэй тэмцэх тал дээр ямар дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?
-Засгийн газар ээлжит хуралдаанаараа шийдвэрлэж тоног
төхөөрөмж, шаардлагатай байгаа эм тарианд зарцуул хэмээн 305 сая төгрөг манай эмнэлэгт өгөхөөр болсон. Бидний зүгээс уг өвчний талаар 24 цагийн турш мэдээлэл авах, зөвлөгөө өгөх телефон утас /323002/ ажиллуулж эхэлсэн. Мөн нөөцийн тасаг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн энтеровирусын лабораторийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран авч байна. Түүнчлэн манай эмнэлэг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэг, түргэн тусламжийн төвийн нийт 1200 гаруй эмч мэргэжилтнүүд, нийслэлийн цэцэрлэг, сургуулиудын захирал, эмч нарт уг өвчний эмнэлзүй, авах арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа.
-Манай улсад тархалтын байдал ямар байна, энэ вирус нь шинээр гарч ирсэн үү, эсвэл өмнө нь байсан уу? Тодорхой мэдээлэл өгнө үү?
-Уг вирус нь сая шинээр гарч ирсэн өвчин биш бөгөөд өмнө нь 1959 онд Шинэ Зеландад энэ вирусын тухай мэдээлэл гарч байсан. 1998 онд Тайваньд ч гарч байсан. Уг өвчин нь сарсыг бодоход амьсгалын замаар халдах нь харьцангуй гайгүй учраас маск зүүх нь тийм ч ач холбогдолтой байж чадахгүй. Үүнээс хамгаалахын тулд ахуйн соёлыг сайн сахих нь чухал. Гэртээ цэвэр агаар оруулж, хлорминтой усаар шалаа угааж, эд зүйлээ ариутгаж, соодтой усаар амаа зайлж, бага насны хүүхдээ аль болох гадуур олон нийтийн газар явуулалгүй, тэжээллэг витаминлаг хоол хүнс хэрэглэж байх шаардлагатай. Одоогийн байдлаар уг вирусыг дарах эмийг хараахан гаргаагүй байгаа. Жирэмсэн эхээс урагт халдаж болзошгүй хэдий ч ийм тохиолдол хараахан гараагүй байна.
-Хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдийг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа гэсэн, энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Мэдээж, энэ үеэр эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их анхаарал тавих шаардалгатай. Дээр хэлсэнчлэн 150 хүүхэд гэрээр өрхийн эмчийн хяналтан доор эмчлүүлж байгаа. Энэ тоо цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс халдвараас
урьдчилан сэргийлэх, гар хөл, амны өвчний хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдийг тусгаарласан үед эцэг эхчүүдийн дагаж мөрдөх тусгай арга зарчим гаргаж, зөвлөмж өгсөн. Тухайлбал, үүнд гэртээ хүн урихаас татгалзах, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх, гараасавантай усаар тогтмол угаах, ариутгалын бодис хэрэглэх, хөхүүл зхчүүд хүүхдээ хөхүүлэхийн өмнө гараа угаах, хүүхдийн тоглоомыг буцалгаж ариутгах, аяга таваг, хоол ундны сав суулгыг цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж ариутгана гэсэн зүйлүүд багтаж байгаа. Хамгийн чухал нь эрүүл ахуйн дэглэмийг л сайтар барих хэрэгтэй.
-Энтеровирус-71 өвчнөөр яагаад бага насны хүүхдүүд голчлон өвчилж байна вэ?
-Хүүхдүүд том хүмүүсийг бодоход биеийн эсэргүүцэл султай, дархлаа бага болохоор бага насны хүүхдүүдэд шинж тэмдэг нь илүү илэрч халдвар авахад амархан байна. Жишээлбэл,
гадаадад нас барсан хүүхдүүд ихэнх нь суурь өвчтэй, хоол тэжээлийн хомсдолтой, рахидтай, сульдаатай байсан гэсэн шинжэлгээ гарсан. Суурь өвчин гэдэгт зүрхний төрөлхийн гажигтай, тархины даралттай хүүхэд багтаж байна. Манайд өвчилсөн хүүхдүүдийг ажиглаж байхад ч ялгаагуй ийм дүн харагдаж байна, мөн харшилтай байж магадгүй хүүхэд энэ өвчнөөр өвчилсөн байгааг бид ажиглаж, судалж байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдэд уг өвчний шинж тэмдэг илэрч байгаа ч өвчний халдвар авсан хэрнээ нэг их онцын өөрчлөлт өгөхгүй, шинж тэмдэг илрээгүй гадуур сул чөлөөтэй явж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй.
Мэргэжлийн хүн ингэж ярилаа. Харин ард иргэд энэ өвчний талаар ямар мэдээлэлтэй явааг сонирхоод үзье.
БЗД-ийн иргэн Х.Пүрэвбаатар
-Ямар ч байсан бохир заваанаас болж үүсдэг өвчин гэж сонссон. Эрүүл мэнддээ анхаарч, гэртээ чийгтэй цэвэрлэгээ ариутгал хийж байх шаардлагатай гэсэн. Бага насны хүүхдээ гадуур гаргалгүй, олон нийтийн газар авч явахгүй байх, маск буюу амны хаалт хэрэглэж сурах хэрэгтэй.
СБД-ийн иргэн Б.Сэргэлэн
-Энтеровирус-71 гэдэг өвчин. Хятадаас эхэлж манайх руу халдварласан байх. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр байж, гар хөлөө сайн угааж, амаа соодтой усаар угааж бай гэж эмч анхааруулж байсан. Миний бодлоор ийм ноцтой том өвчин гараад байхад манайх хилээ хаахгүй, урдаас халдвартай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд байгаа нь энэ өвчинг улам хүрээг нь томсгох шалтгаан болж байгаа юм шиг санагдаад байгаа юм.
ХУД-ийн иргэн Ц.Баярмаа
-Энэ маш халдвартай аюултай өвчин гэсэн. Би ч хүүхдээ гадуур гаргахгүй гэрт нь байлгаж байгаа. Маш олон хүүхэд өвчилсөн байна лээ. Яагаад ийм аюултай өвчин гарчихаад байхад одоо хүртэл хилээ хаахгүй байгаа нь сонин санагдаж байна. Хятад улсаас орж ирж байгаа ажлын хүч зэргээс болж ийм халдвар манайд хурдан тархаад байгаа ч юм билүү. Энэ тал дээр мэддэг хүмүүс нь анхааралдаа аваасай билээ. Хүүхдүүд хайран байна шүү дээ.
О.Тогтохсүрэн
Дугаар 18/28/