Малчид эх орноосоо биш хятадаас цацсан өөрийн нэвтрүүлгээ үзэж сууна

Хоёр жилийн өмнөөс яг энэ apгaap UBS, ТВ-5, ТВ-9, MN-25 суваг зэрэг бусад телевизийн нэвтрүүлгийг дамжуулан цацдаг болсныг хүмүүс мэдэж байгаа. Ингэснээр хөдөө орон нутгийнхан ганц үндэснийхээ төв телевизээс гадна дээрх олон телевизийн нэвтрүүлгийг үздэг болсон юм. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Орбит шиг дамжуулан цацах станц барихад их хэмжээний хөрөнгө ордог аж. Зөвхөн тоног төхөөрөмжийг суурилуулахад 5-6 тэрбум төгрөг зарцуулагддаг гэнэ. Ийм их хөрөнгө оруулалт шаардсан тендер шалгаруулалт саяхан болж энэ сарын 7 гэхэд дүнгээ тайлагнах дөхөж. Гэтэл тендер дүгнэгдээгүй байхад нөгөө нэмж гарах телевизүүдийн нэвтрүүлгүүд цацагдаж эхэлжээ. Үзэх юм нэмэгдэж байгаа учраас хөдөөгийнхэн ч яахав башийгаа биз. Гэтэл тэдгээр нэвтрүүлгүүд нь аль цагаан сарын үеийнх. Тэгээд ч CD-ээр бичигдсэн нь илэрч. Учир нь дамжуулах станцгүйгээр, тэр нь Монголын нутаг дэвсгэрт оршин ажиллаж байж хөдөөгийнхөн өдөр тутмын нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой юм байна. Нэгэнтээ энэ боломж нь бүрдээгүй учир арга буюу CD-гээр дамжуулж байгаа нь тэр аж.
Тиймээс өнгөрсөн нэвтрүүлгүүд тавиад, тэр нь ийнхүү гацаж хахих нь их учир үзэхэд төвөгтэй, бараг өөрсдөө CD тоглуулаад харсан нь илүү болоод байгаа аж. Энэ бүхний оношийг мэргэжилтнүүд дээрх нэвтрүүлгүүдийг манайхаас биш хөрш Хятадын нутаг дэвсгэрээс цацаж байгаатай холбон тайлбарлаж сууна. Нэг ёсондоо тендерт ялаад байгаа компани дамжуулах станцаа барьж байгуулах биш, амар хялбарыг бодоод хөрш улсын нутагт орших станцаас юмуу өөр улсын хиймэл дагуулыг ашиглан дамжуулаад байгаа нь тэр аж. (Өргөн нэвтрүүлгийг ийм л хоёр замаар дамжуулдаг юм байна) Үүнд уг тендерийг зарлаж дүгнэх гэж байгаа Харилцаа, холбооны зохицуулах хороо хариу өгөх үлдлээ.
Шаварт унасан шарын эзэн гэдгээр тус хороо дээрх явдалд хяналт тавьж байх учиртай аж. Учир мэдэх мэргэжлийн хүмүүсийн яриагаар бол энэ нь луйврын, хууль бус, хулхи үйл ажиллагаа болж байна. Үүнд Засгийн газраас жил тутам авах нэг тэрбум гаруй төгрөгийн сургаар харийн юм ашиглан өөрийн малчдаа хулхидаад зүгээр сууж байгаад мөнгө хүртэх гэсэн Жем интернэйшнл буруутай юу, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгч иргэдээ хуурах замыг засч өгснөөр Засгийн газар өөрөө хэргийн эзэн болчихоод байгааг ялгаж салгаж өгөхийг мэргэжлийн хүмүүс шаардаж байна. Аргаа барьсан тэд үүнд Засгийн газрыг, тэр дундаа гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нэлээд хардан буруутгаж сууна. Үндэслэл нь хөдөө орон нутагт нэмж нэвтрүүлгээ цацах шинэ телевизүүдийн тоонд Ерөнхий сайд С.Баярын хувь эзэмшдэг STҮ телевиз багтаж байгаа аж. Энэ хардлаг нийтлэлийн эхэнд өгүүлснээр хөдөө орон нутагт буюу Монгол орны өнцөг булан бүрт телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулан цацаад байх хүчин чадалтай, улсын мэдлийн ганц дамжуулах Орбит станц оршин тогтносоор байхад яагаад заавал дахин ийм станц барих тендер зарлав. Түүнд улсаас гарах мөнгийг хувийн нэгэн компанид, тэр дундаа архи үйлдвэрлэгч нэгэнд ийнхүү олгох гээд байгаагаар баталгаажиж байгаа гэнэ.
Ямар ч болов манай малчид эх орноосоо биш харийн нутгаас цацсан өөрийн телевизүүдийн нэвтрүүлгээ үзэж сууна. Эрээн хотод хятадууд энэ төрлийн зориулалтын телевизийн антенныг (Засгийн газраас зарласан тендерээр бол сансрын холбооны ku зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг дамжуулан цацахад малчдын одоогийн хэрэглэж байгаа тавган антеннаас 1,2 метрээс бага диаметртэй, бага оврын тавган антенныг хэрэглэдэг юм байна) аль хэдийнэ худалдаад эхэлчихсэн, түүнийг нь манай ганзагынхан наашаа үүрч ирж байгаа мэдээтэй байна. Ерөнхий сайд маань өөрийн мэдлийн телевизийг хөдөө цацахын тулд ийнхүү архины нэгэн компанитай үгсэн толгойг нь илж татвар төлөгч бидний хөрөнгөөр зузаардаг улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийг нимгэлэх гэсэн бололтой. Яаж чадаж байна аа?
Б.Болд
Дугаар 122/2882/