МАХН сонгууль оролцох эрхээ ‘‘алдав’’

Намын мөрийн хөтөлбөрөө МАХН бага хурлаараа хэлэлцүүлж батлуулаагүйгээс энэ хэрэг мандсан байна. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвсэл нь сонгуульд бүртгүүлэхдээ мөрийн хөтөлбөрөө бичгээр гаргаж өгөх ёстой. Харин мөрийн хөтөлбөр нь дутуу эсвэл хуурамч бол бүртгэж авахгүй гэж хуульд заасан байна. Гэтэл МАХН мөрийн хөтөлбөрөө олонд танилцуулж, сонин хэвлэлд нийтлүүлсэн хэрнээ намынхаа бага хурлаар батлуулаагуй ажээ. Энэ нь Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мөрийн хөтөлбөр батлах тухай заалтыг бас зөрчсөн байна. Ийм учраас тус намын мөрийн хөтөлбөрийг СЕХ хуурамч гэж үзэн бүртгэхээс татгалзаж, МАХН сонгуульд өрсөлдөж чадахгүйд хүрсэн байна.
Оройн 2000 цагийн үед тус намын Удирдах зөвлөлийн гишүүнтэй холбогдоход, Тун завгүй байна. Манай намын удирдах зөвлөл хуралдах гэж байна. Дараа нь, бага хурал хуралдана. Өнөө шөнөдөө тарахгүй нь бололтой гэв. Бусад гишүүн нь ч шөнөдөө амжиж бага хурал хуралдах гэж бай¬гаа талаар ярьцгааж байв. Харин 2100 цагийн үед намын байр руугаа ганц ч хүн оруулахгүй хаалттай хуралдаж байв. МАХН-ынхан мөрийн хөтөлбөрөө албан ёсны баримт бичиг болгохын тулд бага хурлаа яаралтай хуралдуулахаар болжээ.
Ха¬рин бага хурлын 288 гишүүнийх нь хэдэн хувь цуглах, ирц нь бүрдэх эсэхийг таашгүй байлаа. Юутай ч, бага хурлын гишүүдийн талаас дээш хувь нь хуралдах ёстой байх. Гэтэл бага хурлын гишүүдийн нэлээд хувь нь хөдөө орон нутагт байгаа. Тэд ирж амжихгүй нь ойлгомжтой. Юутай ч, шөнийн 0000 цагаас өмнө амжиж мөрийн хөтөлбөрөө албан ёсны болгоод, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. МАХН-ынхан засаг барьж байгаагаараа түрий барьж, төрийн хуулийг уландаа гишгэсэн, СЕХ-г үл тоомсорлосон нь ийм байдалд хүргэжээ.
Ж.Цэсэн
Дугаар 99/418/