Сүхбаатар аймагт болсон байгалийн гамшгийг нууцалж байна

Ямартай ч өнгөрсөн 10, 11-ний шөнө цас оржээ. Зарим суманд метр гаруй цас дарж орхиж. Цас, шуурганд аймгийн урд талын бүх сум нэрвэгдсэн байна.
Онгон, Баяндэлгэр, Наран, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан, Уулбаян зэрэг сумын ард иргэд эд таваарын болон сэтгэл санааны хүнд нөхцөлд байхад сум, аймгийн удирдлагууд сонгуулийн өмнө нутгаасаа УИХ-д суугаа гишүүдийн нэрийг хөөдчихнө, чимээгүй байхгүй бол горьгүй хэмээн үнэн бодитой мэдээлэл гаргахгүй байна гэж нутгийн иргэд гомдоллож байна. Хүний амь сүйдэж, малчид ядуурлын ирмэгт ирсэн гамшгийн нөхцөлтэй холбогдуулан зарласан хуралд аймгийн цаг уурын мэргэжилтэн нь Газрын гүнд 30 орчим см чийг өгсөн. Энэ жил ногоо арвин, сайхан зун болж, мал сүрэг өснө гэж малчдыг тавлажээ. Энэ гамшгийн талаар ОБЕГ-т ч нууцхан хүрээнд ярьж байгаа аж.
Үүл буудсантай холбоотойгоор тунадас ороогүй гэж үзвэл Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт урьдчилан сэргийлсэн мэдээлэл огт өгөөгүй нь хачирхалтай. Байгалийн гамшигт нөхцөлийн улмаас нэг айлаас 400-500 толгой мал гээд аймгийн хэмжээнд 100 гаруй мянган мал хорогдсон гэсэн урьдчилсан дүн гарсан байна. Хятадын хил хүртэл уруудсан малыг хилийнхэн эздэд нь хүлээлгэн өгсөн аж. Мал ч үхэж, хорогдох нь дүүрч гэхэд олон хүн шуурганд уруудан алга болж сүйд болохоо шахсан. Харин аймгийн онцгой байдлын газрынхан тэднийг эрж олжээ. Харамсалтай нь ээж, охин хоёр осгож нас барсан байдалтай олдсон гэхчилэн нутгийнхан хэлж байна. Тэр бүрлээчид нь Баяндэлгэр сумын малчид аж. Ядахад, малчид хаваржаандаа буугаад байсан болохоор цаг агаарын бэрхшээлийг өөрсдийн хүчээр давж чадаагүй гэнэ. Сумдын Засаг дарга нар малчдыг, сумын төвд цуглуулсан байсан болохоор шуурганы өмнөхөн гэртээ харьж амжилгүй хөл хоригдсон тэд хамаг малаа байгалийн гамшигт үйлээ гэж ярьж байна.
Шуурга дэгдэхийн урд өдөр буюу 9-нд Р.Буд гишүүн Түвшинширээ суманд Тэнгэрлэг гэр бүл нэртэй арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Гэтэл одоо нэг метрийн цаадах хүн харагдахгүйд хүрсэн нүдгүй шуурганы учруулсан гамшгийн талаар ам ангайхгүй, нутаг орондоо ч үзэгдэхгүй байгаа УИХ-ын гишүүн Р.Буд, Сангийн сайд Ч.Улаан нарт нутгийнхан нь гомдолтой байгаа аж. Тэд л уг гамшгийн талаар Засгийн газарт мэдээ хүргэж, бидэнд туслах учиртай, үүрэгтэй хэмээн дарга даамалдаа хэлээд байгаа ч хэн ч тоохгүй байгаа гэнэ. Тэгээд аргаа барахдаа хэвлэл мэдээлэлд хандаж байна хэмээн Сүхбаатар аймгаас бидэнд мэдээллээ. Өнөөдөр Сүхбаатар аймагт уул уурхайн асуудал хүндэрсэн, энд тэндгүй олборлолт хийгдсэнээс болж малчид ундны ус, малын бэлчээрээр гачигдах болсон гэж мэдээлэгдсээр байтал одоо бүр иргэд нь байгалийн зохиомол гамшигт өртөн амьжиргааны хэдэн малаасаа салжээ.
Б.Хаш