Атрын III аян-ы санхүүжилт олдохгүй нь бололтой

Үүнд 25 мянган тонн үр хэрэгтэй. Одоогийн байдлаар бараг зургаан мянган тонн үр дутаж буй аж. Бас 100 тонн хор, 10 мянган тонн бордоо авах гэнэ. Том оврын трактор 220, бага оврынх 425, комбайн 40-ийг нийлүүлэх аж. Хэд хэдэн газар усан сан байгуулах, хор цацдаг машин худалдаж авах гээд хөрөнгө мөнгө шаардсан ажил цөөнгүй. Энэ бүхнийг гүйцэтгэх санхүүжилт хаана байна вэ.
Атрын III аян-ыг гурван жилийн хугацаанд санхүүжүүлнэ гэхэд наад зах нь 400 орчим тэрбум төгрөг шаардагдах аж. Үүний дөрөвний нэг орчим хувийг төрөөс санхүүжүүлээд үлдсэн ихэнх хувийг нь хувийн хэвшлийнхэн гаргана гэж тооцож буй юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 400 тэрбум төгрөгийн бараг 300 тэрбумыг нь хувийн хэвшлийнхэн гаргана гэсэн үг. Хувийн хэвшлийнхэнд тийм их мөнгө бий юү. Байхгүй л болов уу. Байхгүй мөнгийг хаанаас олох вэ. Банкнаас зээлэхээс өөр арга байхгүй. Банкинд тийм их мөнгө байгаа юу. Байгаа.
Монгол Улсад байгаа нийт мөнгө 2.4 их наяд (триллион), арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 2.2 их наяд. Зөрүү нь 200 тэрбум төгрөг. Зээл олгох мөнгө банкуудад байна гэсэн үг. Гэтэл банкууд саяхнаас аж ахуйн нэгж, иргэдэд их хэмжээний зээл олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Тодорхойгүй юм тодорхойгүй л байдаг. Энэ үүднээс үзвэл, банкууд хэдий хүртэл зээл олгохгүй байхыг хэлэхэд хэцүү. Ганц хоёр сар ч байж болно, бүр он дуустал үргэлжилж ч мэдэх шүү дээ. Тэгэхээр банкнаас зээл авч өнөө маргаашгүй эхлэх хаврын тариалалтаа хийнэ гэж итгэхэд үнэхээр бэрх. Ёстой л харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болох гээд байна.
Чухам яагаад арилжааны банкууд их хэмжээний зээл олгохоо зогсоов гэдэг анхаарал татаж байна. Үндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан албан ёсны эх сурвалжаас үзвэл, нийт зээлийн өрийн үлдэгдэл ноднингийн мөн үеийнхээс 66.3 хувиар өсч, хоёр тэрбум 336 сая төгрөгт хүрчээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 23, эргэн төлөгдөх найдваргүй зээлийн үлдэгдэл 11 хувиар өссөн дүнтэй. Нэг үгээр хэлбэл, нийт олгосон зээлийн гуравны нэг нь төлөгдөх найдвар муу байна гэсэн үг. Зээл олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоосны учир үүнд л бий болов уу. Үүнийг нотлох бас нэг баримт байгаа юм.
Одоо Монголд арилжааны 16 банк бий. Эдгээрээс дүрмийн сан, харилцагчдын тоо, үйлчилгээний хамрах хүрээ зэрэг голлох үзүүлэлтээрээ толгой цохидог ХААН, Монгол шуудан, Голомт, Худалдаа, хөгжлийн банкинд нийт зээлийн үлдэгдлийн 60 гаруй хувь нь ногдож байна. Банкны системийн хэмжээгээр нийт чанаргүй зээлийн хэмжээ бараг 70 тэрбум төгрөгт хүрчээ. Байдал ийм байхад өмнө нь олгосон зээлээ бага ч болов цуглуулж эмхэлж байж шинээр зээл олгох биз. Нөгөө талаар Монголбанкны бодлогын хүү 9.75 хувьтай байна. Энгийн үгээр хэлбэл, Монголбанк үнэт цаас гаргаад түүнийгээ арилжааны банкуудад ийм хүүтэй худалдаж байна. Энэ нь арилжааны банкуудыг зээлээ зогсоох нэг шалтгаан болсон болов уу. Юу гэвэл, бусдад бага хүүтэй зээл олгож, түүний араас хөөцөлдөж цаг заваа барж байсанд орвол төв банкнаас ахиухан хүүтэй зээл авах сонирхол давамгайлж байж ч болох юм.
Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлах үеэр тэднийх 200 сая ам.долларын зээл олгохоо амласан. Түүнийг атрын аяны санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж хэлж байна. Амласных нь зоргоор аваад байж бас болохгүй. Чухам тэр их ногоон мөнгө хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бол аль нэг улсаас их хэмжээний зээл авах эсэх, түүнийг чухам юунд зарцуулахыг зөвхөн УИХ шийддэг. Одоогийн парламент сүүлчийн буюу хаврын чуулганаа удахгүй өндөрлөнө. Дараа нь сонгууль болно. Шинэ парламент бүрдэнэ. Түүний дараа Оросоос зээл авах уу, авбал түүнийг чухам юунд зарцуулахаа шийднэ. Зээлээ авч өгөлцөх гэрээ байгуулна. Энэ мэтээр хугацаа шаардсан ажил их бий. Тэгэхээр 200 саяыг атрын аяны санхүүжилтэд зарцуулна гэж буй нь алаагүй баавгайн арьсыг хуваахтай адил юм.
Б. Элбэгзаяа