Ганц манай гарамгай улстөрчид л том амладаггүй бололтой

Иракийн дайнд ялалт байгуулж, Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсооно хэмээн амласан байх юм. Түүнээс гадна Их Британийн тогтолцоог нэвтрүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын гишүүдийн асуултад тогтмол хариулдаг болгох гэнэ. Хамгийн гол нь Тора Борагийн ууланд бүгсэн гэдгийг нь мэдэж, дээрээс нь баахан бөмбөг хаясан ч устгаж дийлээгүй Осама гайхлыг баривчилна гэжээ.
Тэр байтугай Америк зөвхөн түүнд зориулж шинэ зэвсэг хүртэл зохион бүтээлээ хэмээн шуугьж байсан санагдах юм. Магад Сэм авгын хэвлэлүүдээр Ж.Маккайныг буруутгасан нийтлэлүүд гараад эхэлчихсэн байгаа. Нэр дэвшигч маань Бин Ладеныг гэртээ орогнуулж байгаа юу гэх зэргээр олон нийт түүнийг баалж байгаа. Гэхдээ том гүрний удирдагч чадна л гэвэл чадах юм хойно.
Монголд ч гэсэн юу юугүй сонгуульших гээд дээр дооргүй бужигналдаж байна. Манай улстөрчид бусдаас, тэр дундаа америкчуудаас хуулахдаа гарамгай юм хойно нөгөө Осамаг нь хаана байгааг мэднэ, зааж өгнө гэж халаах вий дээ. Чадах л гарууд шүү. Яагаав нөгөө 2004 оны сонгуулиар Налайх дүүрэгт Нефть боловсруулах үйлдвэр барьчихаад бүтээгдэхүүнээ Орост, бүр тухайлбал Газфром-д экспортлоод байгаа шиг.
Горьдлогоор голоо зогоож байгаа төрөөс төрсөн тэрбумтнууд амандаа багтсаныг амлаж байна. Амандаа багтаагүйг ч бас амлаж байна. Өмнөх хоёр удаагийн сонгуулиар МАХН С.Зоригийн хэргийг илрүүлчихсэн. Тэд энэ удаа малчдыг малын хөлийн татвараас чөлөөлж, хөгшин залуу хэн ч бай хүүхэд л гаргаад байвал өгөх мөнгөнийхөө тоог өсгөөд байх бололтой юм ярьж байгаа. Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгоно гэх нь ч дуулдсан.
Орон сууц барих урт хугацааны зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон урт хугацааны зээлийн жилийн хүүг зургаан хувь хүртэл бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно гэсэн шүү. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ боломжийн байгаад дулдуйдан, халамжийн хөтөлбөрүүдэд шаар-дагдах мөнгөний хэмжээг нэмэх нь гэж олонд дэлгэсэн мөрийн хөтөлбөрөөс нь харагдаж байгаа. Нэр дэвших магадлалтай нөхдийн санаанд багтсан л бол сонгогчдоо сансарт аялуулж, саран дээр хамт зураг авахуулна гэж худлаа хэлэхээ ч ядахгүй.
2000 онд Хөвсгөлд нэр дэвшсэн нэг нөхөр малын хулгайтай дүрс бичлэгийн камер, дуран авайн тусламжтайгаар тэмцэнэ хэмээн манаргаж байв. Уул болгоны орой дээр алсын удирдлагатай камер суурилуулчихаад, малчид бараг гэрээсээ хянаад байх боломж түүнийхээр бол бий юм гэнэ. Аз болоход сонгуульд мань хүн ялаагүй санагдана.
Хошин урлагийнхны найруулан тавьсан Гишүүд минь баяртай тоглолтыг үзлээ. Тэд бүрэн эрх нь дуусч байгаа гишүүдийн дүр бүтээжээ. Нэг нь үндэсний цөөнх бололтой юм. Мөрөн дээрээ бүргэд суулгачихсан. Бүргэдийн эрхийг хамгаална гэнэ. Бэртэж, гэмтвэл групт оруулж, хөгшрөхөөр нь тэтгэвэр олгох хуулийн төсөл санаачилчихсан явна лээ. Өөр нэг нь улаан анчин. Хэнтэй л таарна, Гөрөөсний цус уух уу гээд зүгээр ердөө явуулахгүй. Бас нэг уяач бий.
Хормойг нь өшгөчсөн, урт цайвар дээлтэй. Өвөрт багтаагүй том хөөргөө цүнхнээсээ гаргаж ирээд л тамхилах нь түүний үндсэн үүрэг. Нөхөртөө зодуулдаг эмэгтэй гишүүн бас байна аа. Тэдний бүх ажлыг, тодруулбал хууль санаачлах, төсөл бичих, тойрог руугаа явах, хувцсыг нь цэвэр байлгах зэрэг үүрэг ордны цэвэрлэгч Цэрмаа гуайд ногдоно. Нэг аварга нь харин Нисдэг машинтай болох хууль санаачилж, Улаанбаатарын гудамжийг түгжрэлээс ангижруулна гэж байж Цэрмаа гуайд зэмлүүлнэ лээ. Бас болоогүй. Тийм хуультай болох санаа Холливудын кино үзэж суугаад төрсөн гэж байгаа.
Бүр болмоор санагдаад болохгүй байсан гэсэн шүү. Манай УИХ-ын зарим гишүүний дүр яг л гарсан байна билээ. Хошин шогийнхон ч бас мэдрэмжтэй юм аа. Энэ мэт агаар, тэнгэрийн санаа цухалзуулах популистууд дуугаа түр аяд. Ард түмэн хуурай амлалтад бялуурчихсан. Одоо болсон.
П.Баттулга
Дугаар 99/418/