Олон түмний шүтээн Очирвани бурханаа заллаа

тохиолдуулсан Монгол бөхийн өргөөнд оройн дээд Богд Очирвани бурханыг залах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн сүсэгтэн олны хөлд Монгол бөхийн өргөө дарагдав. Найман настай балчираас наян настай буурлууд энэ өдөр Монгол түмний шүтээнийг залах ёслолд оролцохоор ирсэн байв.
Бөхийн өргөөний суудал пиг дүүрч, настан буурлууд маань шатан дээр хүртэл сууж байсан. Үүнээс гадна Бөхийн өргөөнд орж чадаагүй сүсэггэн олон уцаарлаж харагдсан. Мөн цагтай уралдаж ирсэн ч Бөхийн өргөөнд орж чадаагүй сүсэгтнүүд бухимдалтай буцаж байлаа. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Богд Очирвани бурханыг бүтээх ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт үг хэлсэн юм. Тэрбээр,Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 129 тоот зарлигаар Богд Очирвани бурханыг бүтээх ажлын хэсэг байгуулагдаж, сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр бүтэн жилийн турш энэхүү шүтээнийг бүтээлээ. Богд Очирвани шүтээн нь Монгол түмний эв нэгдэл, хүчирхэгжин хөгжихийн бэлгэдэл болж байна хэмээгээд Монгол түмэн маань энэхүү шүтээндээ сүсэглэн мөргөж, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм.
Хүч чадал, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон энэхүү бурханыг 17 дугаар зуунд Автай сайн хан анх бүтээн залж байжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа бүтээн залсан баримт байдаг аж. 21 дүгээр зуунд энэхүү бурханыг бүтээн залж байгаа нь Монголын шашин дахин сэргэн мандахын бэлгэдэл болж байгаа хэрэг. Очирвани бурхан бол Монголчуудын заяаг даатгадаг бурхан. Өглөөнөөс эхлэн тэнгэр хангай нь хур шимээ хайрлаж, олны сэтгэл тэнүүн байгаа нь шүтээн маань биднийгээ тэтгэж байгаагийн илрэл хэмээн сэтгэлд бууж байна хэмээн арга хэмжээний нээлтэн дээр Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц айлдав. Энэхүү шүтээнийг бүтээхэд Монгол улсын 21 аймаг хийгээд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын урчууд оролцсон аж.
Энэ нь Богд Очирвани бурхан бол гагц Монгол улсын шүтээн бус нийт Монгол үндэстний шүтээн болж байгаагийн илрэл хэмээн хурсан лам хуврагууд айлдаж байв. Богд Очирвани шүтээнийг нийслэл хот, 21 аймгийн сүсэгтэн олны хандиваар бүтээсэн. Улаанбаатар хотын сүсэгтнүүд 80.4 сая, Өвөрхангай аймгийнхан 11.5 сая, Сэлэнгэ аймгийнхан 10 сая, Архангай аймгийнхан 9.1 сая төгрөг зэргээр 21 аймгийн сүсэгтнүүдийн 100 төгрөгийн хандивыг цуглуулж, нийт 260 гаруй сая төгрөгөөр Монгол түмний шүтээнийг урласан байна. Энэхүү шүтээний голд нь Монгол хүмүүний буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраагч Богд Очирвани бурханыг байрлуулсан бол баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсаг бурхан, зүүн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны бурхан Манзушир, дээд хэсэгт нь төгс гэгээрсэн Шагжамуни бурхан, баруун талд нь Очирвани бурханы заларсан Отгонтэнгэр хайрхан, зүүн талд нь Бурхан Халдун уулыг дүрсэлжээ.
Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэгг нь төрийн долоон эрдэнийг дүрсэлсэн бол Очирвани бурханы доод хэсэгт номт гурван хаан болох Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хааны хөргийг дүрсэлжээ. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсээр хүрээлүүлсэн нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл болж байгаа аж. Энэхүү шүтээнд Монгол түмний шүтээн болсон бурхад, хаад, хайрханууд багтсан нэгэн цогц шүтээн гэж хэлж болох юм. Үүнийг бүтээснээр Монгольи төдийгүй дэлхийн урлаг, соёлын өв санд орох томоохон хөрөнгө оруулалт болсон хэмээн Хамба ламба Д.Чойжамц айлдсан юм.
Нээлтийн дараагаар Монгол улсын төрийн далбаа болон нийслэл хот, 21 аймгийн тушйг хүндэтгэлтэйгээр Бөхийн өргөөнд залсан юм. Энэхүү шүтээний бүтээхэд Монгал улсын өнцөг булан бүрээс сүсэгтэн олон хандив өргөж, хувь нэмрээ оруулсан болохоор ийнхүү 21 аймгийн тугийг залж байгаа аж. 21 аймгийн тугийг залсаны дараагаар Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж, Дашчойлон хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав болон Энэтхэг улсаас ирсэн Рэгзэн Ренбүүчи нар олон түмний сайн сайхны төлөө мандал өргөсөн юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд дэлхийн олон улсаас Ренбүүчи, хутагт, хувилгаад хүрэлцэн ирсэн байв. Мандал өргөсний дараагаар нийт лам хуврагууд Чингис хааны тахилын уншлага-ыг монгол хэлээр уншив. Үүний дараагаар бэсрэг урлагийн тоглолт болсон. Монголын шилдэг гэгддэг морин хуурчид Үүлэн бор морин хуурын аяз тоглосон бол уртын дуучид Монгол ардын уртын дуу Эртний сайхан-ныг дуулж, морин хуурчид, уртын дууч нар хамтран Их Чингис хааны магтаал-ыг хайллаа. Мөн монгол Цамын бүжиг сүсэгтэн олны таашаалд ихээхэн нийцэж, цагаан өвгөн хишиг тараахад хурсан олон булаацалдан авч байв.
Энэхүү арга хэмжээний төгсгөлд Богд Очирвани бурханыг Улаанбаатар хот болон 21 аймагт залах ёслол болов. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 21 аймгийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар болон тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, төлөөлөгч нарт Монгол түмний шүтээн Богд Очирвани бурханыг гардуулсан юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, НИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Хангал тэргүүтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчид салхийг хагалж Монгол улсын Ерөнхийлөгчөөс Богд Очирвани шүтээнийг гардан авсан.
Цагаан толгойн үсгийн дарааллаар 21 аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөл болон алдартнууд нь Богд Очирвани шүтээнийг Ерөнхийлөгчөөс гардан авав. Монгол улсын Ерөнхийлөгч Богд Очирваани шүтээнийг айл өрх болгон тахин шүтэх учиртай хэмээгээд айл өрхийн тоогоор хэвлүүлэн тараана хэмээн мэдээлсэн юм. Харин энэ үеэр Бөхийн өргөөний танхимын гадна багагүй үймээн дэгдсэн. Богд Очирвани бурханы хөргийг авах гэсэн иргэд бужигналдаж, хамгаалалтынханд нэлээд төвөг учруулсан. Төгсгөлд нь Бөхийн өргөөнд хурсан сүсэгтэн олон Богд Очирвани шүтээндээ мөргөж адис авсан юм
Дугаар 102 /9658/