Ц.Нямдорж Улстөрийн шалтгаан, ил далд гацаа үүсгээд ажил явахгүй байна

-МАХН-ын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Ашигт малтмалын хуультай холбоотой Засгийн газраас санал ирээд нэлээд удсан. Үүнийг дуусгах шаардлагатай гэж ярилаа. Газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дууссан учир сунгах талаар хэлэлцэхээр боллоо. Мөн Засгийн газар үнийг тогтворжуулах асуудлыг зохицуулах оролдлого хийж, УИХ-д санал оруулаад байгаа. Үүнийг хэлэлцэх ёстой гэж зарчмын хувьд дэмжлээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд бар код хэрэглэх хугацааг хойшлуулах тухай ярьж байгааг дэмжихээр боллоо. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад арваад хоног үлдлээ. Харамсалтай нь, улс төрийн шалтгаан, ил далд гацаа үүсгээд тэр нь ажил явуулахад төвөгтэй л байна.
-Үнийн өсөлтийг зохицуулахаар томилсон ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа вэ. Ажлын явцтай танилцсан уу?
-Монголын хэрэгцээний нефть бүтээгдэхүүнийн 90 орчим хувийг ОХУ-ын ганцхан компани нийлүүлдэг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ нөхцөл байдлаас гарах гурван л арга бий. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрч, дасан зохицож амьдрах арга байна. Нөгөө нь, Засгийн газрын УИХ-д оруулсан саналыг дэмжиж, үнийн өсөлтийг тодорхой хугацаанд барих. Мөн өндөр үнээр шатахуун авч, дотооддоо татаасын зохицуулалт хийх боломжтой. Татаасын зохицуулалтыг арга гэхэд дотроо маш их зөрчилтэй. Жишээ нь, эмнэлэг, цагдаа, цэрэг зэрэгт татаас олгож, бусдад нь өндөр үнэтэй шатахуун өг гэсэн санал зарим гишүүнээс гарсан. Тэгвэл Монголд байгаа бүх шатахуун л Цагдаа, цэрэг, эмнэлэг гэсэн тодотголтой болж хувирна шүү дээ. Түүнийг дагасан луйвар, нууц бүлэглэлүүд бүрдэх нь мэдээж. Ерөнхийдөө гажигтай систем. Тиймээс л ямар аргаар явахаа нухацтай ярьж байна. Ингэж маргалдаж байх хойгуур зохистой зохицуу¬лалт хийх боломжоо алдчих вий гэсэн зураглал харагдаад байгаа. АН-ын зөвлөлийнхөнтэй энэ ажлын хэсэг дахин ярилцахаар болсон. Хэсэгчилсэн татаа¬сын арга л яригдаад байгаа. Хэсэгчилсэн татаас нь сая дурдсан луйвар шүү дээ.
-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад үлдээд буй 10 хоногт аль хуулийг зайлшгүй батлах боломжтой байна вэ?
-Бүгдийг нь л гаргахаар хичээнэ шүү дээ. Гэхдээ энэ замын түгжээс арилахгүй байна. Бүтән хоёр cap ил далд зохиомлоор түгжчихсэн юмыг аравхан хоногт батлах нь юу л бол. Тухайлбал, энэ хугацаанд ноолуурын асуудлаар МАХН-ын бүлэг шийдвэрийн төсөл боловсруулаад Засгийн газарт өгсөн. Засгийн газар саналаа өгчихвөл УИХ яаралтай хэлэлцэж зохицуулалт хийх ёстой гэж ярилаа. Хөдөө аж ахуйн салбарыг татаасаар дэмждэг бодлого барууны орнуудад бий. Ийм механизм тогтоох талаар хэд хэдэн удаа бүлэг дээр ярьсан. Хэрэв УИХ-д ороод ирвэл гишүүд дэмжих саналтай байгаа.
Б.Анар
Дугаар 99/418/