Африкийн хөгжлийн банк /АХБ/ хүнсний хямралын эсрэг

Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Доналд Каберук тээвэрлэлтийн зардал өсч байгаатай холбогдоод ХАА-н бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учраас олон улсын нийгэмлэгүүд Африкийн ХАА-н үйлдвэрлэлд туслах цар хүрээгээ зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна гэжээ. Мозамбикийн нийслэл Мапуту хотноо болж байгаа АХБ-ны бага хурлын үеэр ХАА-н бүтээгдэхүүний үнэ өсөөд байгааг хязгаарлахын тулд тариаланчдад мөнгөн тусламж өгөх, үүний тулд ийм сан байгуулах шийдвэр гаргасан байна.
Энэ шинэ арга хэмжээг хэрэгжүүлж африкийн орнуудын хүнсний хямралыг гэтлэн давахад дээрх тусламжийн санд ойрын зургаан сарын хугацаанд 500 сая ам.доллар хуримтлуулах шаардлагатай байна гэж Африкийн хөгжлийн банк тооцоолжээ. Энэ сарын эхээр Тунист болсон Африкийн хөгжлийн банкны удирдах зөвлөлийн хурал африкт нүүрлээд байгаа хүнсний хямрал, үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээнд нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэж зарлаж байсан юм. Үүний өмнө улс орнуудын хүнсний хангамжийг сайжруулахад шаардлагатай хөрөнгийн хэмжээг 3.8 тэрбум гэж тооцоолсонтой нийлүүлбэл нийтдээ 4.8 тэрбум ам.доллараар тивийн нийт хүн амыг хүнсээр хангах тухай яригдаж байна гэсэн үг юм.
Ц.Хас
Дугаар 99/418/