Байгаль орчинд халгүй байгууллагыг шалгаруулж байна

Монголд анхны Эко тэмдэг-ийг Юнигаз компани хүртэв. Энэхүү Эко тэмдэг нь байгаль орчинд халгүй, дэвшилтэт технологиор үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэр хүндийг илтгэж байдаг байна. Мөн ийм тэмдэг бүхий аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг тодорхой хэмжээгээр хөнгөлөх ёстой байдаг аж. Өнгөрсөн жил Засгийн газраас Эко тэмдэг-ийн талаар тогтоол гаргаж, Монголд хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.
Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгжийг уг тэмдэг авах боломжтой эсэхийг судлан үзсэн аж. Тэдгээрээс эхний ээлжинд тавьсан болзлыг хангасан учир Юнигаз компанийг шалгаруулж, тэмдгийг нь албан ёсоор өчигдөр БОЯ-нд гардуулав. БОЯ, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвтэй хамтарч шалгаруулж, уг тэмдгийг гардуулж байгаа юм. Анхны Эко тэмдэг-ийн эзэн болсон уг байгууллага авто тээврийн болон ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн түлш үйлдвэрлэдэг.
Манай улсад шингэрүүлсэн хийгээр ажилладаг 760 гаруй автомашин байгаа аж. Уг нь ийм түлшээр ажиллах боломжтой 1200 орчим автомашин бий гэнэ. Нефтийн төрлийн шатахуунаас литр нь 310 төгрөгөөр хямд байгаагаас гадна, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, агаар бохирдуулдаггүй зэрэг давуу талтай гэсэн шалгуур нь Эко тэмдэг хүртэх үзүүлэлт болжээ.
Улаанбаатарын хэмжээнд агаарын бохирдлын 78 орчим хувийг автомашин ялгаруулдаг байна. Тиймээс шингэрүүлсэн шатдаг хий буюу агаарын бохирдол үүсгэдэггүй түлшээр явдаг машиныг нийт тээврийн хэрэгслийн 30 хувьд хүргэхээр тооцоолж байгаа аж. Дараагийн Эко тэмдэг хүртэх боломжтой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг судалж байгаа юм байна.
Л.Номин
Дугаар 99/418/