Улс төрийн намууд хориглолт, давшилтын зааг дээр

Хаа очиж сонгуульд оролцохоор горилогчид хуулиндаа захирагдаж нэг долоо хоног ч гэлээ хаалга тогших хүний тоо эрх биш цөөрлөө. Энэ үйл явцыг ажиглавал улс төрийн нам болон хувь хүмүүс давшилтад орох гэж жад сэлмээ агссан дайчид лугаа сэтгэгдлийг төрүүлнэ. Тэд хэзээ хэзээгүй окопноосоо үсрэн гарахад бэлэн байгаа нь лавтай. Нөгөөтэйгүүр Сонгуулийн ерөн-хий хороо гарааны зурхайд морьдыг ном ёсоор нь эрэмбэлэн дугаарыг нь олгоход бэлэн болоод байна гэсэн үг.
Мэдээж хэрэг бүх морьдод дугаар тарааж нэг дохиогоор хөдөлгөнө гэдэг амаргүй ажил байх бололтой. Энд юуны түрүүнд улс төрийн намуудын дотор нэлээд бужигнаан болох байх. Сонгуульд биеэ бэлдэн мөнгө цацаад байсан хүмүүс бүгдээрээ сонгуульд хамраг-дан оролцож чадахгүй шүү дээ. Тэдний зарим нь сугарч үлдэх нь зүй ёсны асуудал. Басхүү намын дарга нарын удирдлага дор зарим нэгэн сэлгээ хийж, хэн мандаттай, хол давхих морьдынхоо дотор сэлгэлт хийх явдал харна. Сонгуулийн товыг зарлаагүй байхад түрүүлж давхилдсан морьдын заримыг буцаах асуудал ч гарах байх. За тэгээд манай улс төрийн намууд, улс төрчид баахан жудаггүй дээ.
Ер нь энэ сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хаа нэгтээ, аль нэгэн тойрог дээр ямар нэг хэл ам гарч л таараа. Бага шиг л бие биенээ хялалзаж, тэнгэр хилэгнүүлээсэй гэж залбирнам. Өнөөдөр сонгогчдын хамгийн их өрөвдөж байгаа хүмүүс ум хумгүй гарааны зурхайд тэмүүлэгсэд. Тэд мөн ч их сурталчилгаа цацаж, мөнгө гэдгийг ёстой гарынхаа салаагаар сул элс шиг урсгасан. Зарим нь ч яахав, бэл бэнчинтэй хүмүүс л байдаг байх. Бас нэг хэсэг нь улс төрөөр хөлжсөн л байх. Гэлээ гэхэд зах зээлийн нийгмийн хүний амьдралд илүүдээ гарсан мөнгө байдаггүй байлгүй. Тэгэхээр өчигдөр СЕХ сонгуульд оролцох хүсэлтэй улс төрийн нам, эвслүүдийг хуулийн дагуу бүртгэж дуусах ёстой.
Улмаар намуудын бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 25 гэхэд тус намыг сонгуульд оруулах уу, үгүй юу гэсэн асуудлыг шийдэх юм байна. Тэгэхээр энэ сарын 25 гэхэд манай хичнээн нам, эвсэл сонгуульд оролцох нь тодорхой болно. Энэ цагаас хойш л манай улс төрчид давшилтад орж, бие биенээ сорьж сонжих нь ихсэнэ. Зарим нь бие биенээ хардан муулах биз. Нөгөө нэг хэсэг нь ингэж их мөнгө зарчихаад хоосон хоцрохгүй шүү гэцгээх байх аа. Энэ удаад бие даан нэр дэвшигчийн сураг ер сонсогдсонгүй.
Тэр нь мэдээж хэрэг бие даасан нэр дэвшигч УИХ-д оролцлоо гэхэд босгыг нь давахааргүй байгаагаас үүдэлтэй асуудал. Тэгээд бодохоор өнөөдөр намууд нам дотроо л хөлөө жийлцэх байлгүй дээ, Энэ тэмцлийн дунд намаасаа гоожиж үлдсэн нэг нь ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болно. Тэгэхээр гарцаагүй энэ магадлал маш өндөр байна. Наад зах нь гурван мандаттай тойрогт дөрөв дэх нь болж горьдлого өвөрлөсөн сайн дурын нэр дэвшигчид намаасаа нэр дэвших боломжгүй болмогц намаасаа гарахаа зарлаад өөр намын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшихийг сонгуулийн хуулиар үгүйсгээгүй.
Тэд мөн аль нэгэн хөдөлгөөнд хамрагдаад нам бус маягаар нэр дэвших арга замыг эрэх хүн гарлаа гэхэд хэн ч гоочлох ёсгүй. Өнөөдөр албан бусаар сонгуульд нэрээ дэвшүүлээд байсан нөхдийн дунд мөн ч их хэл ам гарна даа. Наад зах МАХН-ын бага хурал, АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дээр бөөн бужигнаан болох төлөвтэй. МАХН-ын хувьд эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана гэж байгаа боловч намын Бага хурал нь ямар шийдвэр гаргах нь бас л нөлөө бүхий асуудал болоод байна. Учир нь өнөөдөр бага хурлын гишүүдийн дотор нэр дэвших бодолтой хүн олон байгаа. Тэд лав л намаасаа хэн хэнийг УИХ-д дэвшүүлэх вэ гэдэг дээр цэц булаалдах л байх.
Хатуухан шалгуураар нэр дэвшигчээ тодруулчих байх. Намын анхан шатны байгууллагын гаргасан шийдвэр УИХ-ын нэр дэвшигчдийг тодруулах гол шалгуур гэж үзэж байгаа ч Бага хурал дээр Удирдах зөвлөлтэйгөө үг шөргөлдөх хүмүүс гарахыг үгүйсгэх аргагүй. АН-ын Зөвлөлдөх хорооны тухайд асуудал нэлээд эмзэг байдалтай байна. Энэ нам дээр бие бие рүүгээ чулуу шидэх хүн олон бий. Тэр байтугай УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон үеэ өнгөрөөсөн гишүүд нь залуучууддаа байраа тавьж өгөхгүй гээд гэдийнэ. Шинэ төрж гарч буй залуус нь болохоор Бид та нараас дутахгүй хөрөнгийг сонгуулийн дансанд хийчихсэн. Та нар одоо суудлаа тавьж өг гэх шаардлага тавих байх. Цаашлаад ҮШН, БНН, Эх орон намын хамтарсан Гуравдагч хүчний холбоо-ны дотор ч нэлээд сөргөлдөх асуудал гарна.
Хэдийгээр энэ холбоонд төдийлөн хүчтэй нэр дэвшигч болчих улс төрчид цөөн ч УИХ-ын сонгуулийн үр дүнгийн хуваарилалт дээрээ яг тэнцүү байх уу, аль эсвэл… гэсэн асуудал гарах болно. Басхүү бусад намуудаас батлахаа хураалгаад ороод ирэх нь хэн байна вэ? гэдгийг тэд хүлээх л байх аа. Хамгийн сүүлд байсуулагдсан ИХН, МСДН, МНН-ын Иргэний эвсэл-д багагүй зөрчилдөөн гарна. Хэдийгээр бидний байгуулсан эвсэл бат бэх гэж байгаа боловч одоогоор яг хэнийхээ нэрийг УИХ-д нэр дэвшигчийн жагсаалтад оруулах нь тодроогүй байгаа болохоор бас л лидер хайх болов уу даа.
ИЗН-д нэгдсэн ҮЭНН-ын тухайд ч яахав гол намынхаа үзэл баримтлалыг барих биз. Тэгэхдээ тэд санал зулгаана гэсэн бодолтойгоос ялалт байгуулна гэсэн зорилго байхгүй. Өнөөдөр намуудын асуудал нэг иймэрхүү хориглолт давшилтын зааг дээр байна. Сонгуульд хэний хүү хэн ялалт байгуулах нь тодорхойгүй цаг. Сонгогчдын тухайд энэ удаад намууд шударгаар өрсөлдөж, хэрүүл хэл амгүйхэн, бие биенээ дайрч давшлахгүй тэнгэр хилэгнүүлэхгүй шиг сонгуульдаа оролцоосой гэж хүсч байна.
Дугаар 102 /9658/
Б.Элдэв