Монгол түмэн сэтгэл нэг байгаагаа дуу хуураараа илэрхийллээ

дэлхийн байдлын тухай хөөрөлдөн, БНХАУ-д болсон аймшигт газар хөдлөлтөнд үй олон хүн амь үрэгдсэнийг онцгой харуусан ярилцжээ. Ингээд энэ хоёр уран бутээлч Монгол түмний харууслын дууг шууд тэнд бүтээжээ. Түүнийгээ манай сонины редакцид авчирч өглөө. Энэ талаар Ардын жүжигчин П.Хаянхярваатай товчхон ярилцлаа.
-Аливаа том, бага, сайн, муу үйл явдал хаа нэгэнтээ тохиолдоход уран бүтээлийн тань онгод оргилдог уу?
-Аль ч уран бүтээлч иргэний адил ертөнцөд болж буй үйл явдал сэтгэлийг минь хөндөх нь олонтаа. Гэхдээ элдэв сонгуулиас бусад нь шүү. Энэ сарын эхэн хагаст БНХАУ-д болсон ер бусын гамшигт газар хөдлөлт-лус шилгээлт өвгөн миний зүрхийг онцгой эмзэглүүллээ.
Мөнхийн хөрш, ажилсаг, авьяаслаг Хятадын ард түмэнд учирсан хэлж тоймлошгүй энэ гай зовлонг би зүрх сэтгэлээрээ эдлэн харамсч байна. Залууч байсан болоосой. Чадах ядахаараа туслахсан, нэг ч болов хүний зовлонг нимгэлэлцэхсэн гэж хий л гаслан ганихарнам.
-Та хөрш орныхондоо хандаж юу хэлэхсэн бол?
-Би уран бүтээлч хүн, өвөө, багш хүн. Үнэхээр байж ядаж байна. Маргаашдаа итгэлтэй хөдөлмөрлөж, сурч байсан гэм зэмгүй хүн алтан амиа алдаж, тэдний дотор мянга, мянган энхрий булбарай хүүхэд багачуул амь үрэгдсэнд харамсахад ч багадам бачуурч байна. Учирсан зовлон гамшгийг сэтгэлийн хат агуу хүчит эв эеэрээ давж, байгалийн эрхшээлд үл сөгдөх хүчтэй шүү, та нар минь. Зориг тэвчээр бүхнийг ялж, Бээжин-2008 олимпдоо гайхамшгийг бүтээн, амжилтын дээдийг гаргаарай гэж ерөөе.
Амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалын өмнө тэргүүнээ гудайн залбирна.
Монгол түмэн сэтгэл нэг
Шүлгийг Олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг Хөгжмийг Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа
Эвий хөөрхий гэж дуу алдмаар аа
Элгэмсүү харууслаа та нартаа хэлмээр ээ
Хорвоо ертөнц чичрэн шилгээв үү
Хайран хүний амьдрал тасарч одов уу
Дахилт Хүмүүс ээ, Тусдаан зовлон гэж үгүй ээ
Хүмүүс ээ, Таны зовлон минийх ээ
Миний зовлон таных аа Монгол түмэн санаа зовлоо
Байгалийн гамшиг гэж залбирмаар аа
Бас л хүн шүү гэж өрөвдмөөр өө
Тэнгэр газар уурсан нүргэлэв үү
Түм түмээрээ хүмүүс бурханд халив уу
Дахилт
Дэлхийн хүмүүс ээ гэж садансмаар аа
Дээрээ л наран гэж сүслэн шүтмээр ээ
Хүмүүн заяа дайвалзлаа гэв үү
Хаанахын хэн ч бидний л ахан дүүс ээ
Дахилт
Б.Дашзэвэг
дугаар 112/2399/