XIҮ Далай лам Төвдийг эрх чөлөөтэй ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй

Энэ удаа түүнийг өмнөхөөсөө тун даруухан угтаж авсан хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь Германы канцлер, хатагтай Ангела Меркель хилийн чанадад албан ёсны айлчлал хийж байгаа тул буддын шашины тэргүүнийг угтаж авч чадаагүй бол Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер ажлын шахуу графикийн улмаас уулзаж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.
XIҮ Далай лам энэ удаагийн урт хугацааны айлчлалын хөтөлбөрт Германаас гадна Англи, Франц, АНУ болон Австрали зэрэг орон багтаж байгаа аж. Энэхүү айлчлалын гол зорилго нь олон улс дахь хүний эрхийн тухай асуудлыг хөндөх юм. Ингээд дээрхийн гэгээнтэн XIҮ Далай ламын Германд айлчлах хугацаандаа Шпигель сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулья.
Танд Бээжингийн олимпын наадмын нээлтэд оролцох урилга ирсэн үү?
-Хятадууд намайг урихгүй байх шийдвэрийг гаргаснаас гадна буруутгасан хэвээр байна. Хэдхэн хоногийн өмнө Лхасын Тибет Дэйли сонинд миний зүг хурц шүүмжлэлийг нийтэлсэн байна лээ.
-Ер нь нийтлэлүүд дээр таныг гэмт хэрэгтэн, урвагч, Хүн төрхтэй ч араатан зүрхтэй гээд л янз бүрийн муу үгээр бичих юм. Энэ бүгдэд мэдээж эмзэглэж байдаг биздээ?
-Үгүй дээ. Энэ бол зөвхөн хоосон үгс юм. Намайг элдвээр хэлснээр Хятадын ард түмэнд жаргал авчирч байгаа бол үргэлжлүүлж л байг. Харин миний зүгээс хүн, араатан эсэхээ шалгуулах цусны шинжилгээ өгөхөд хэзээд бэлэн. Гэхдээ Хятадын тал намайг элдвээр дуудаж бичиж байгаа нь мөн л хүний эрхийг зөрчиж байгаа явдал гэдгийг хэлэх байна.
-Элдвээр хэлж, шүүмжилж байгаа ч Хятадын улс төрчид таньтай холбоо тогтоох оролдлого хийж байна. Таны бодлоор энэ бүгдэд ямар логик оршиж байна вэ? Тэд үнэхээр таныг Түвдийн ард түмний бослогын ард зогсож байгаа хүн гэдэгт итгэж байгаа гэжүү?
-Итгэж байгаа үгүйг би мэдэхгүй. Хэрэв итгэж байгаа бол дзлхийн энх тайвны төлөөх Нобелийн шагналыг минь хураалгах хэрэггэй. Би энх тунх байдлын төлөө энэ насны бүхий л амьдралаа зориулж ирсэн. Цаашид ч сүнс, сэтгэл минь үүний төлөө байх болно.
-Лам нарын харьцангуй тайван жагсаалын зэрэгцээ Түвдийн зарим залуучууд галдан шатаах, зодолдох тэр байтугай хүний аминд хүрэх гээд тэмцлийн хурц хэлбэрийг хэрэглэж байсныгта үгүйсгэхгүй биз дээ?
-Мэдээж зарим нэг ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. Түвдийн ард түмэн ийм үйлдэл гаргаж байсныг хараад харамсч, сэтгэл өвдөж байсан. Гэхдээ цөхөрч гүйцсэн, шаналсан хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Тэд ч гэсэн тэр улсын бүрэн эрхтэй иргэд шүү дээ. Түвдийн 200 гаруй хүн амиа алдсан мэдээлэл ирсэн.
-Мэдээллүүдээ яаж авдаг вэ?
-Гар утас, имэйлээр л авдаг даа. Гэхдээ тэр болгон тодорхой мэдээлэл авч чаддаггүй.
-Тэмцлийн тухай болон үхэж үрэгдсэн хүмүүсийн тухай мэдээ, бичлэгийг анх хараад хэрхэн хүлээж авав?
-Зөндөө их уйлсан даа. Маш их шаналж, зүрх сэтгэл минь хязгааргүй их өвдөж байсан.
-Харин уур бухимдлын хувьд…?
-Уур бол заавал ч үгүй хор уршгийг дагуулж байдаг. Миний итгэл уур бухимдлаа дарж байхад тусладаг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн хоногуудад арайхийн л өөрийгөө барьж байна.
-Саяхан таны бие төлөөлөгч Хятадын Засгийн газрын тэргүүн нартай уулзсан. Уулзалтыг та хэрхэн дүгнэж байна?
-Дүгнэлт гаргах болоогүй. Ямартай ч уулзалтын үеэр хоёр тал Түвдэд үүсээд байгаа асуудлыг намжаах аргуудыг хайх болно хэмээн тохиролцсон. Гэхдээ миний бодлоор асуудлыг тойрох биш цөмийг нь олж хэлэлцэх хэрэгтэй юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын оролцоо чухал үүрэгтэй. Дараагийн уулзалт энэ долоо хоногийн бямба гаригт болно.
-Та чухам юуг Хятадаас хүсч байна вэ?
-Хятадууд эцсийн эцэст Түвдийг эрх чөлөөтэй ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэггэй.
-Герман улсад хийж байгаа айлчлалын тухай таны сэтгэгдэл?
-Би аялах дуртай. Айлчлал гэхээсээ илүү энэ аялал болж байгаа юм. эртнээс Герман улсын соёл, түүхийг сонирхож ирсэн тул танай орон сайхан санагдаж байна. Зарим улс төрчид намайг угтаж авч, уулзаагүй явдлыг улс төржүүлэх хэрэггүй юм.
Э.Оджаргал
Дугаар 102 /9658/