Монгол Улсын хөдөлмөрийн хууль зөрчигдөж байна

Харин энэ байдлыг ашиглан тухайн ажил санал болгож байгаа барилгын компани нь Монгол Улсын хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн хүнтэй гэрээ хийх ёстой байтал, үхэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авдаг болсон байна. Энэ нь хуульд хэрхэн нийцэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т. Сайнжаргалаас тодрууллаа.
-Сүүлийн хэдэн жил манай улсад гадаад, дотоодын маш олон барилгын ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. Харин эдгээр ХХК-иуд Монгол Улсын холбогдох хуулиудыг маш их зөрчиж байна. Үүнд хяналт, шалгалт тавьж байна уу?
-Яг шулуухан үнэнийг хэлэхэд, манай монголчууд гадаадын иргэдэд маш их худалдагдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, өөрсдийнхөө нэр дээр гадаад хүмүүст ямар нэгэн ХХК-ийг бий болгож өгч байна. Гадаадын ХХК байна гээд очоод шалгалт хийхэд манай монгол хүний нэр дээр байгуулчихсан компани байдаг. Ямар нэгэн ноцтой зөрчил тухайн ХХК-д гарвал тухайн компанийг анх байгуулсан эзэнд нь л хариуцлага хүлээлгэдэг, түүнээс биш цаана нь жинхэнэ үйл ажиллагааг явуулж байгаа гадаад эзэнд нь хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг. Нэг зүйлийг хэлэхэд, манай иргэд өөрсдийнхөө нэр дээр гадаадын иргэдэд битгий компани байгуулж өгөөч гэж хэлмээр байна.
-Сүүлийн үед барилгын компаниуд хөдөлмөрийн гэрээ хийхгүй, зөвхөн барилга дээр ажиллаж байгаад амь насаа алдсан тохиолдолд манайх хариуцахгүй гэсэн гэрээг иргэдтэй байгуулдаг болсон байна?
-Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг гадаадын хамтарсан болон хөрөнгө оруулалттай компаниуд маш их зөрчиж байгаа. Тэр тусмаа барилгын компаниуд, гадаад, дотоодын энэ олон ХХК-иуд нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд, ажиллах боломжоор хангаж ажиллахгүй байна. Энэ байдлаас болж өдөрт ойролцоогоор хоёроос гурван хүн гэмтэж, бэртэж түүнчлэн амь насаа алдаж байна шүү дээ. Барилгын компани дээр туслах ажилтнаар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь 17-25 насны залуучууд байдаг. Хөдөө орон нутгаас ирж ажиллаж байгаа залуучууд орон гэргүйгээс болж тухайн ажиллаж байгаа газартаа байрлаж байсан асуудал цөөнгүй байсан. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл тухайн ажил олгож байгаа газар нь огт энэ асуудал дээр анхаарал тавьж ажилладаггүй. Хамгийн гол нь энэ олон барилгын компаниуд маш сайн хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
Б.Гуахалиун
дугаар 112/2399/